Хүн төрөлхтний хосгүй үнэт өв болох хэл шинжлэлийн олон талт байдал, олон хэлийг эрхэмлэн хүндэтгэж жил бүрийн 02 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын эх хэлний өдөр хэмээн тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэ жилийн Эх хэлний өдрийг дэлхий дахинд урьд өмнө тохиож байгаагүй хүндхэн сорилт, хямралтай тулгараад буй цаг үед тэмдэглэж байна. Энэхүү хямрал нь боловсролын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж цар тахлын оргил үед 1.5 тэрбум суралцагсдын дийлэнх нь анги танхимаас холдож, алсын зайн сургалтын шийдлийн хүртээмжгүй нөхцөлд орхигдсон үр дагавар гараад байна.
Түүнчлэн, баяр ёслол, наадмын арга хэмжээг цуцлах, бүтээгчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эдийн засгийн эмзэг байдал нь соёлын олон янз байдлыг бүхэлдээ эрсдэлд оруулж байна.
Эх хэлний хэрэглээг хөхиүлэн дэмжих гэдэг нь бүх нийтийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна соёлыг түүний бүхий л хэлбэрээр нь түгээн дэлгэрүүлэх явдал юм.
Энэ жилийн Олон улсын эх хэлний өдрийг "Боловсролын болон нийгмийн тэгш хамруулалтын төлөө олон хэлний хэрэглээг хөхиүлэн дэмжих нь" сэдвийн хүрээнд тэмдэглэж, сургуулийн орчинд болон өдөр тутмын амьдралдаа олон хэлний болон эх хэлний хэрэглээг дэмжихийг уриалж байна.
Дэлхийн нийт оршин суугчдын 40 хувь нь өөрийн хамгийн сайн ойлгодог буюу ярьдаг хэлээр боловсрол эзэмшиж чадахгүй байгаа бөгөөд энэ нь тэдний сурч боловсрох болон өв соёлоо уламжлах, соёлын илэрхийллээ хамгаалах, дэмжихэд нь хүндрэл учруулж байна.
Энэ жилийн хувьд хүүхдэд бага наснаас нь эхлэн олон хэлний боловсролыг эзэмшүүлэхэд гол анхаарлаа хандуулах, ингэснээр эх хэл тэдний хувьд үргэлжид үнэ цэнтэй өв хөрөнгө байхыг чухалчилж байна.
Боловсролын болон нийгмийн бүх хүрээнд олон хэлний хэрэглээ нь нийгмийн тэгш байдалд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг учраас ЮНЕСКО нь үүнийг хаана ч хөхиүлэн дэмжих үүрэг хүлээдэг. Тухайлбал, тус байгууллага нь бүх нийтийн мэдээлэл, мэдлэгийн хүртээмжийг сайжруулах зорилгоор цахим хэрэглээн дэх хэл шинжлэлийн олон янз байдлыг хөхиүлэн дэмждэг юм.
Үүний нэгэн адил, Уугуул хэлний олон улсын арван жил (2022-2032)-ийн хүрээнд энэхүү ажлыг манлайлах чиг үүрэгтэй байгууллагын хувьд ЮНЕСКО нь олон хэлний хэрэглээг нийгмийн, тэр дундаа уугуул хамт олны дунд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж байна.
Уугуул хэлний олон улсын арван жилийн нэгэн адил энэ өдөр бидэнд хэлний олон талт байдлыг нийтлэг өв болгон хадгалж хамгаалах явдлыг бэхжүүлэх сорилтыг дэвшүүлж байна.
Аливаа хэл мөхөхөд ертөнцийг харах, мэдрэх, сэтгэх арга зам ул мөргүй болж, соёлын олон янз байдал бүхэлдээ эргэлт буцалтгүйгээр алга болдог.
Иймд, ЮНЕСКО нь энэхүү олон улсын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан өдөр тутмын амьдралдаа олон хэлний хэрэглээг дэмжин хэлний олон янз байдлыг бүх хэлбэрээр нь тэмдэглэхийг уриалж байна.