Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь Монгол хэлний тухай хуульд заасан монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 24-нд “Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байсан бол энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд “Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэгт Хэл бичиг, утга соёлын 10 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, илтгэл хэлэлцүүлнэ. Тухайлбал:
Доктор, профессор С.Дулам “Эх хэлний өнөөгийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам”, Доктор, профессор Ж.Баянсан “Монгол хэл бол монгол соёл, сэтгэлгээний онцгой дархлаа мөн”, Доктор, профессор Ч.Жачин “Үндэсний мэдрэхүй хэлний дархлаа болох нь”, Доктор, профессор Д.Заяабаатар “Эх хэл: Үзэл хандлага, бодит байдал”, Доктор, профессор Ш.Баттөгс “Монгол хэлний зөв бичих дүрэмд тулгамдаж буй зарим асуудал”, Доктор, профессор О.Самбуудорж “Нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх асуудалд” зэрэг сэдвээр эрдэмтэд илтгэл хэлэлцүүлж, эх хэлний тулгамдаж буй асуудал, хэтийн төлөвийн талаар өөрсдийн санал бодол, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэнэ.