Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Л.Түдэв: Монголчууд дэлхийг эзэлсэн хэвээрээ байгаа

    Өнгөрсөн баасан гариг сэтгүүлч бидний хувьд баярын өдөр байлаа. Яагаад гэвэл манай редакцад нэрт сэтгүүлч, соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв зочилж, уулзалт ярилцлага хийсэн юм.

    Үнэндээ бол бид түүнийг удаан хүлээсэн. Редакцадаа урьж, үг сургаалыг нь сонсох гэж өнгөрсөн намраас залсан юм. Маш завгүй түүнд уулзалт хийх хоёр цагийн хугацаа олдохгүй байсаар ийн өдий хүрсэн гэж байлаа. Нас өндөр болсон ч хөнгөн шингэн тэрбээр өөрийн зохиол бүтээлийн дээжээс барьсаар ороод ирсэн. Л.Түдэв гуай сэтгүүлчдийн олон асуултад хариулж суух зав байхгүй гэж үзсэн бололтой. Тэрбээр “Би шууд ярина. Асуултаар яах юм бэ” гэдэг байгаа. Гэсэн ч уулзалтын төгсгөлд ерөнхий эрхлэгч маань “Та ядаж гурван асуултад хариулалгүй гарч болохгүй байх аа” хэмээснээр гурван сэтгүүлчийн асуултад хариулсан. Ингээд эрхэм зочныхоо ярьснаас товчлон хүргэж байна. Зочин уулзалтаа оньсого хэлж эхлүүлэв. “Толгой нь бүх биедээ дайсан тэр юу вэ”, “Өдөр шөнөгүй зэвсгээ агсагч тэр юу вэ” гэсэн оньсогуудыг таасан хүнд ном бэлэглэнэ хэмээсэн юм.

     -XXI зуунд хамгийн том бэлэг ном гэж байгаа. Хуучин зуунд алт мөнгө байсан. XX зуун бол пролетарийн зуун байсан. Монголчууд үүнийг үгээгүйчүүд гэж орчуулсан. Энэ үеийн үзэл сурталч онолч нь К.Маркс. Тэр “Орон бүхний пролетариуд нэгдэгтүн” гэж уриалсан. Зарим хүн хувьсгал Оросоос буюу Ижил мөрний хөвөөнөөс гарсан гэдэг. Тийм биш. Рейн мөрний хөвөөн дээрээс “Орон бүхний пролетариуд нэгдэгтүн” гэдэг үг цуурайтсан юм.

 

ЭНЭ БОЛ МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛГОДОГ ЗУУН

    К.Маркс монгол хүн байж мэднэ. В.И.Ленин монгол хүн. Тэр үед хэн ч ярьдаггүй байсан. Удам угсааг нь хөөгөөд явахаар Монгол гаралтай байдаг. Ари үндэстэн бол эртний монголчууд. Үүнийг бид мэддэггүй. Үүнийг генетикийн судалгаагаар л зөвшөөрүүлнэ. Гэхдээ маргаантай. Пролетарийн зуун өнгөрсөн. “Орон бүхний пролетариуд нэгдэгтүн” гэдэг уриа биелээгүй. Гэвч XX зууны улстөрчид биелээгүй уриа лоозонг хашхираад, онолыг нь бүх дээд сургуульд заасан. Тэр “Орон бүхний пролетариуд нэгдэгтүн” гэдэг үг нь “Орон бүхний үгээгүйчүүд нэгдэгтүн” гэсэн хувилбараар Монголын анхны сонинуудад бичигдэж байсан. Одоо байхгүй болсон байх. Энэ бол түүх байсан. Гэхдээ би түүхийг муулах гээгүй. Муулаад ч түүх хэвээрээ л байдаг. Болоод өнгөрсөн учраас өөрчлөгддөггүй. Гэтэл манай зарим сэтгүүлч өнгөрснийг муулж бичээд л байдаг. Харин одоо үеийг шүүмжилбэл засарна.

    Тэгэхээр би гурав дахь оньсогыг хэлье. Өмнөх нь хязгааргүй, дундах нь хязгаартай, хойших нь хязгааргүй тэр юу вэ?

    XXI зуун пролетарийн зуун биш. Яагаад пролетари байхгүй болсон гэхээр хөрөнгөтнүүд ядуучуудыг дунд хэмжээнд хүртэл нь тэжээсэн. Энэ зуун бол пролетарийн зуун биш когнитариатын буюу эрдэмтдийн зуун. XX зуунд байсан манай өвөг дээдэс хотоос аймаг руу ярихдаа “Байна уу, байна уу, Баянхонгор оо” гэж ярьдаг байсан. Үүнийгээ төмөр утас цохино гэдэг байсан. Одоо шууд халааснаасаа гар утас гаргаад Америкт байгаа найзтайгаа ярьдаг болсон. Тэгэхээр оюун ухаан энэ зууныг өөрчилж байгаа нь харагдаж байна. Монголчууд юм юмнаас хоцроогүй. Зохиосон зүйлийг шууд нэвтрүүлэх хэрэгтэй. Бид дэлхийн хөгжлийг хойноос нь хөөгөөд гүйцэхгүй. Яагаад гэвэл саяхан малчин байсан. Монгол хүний оюун ухаанд гүйцэж түрүүлэх ололт бий. Тэгэхээр бид дэлхийн хөгжлийг гүйцэж түрүүлэх биш, харин угтаж авах нь чухал.

    Энэ зуун оюун ухааны болоод мэдээллийн зуун. Мэдээллийн зууны хамгийн том арми бол сэтгүүлчид. Яагаад мэдээллийн зуун юм бэ. Жишээ нь хүнтэй ярилцаад сууж байхдаа оновчтой санаа олбол үйлдвэрлэл рүүгээ шууд мессеж бичээд, удалгүй үйлдвэрлэл дээрээ ирэхэд нөгөө хэлсэн санааг нь туршиж эхэлсэн байдаг. Тийм хурдан. Тэгэхээр мэдээлэл шууд үйлдвэрлэл болж хувирдаг зуун болж байгаа биз. Гэтэл манайхан хүн зодсон, алсан, хөлдсөн, осгосон гэсэн зүйлийг мэдээлэл гээд цацаж байдаг. Хөгжлийн үйл явцад хэрэгтэй тэр мэдээлэл л энэ зууны гол хүч. Нэг талаараа оюуны ололт шууд хулгайлагдаж байгаа зуун. Бусдын хөрсөнд байгаа зүйлийг эх орондоо авчирч суулгах хэцүү. Тиймээс суулгах биш шууд эзэмших хэрэгтэй.

    Мэдээллийн зууны хамгийн том арми сэтгүүлчид. Цаг хугацаа маш хурдан явж байна. Би залуу байхдаа бүжиг, танец, наргианд хамаг цагаа үрж явлаа. Гэтэл “Үнэн” сонинд ажилла гэсэн. Тэнд очтол тэргүүн өгүүллийг ерөнхий эрхлэгч хариуцах ёстой. Өдөр бүр шинэ тэргүүн өгүүлэл гаргана гэв. Бараг л бичиг үсэгт танигдаагүй хүний бичсэн юм ч ирдэг байлаа. Засаад л байна, улаан цоохор болгоод явуулна. Маргаашийн сонинд нөгөө тэргүүн өгүүлэл гарна. Хүмүүс сайн болж гэж магтаад л, нөгөө нөхөр ч би бичсэн гээд шагналыг нь авдаг байлаа.

    Хүн 50 нас хүртэлх хугацаанд алт мөнгө харьцангуй үнэтэй гэж ойлгодог. Харин 50 наснаас хойш амьдрал алттай харьцуулшгүй үнэтэй болохыг ойлгодог. Ямар ч мундаг эрдэмтэн, гоё хүүхэн байлаа ч цаг хугацаа өршөөдөггүй. Гэтэл манайхан болоод бусад оронд ч бүхнийг захирагч цаг хугацаа удахгүй аваад явна гэдгийг ойлгодоггүй. Тиймээс шалавхан юмаа хийж амжуулах хэрэгтэй.

    Сэтгүүлчдийн хамгийн чухал зэвсэг нь хэл. Шөнө ч өдөр ч бүрэн зэвсэгтэй явж байгаа хүн бол сэтгүүлч. Тэр зэвсэг нь хэл. Бусад хүн өдөр буутай явсан ч шөнө авч тавихаас өөр аргагүй. Сэтгүүлчдийн хувьд хэл нь цээжиндээ байгаа учраас байнга биед нь явдаг. Тэгэхээр хамгийн хурааж, ашиглаж болохгүй, ямар ч тээр болохгүй зэвсэг бол хэл. Тэр нь барагдашгүй их сумтай. Сэтгүүлч хүний зэвсгийн сум нь үг. Тэр бол хязгааргүй. Үг амаар гардаг. Тэгэхээр ам алдвал барьж болдоггүй. Агт алдвал барьж болдог гэдэг. Тиймээс тэр үг цээжинд байхдаа бидний өмч. Амаар гармагц бидний өмч биш дайсан, үгүй бол найз, хор болж хувирдаг. Их аюултай зэвсэг.

    Ярьж байгаа хүн бол тариа тарьж байгаа юм. Сонсож байгаа хүн тариаг хураадаг. Сэтгүүлч хүн хүний амнаас унаж байгаа бүх тариаг хурааж аваад хог өвсийг нь ялгаж аваад талх болгох ёстой. Ургацыг хурааж аваад юу ч хийхгүй бол талх болохгүй. Сонсоно гэдэг бол том соёл. Хүний ярьж байгааг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргадаг хүн олон. Манай төрийн зүтгэлтнүүдийн 90 хувь нь ийм. Яагаад гэвэл сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийн мөрөөр ажилладаггүй. Ийм сонсогч бол жинхэнэ гуйлгачин байдаг. Манай сэтгүүлзүйн нэг хохирол нь тэр сайхан тариаг юм болгож чадахгүй хүмүүс түшмэлүүд болсонд байгаа юм. Энэ харамсалтай.

    Миний үед “Үнэн” сонинд гарсан нийтлэлийн араас маш их ажил зохион байгуулдаг байсан. Ялааг сониноор цохиж алдаг, сайдыг ч бас сониноор алж болдог гэдэг яриа тэр үед гарсан юм. Сайдыг муулбал тушаал буурахаас эхлээд халагдахад хүрдэг. Одоо тийм биш болсон. Тэгэхээр сэтгүүлчдийн тарьсан тариа хөгцөрч байгаагаас ялгаагүй. Сэтгүүлчдийн байгууллагад өөрийнхөө хураасан ургацыг юм болгож ашигладаг механизм байхгүй байна. Сэтгүүлчдийн холбоо юу ч хийж чадахгүй байна. Намайг “Үнэн” сонинд ажиллаж байхад сонинд магтагдсан бол одонгоор шагнуулж, муулуулсан бол тушаал буурдаг байсан. Гэтэл одоо сэтгүүлчид буудаад л байдаг. Оносон ангийн мах нь тэнд өмхийрөөд хэвтээд л байдаг. Манай сэтгүүлчдийн маш том хохирол нь энэ. Үүнийг 20 жилийн өмнө санаатай болоод санамсаргүйгээр устгасан. Монголын бүх хяналтын байгууллагыг устгаж аудит бий болгосон. Энэ нь ямар ч нөлөө байхгүй. Аудит гэдэг нь нэрээсээ эхлээд буруу. Гадаад нэрээр нэрлэсэн болгон тэр үндэстний оюун ухаанд төлждөггүй юм. Худлаа гэвэл бид нар социализм гэж хагас зуун жилийн турш ярьсан. Гэтэл яг социализм гэж ер нь юу яриад байгааг ойлгодоггүй байсан. Ардууд бол бүр ч ойлгохгүй. Ойлгохгүй болохоор тэрийг яаж хэлэх, хийх юм. Тэгэхээр гадаад үг хэллэг хэлнэ, хэрэглэнэ гэдэг тийм аюултай. Манай сэтгүүлчид сүүлийн үед хачин муухай гадаад үг хэллэг хэлдэг болсон байна. Тэр бол буруу. Яагаад вэ гэвэл монгол хэл бол дэлхийн энэ олон хэлний өвөг эцэг нь. Тэгэхдээ яах вэ ганцаараа биш л дээ, дөрвөн өвөг эцэгтэй байсан байх. Тэдний нэг хамгийн том хэл бол монгол хэл. Үүнийг нотлох гэвэл түмэн юм ярьж болно л доо. Гэхдээ цаг алга.

    Зүгээр нэг энгийн жишээгээр хэлье л дээ. Монгол хүн гадаад хэлийг сурахдаа маш цэвэрхэн сурдаг. Англи, франц, испани ямар ч хэлийг монгол хүн маш сайхан сурдаг. Гэтэл хятад хүн монгол хэлийг хэчнээн оролдоод ч сурч чаддаггүй. Тэгваа, энгваа гээд л хачин дуудлагатай. Орос хүн бас чаддаггүй. Хэчнээн том эрдэмтэн байгаад ч монголоор ярихыг нь сонсохоор биш л байдаг. Яагаад тийм байна вэ гэвэл тэдний үг хэлэх аппарат нь сүүлийн үеийнх, харин монголчуудынх маш эртнийх. Тийм учраас бол тэр аппарат нь ямар ч авиаг зөв гаргаж чадаж байгаа юм. Зөвхөн үүнийг хэлэхэд л монгол хэл дэлхийн олон хэлний нэг өвөг хэл гэдгийг зөвшөөрч болно. Үүнийг зөвшөөрөхөөр ажиллаж байсан хүн бол Оросын эрдэмтэн Маарр байсан. Маарр бол Лениний найз, том эрдэмтэн байсан. Түүнийг, Мааррын суртлыг Сталин улс төрийн зорилгоор үгүй болгоод, “Хэлний шинжлэлд марксизм холбогдох нь” гэдэг ном эрдэмтнээр бичүүлээд өөрөө нэрээрээ гаргачихсан юм. Тэгээд Мааррын сургаалыг ерөнхийд нь унагаасан.

    Үг гэдэг үгийг аваад үзье. Үг гэдэг үг дэлхийн маш олон хэлэнд байна. Тэгэхээр үг гэдэг маань монгол хүний хэлний ганц тодорхойлолт юм. Хүн гэдэг үг дэлхийн 135-150 орны хэлэнд байдаг. Саяхан хүн улсын 2220 жилийн ойг тэмдэглэсэн. Тэр бол наанаас авсан тоо л доо. Хүн гэдэг үг дэлхийн том том орнуудын хэлэнд байдаг. Худлаа гэх юм бол дэлхийн том соёлтой францууд хүн төрөлхтнийг яагаад хуманитэ гэж байгаа юм. Хуучин үсгээр хүн гэдгийг хүмүүн гэдэг шүү дээ. Хүн төрөлхтнийг хуманитэ гэдэг. Хүмүүс бодохдоо франц хамгийн том соёлтой орон, тэндээс бүх юм гарсан гэж боддог. Гэтэл хүн төрөлхтөн гэдэг үгээ Монголоос авсан байгаа юм. Цаана нь зөндөө орны хэлэнд хүн гэдэг үг байгаа. Англи хэлэнд ч бас байна. Жоохон жоохон хувираад л байж байгаа. Тэгэхээр дэлхийн эзэн бол хүн. Тэр хүний нэрийг монгол хүн, хүн гэж нэрлэсэн байна. Энэ нэр нь дэлхийн олон хэлэнд тарсан. Энэ нь монголчуудын хэл хоцрогдсон гэсэн шалтгаан болохгүй шүү дээ. Түүн шиг маш олон хэл дэлхийд бий.

    Монгол шар сонин, завхай сонин уншдаг хүнээр дүүрэн. “Шар сонин” гэж юу байдгийг ч мэдэхгүй байж уншаад л байдаг. “Жёлтый пресс” гэж баруун зүгт хэлдэг. Гэтэл Монголд шар гэдэг их өөр юм. Хуучин шар цаасан дээр гэмт хэргийн нүгэлтэй хүмүүсийг цаазлах тухай бичдэг байсан. Тийм юмыг аваад шар сонин гэчихсэн, уламжлалаа мэдэхгүй хүмүүс олон болчихсон. Тэгээд аав, ээжээ муулаад байдаг. Гэтэл бидний аав, ээж дэлхийн талыг эзлээд дэлхийн гуравны нэгийг бий болгосон үндэстэн шүү дээ. Дэлхийд монголоид, негридүүд, цагаан арьстан гэсэн гуравхан үндэстэн байгаа. Дэлхийн хүн амын ихэнх нь монголоид арьстан байгаа юм. Хятад, Япон, Дундад Азиуд монгол царайтай. Америкийн хүн амын 15 хувь нь монгол. Индианууд гээд нэрлэчихсэн. Тэд яг Баруун Монголынхон шиг царайтай байдаг. Яагаад индианчууд гэсэн бэ гэхээр Европынхон тэр оронд очоод нээхдээ танихгүй байсан. Энэтхэгийг мэдэж байсан, тэгээд энэтхэгчүүд байна гээд индианчууд гээд нэрлэчихсэн. Америкийн хүн амын 15 хувь гэдэг маш их тоо. Би тэдний дунд орж явж байхад намхан нуруутай, хөх царайтай дөрвөдүүд шиг л харагдаад байдаг. Тэнд тэлэнгэд гэдэг овог байдаг. Увсад тэлэнгэдүүд бас байдаг. Намайг залуучуудын байгууллагын дарга байхад нэг эвлэлийн үүрийн дарга нь тэлэнгэд хүн байсан. Хорин мянган жилийн өмнө, дөчин мянган жилийн өмнө Аляскаар дамжаад нүүгээд хойд талд очоод суучихсан улсууд байгаа юм. Монгол хүн үүгээрээ бахархах ёстой юм. Түрүүн надаас “Эх орон” телевизийнхэн асуугаад байсан, би хэлсэн. Монголчууд дэлхийг эзэлсэн хэвээрээ байгаа гэсэн чинь гайхаад байгаа юм. Одоо ч би хэлэхэд бэлэн байна. Яагаад вэ гэвэл Америкт 15 хувь нь, Европ, Орос, Египет, Дундад Азид генийн судалгаагаар үзэхэд 17 сая хүн С3 гэдэг гентэй байсан. Тэр нь Чингисийн ген гэж үзэж байгаа. Энэтхэгт бол түүнээс олон 35-аад сая гарч байгаа юм. Хятадад бол бүр их. Гэхдээ хятадууд нуудаг. Монголчуудыг аль болохоор дардаг улс бол Орос, Хятад хоёр. Дарахгүй л бол эд нар баллана гэдэг түүхэн сургамж үлдсэн болохоор тэр. Монгол хүнийг таван саяас илүү гаргаж болохгүй гэдэг хар хайрцагны бодлоготой. Тэгээд ч таван сая хүрч чадахгүй байна л даа. Гурван сая хүрэх гээд байдаг. Гэтэл хорин жилийн турш хүүхнүүд нь аборт хийлгээд нэг сая хүүхдийг ээжээс нь төрүүлэлгүй хөнөөсөн. Аборт зөвшөөрдөг хэдхэн зүйл байдаг юм. Үүнийг нь зөвшөөрөөд бусдыг нь хорих хэрэгтэй. Тэгээд архичны гарт, авто ослоор хэдэн зуун мянгаараа үхсэн. Энэ хорин жилд шүү дээ. Би тоо гаргаад бичсэн. Нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гардаг. Ингээгүй бол 2000 он гэхэд монголчууд таван сая хүрсэн байх байсан. Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт монголчууд байгаа. Тэднийг монгол хүн гэдгийг нь нотлох ёстой юм. Харин сүүлийн үед Санчирмаа гэж эмэгтэй “Тасам” гэдэг хөдөлгөөн зохион байгуулаад Дундад Азиар яваад монголчуудыг судлаад байгаа. Иранд очиход нь нэг сүмд хоёр монгол хүний занданшуулсан шарил байна гэнэ. Тэр нь Ираныг манайх захирч байх үеийн монгол ноён байна.

    Тэнгэр гэдэг үг маш олон хэлэнд байдаг. Зарим нь монгол биш гээд байгаа юм. Бид нар харамсалтай нь дэндүү ойрын хараатай болчихсон. 800 жилийн өмнөхийг л яриад байдаг. Сая арай гэж 2220 жилийн өмнөх үеийг ярилаа. Тэгэхэд тэр Модунь Шаньюгаас өмнө түүний эцэг Түмэн гэдэг монгол хүн байсан шүү дээ. Түүнээс ч өмнө Хүннү гүрэн байж л байсан. Модунь Шаньюгийн үед л мандаж байсан болохоор Хүннүгийн 2220 жилийг тэмдэглэлээ. Түүхээ судалдаггүй. Хамаг түүхийн номыг маань хятадууд шатаачихсан. Зарим үлдсэнийг нь архивтаа цоожилчихсон. Оросууд бас адил. Тэгэхээр тэнгэр гэдэг үг монгол үг хэвээрээ. Тэнгиризм гэдэг шүтлэг байсан. Харин сүүлийн үед овоо сэргэж байна. Түүнээс лалын шашин байгаагүй, буддын шашин ч байгаагүй. Буддын шашин бол монголчуудын зоригийг мохоохын тулд хятадуудын нэвтрүүлсэн шашин. Лал, Христын шашин бас адилхан. Түүнээс өмнө байсан тэнгиризм монголчуудын гол шашин байсан. Тэр нь хөгжөөд бөөгийн шашин болчихсон. Бөөгийн шашныг, шарын шашин дарсаар байгаад устгасан. Дараа нь хувьсгалын үед бас дарсан. Одоо харин бөөнүүд гарч ирж байгаа ч жинхэнэ бөө биш байна. Жинхэнэ бөө бол яг байгалиас төрдөг ёстой. Түүнээс шавар дөрвөн хананы дунд сууж байгаа биднээс төрөхгүй. Байгалиасаа энерги, эрчим хүч авч байж бөө болдог.

    Сэтгүүлчдийн зэвсэг бол их эртний бөгөөд маш хүчтэй зэвсэг. Монгол хэлийг хаях гээд байх шиг байгаа юм. Тэгвэл тэр жинхэнэ үндэстний дайсан мөн. Үндэстнийг тодорхойлдог хэдхэн юм байдгийн нэгдүгээрт хэл орно. Хэвлэлийнхнийг харж байхад хачин завхарсан үг хэллэг хэлж байна, тэгж болохгүй. Дөчин он хүртэл гадаад үг авдаггүй байсан юм. Коммунизм гэдгийг эв хамтын нийгэмлэг, социализм гэдгийг нийгэм журам гэж авъя, тэр нь арай ойлгомжтой гэж байлаа. Тэгсэн 1940-өөд оны үед Оросын нөлөө, Коментерний нөлөө, хойно сурч ирсэн оюутнуудын гайхуулдаг байсан орос үг нэвтэрсээр байгаад кино, радио гээд баахан үг ороод ирсэн. Одоо түүнээс ч дор өөр үгнүүд оруулаад ирсэн. Менежер гэнэ. Түүнийг Галсан зохиолч шүүмжлээд мэмэнжер болгосон байна билээ. Монголд байхгүй үг гэж байхгүй. Монгол хүн өөрөө мартчихсан байгаа юм. Хэлд ороогүй хүүхэд зөндөө байна, тэр ч байтугай хэлд ороогүй хөгшин зөнөгүүд олон байна. Хэлийг заяамал, сурмал гэж хоёр ангилдаг. Заяамал хэлээ хаямааргүй байна. Орос, монголчууд Европ л гэхээр мундаг гээд бодчихсон. Монгол гэхээр хоцрогдмол гээд бодчихсон. Гэтэл Монголын хуучин юмыг үзэхээр европчуудын бүх аймшигтай юмыг манайхан биччихсэн байгаа. Гэтэл бид өөрсдийнхөө юмыг уншдаггүй, мэддэггүй, судалдаггүй.

    …Хамгийн тэнэг юм шиг зүйл хүртэл маш чухал байдаг. Малчин хүн маш их эрдэмтэй байдаг. Яагаад гэвэл тэр хүн амьдралын асар их туршлага хуримтлуулсан байдаг. Хүнд хоёр багш байдаг. Эхнийх нь түр багш буюу цэцэрлэгийн, их сургуулийн, арван жилийн багш. Энэ багш нар заах цагтаа заагаад л өнгөрнө. Өөрийн заасан зүйлийг эргүүлж сурагчаас асуун дүгнэдэг. Өөрийнх нь зааснаас өөр зүйл яривал муу тавьдаг ч багш бий. Харин хоёр дахь багш бол амьдрал. Амьдрал бол мөнхийн багш. Ялангуяа сэтгүүлч хүн амьдралын мөнхийн сурагч байх ёстой. Ямар нэгэн үйл явдлыг дүгнэлтгүйгээр реакцигүйгээр орхиж болдоггүй. Одоо үл мэдэгдэгч жижиг зүйл ирээдүйд агуу юм болно гэдэг диалектикийн хууль байдаг. Үүнийг та бүхэн мэдэж байх хэрэгтэй. Тэр жижиг юмыг анзаарахгүй л байвал тэр ирээдүйд аюул болдог. Тиймээс сэтгүүлч хүн амьдралд гярхай байх ёстой. Молдавын нийслэл Кишинёвт Монголоо хадгалсан хэсэг хүн байгаа юм. Монголчуудад сайн хөөгөөд үзвэл бахархах зүйл их байна. Ихээр барахгүй дэлхийн эзэн хэвээрээ байна. Зэвсгээр биш оюун ухаанаар эзлэхэд бэлэн болчхоод байна шүү дээ. Монгол хүний толгой маш өвөрмөц гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь бид энэ оюун ухаанаа ашиглаж чадахгүй байгаа юм. Толгойд хэдэн сая мэдээлэл тээгч байдаг. Үүнийг бүгдийг нь ашиглах хэрэгтэй. Ойлгогдохгүй байж мэднэ л дээ. Японы жишээгээр авч үзье. Япончууд хэтэрхий цэвэрч болж бүх юман дээр ярвайгаад айхавтар цэвэрч болж л дээ. Гэтэл тэд гэнэт тасралтгүй өвдөх болсон. Энэ талаар судлаад үзэхэд “Цэврийн өвчин” гээч юм илэрсэн. Яагаад ингэсэн бэ гэхээр хүний организмд бохир юм орж ирвэл устгадаг программ байдаг. Бохир орж ирэхгүй болохоор нөгөө программууд нь унтаад өгсөн хэрэг. Тэгээд өвчин тусах болж. Хүн бол маш нарийн програмчлагдсан гэдэг нь бичээстэй байхад үүнийгээ ашигладаггүй.

 

СЭТГҮҮЛЧИД ЭЭ, ШИНЭ ҮГ ХЭРЭГЛЭЭНД ОРУУЛЖ ИРЭЭЧ ЭЭ

    Сэтгүүлч хүн олон талын зүйлийг мэддэг, үгийн баялагтай байх хэрэгтэй. Үг гээч сумыг уран чадварлаг ашигладаг байх ёстой. Хэдхэн үгээр бичдэг сэтгүүлчид маш олон байна. Сонин уншаад үзэхэд л мэдрэгдэж байна. Тоотой хэдэн үгэнд л эргэлдэж байна. Шинэ үг байхгүй. Хуучны шүдгүй шахуу болчихсон хэдэн үг. Би тэгэхээр сэтгүүлчдэд шинэ үг хэрэглээнд оруулж ирээч ээ гэж захимаар байна. “Монголын нууц товчоо”-нд л гэхэд 8144 үг байдаг. Энэ бол том зохиол биш. Мөн манайд эрэмдэг зэрэмдэг толь бичиг их байна. Жишээ нь Ц.Цэвэл гуайн толийг үзэхээр өвөө гэдэг үг байдаггүй. Гэтэл эмээ гэдэг үг нь байж байгаа юм. Ц.Цэвэл гуай өвөөд дургүй биш шүү дээ. Тэгэхээр нь Дамбажавын толийг үзлээ. Тэгсэн бас өвөө байхгүй. Тэгэхээр Цэвэл гуайн толийг хуулсан нь харагдаж байгаа биз. Иймэрхүү л байгаа юм. Сэтгүүлч хүн юм уншихгүйгээр, ярихгүйгээр үгийн баялаг нэмэгдэхгүй. Тиймээс толгойгоо үгээр цэнэглэх хэрэгтэй. Хүнийг яг ярьж байхад нь тогтоож авахгүй бол болдоггүй юм. Би жаахан байхдаа хүний ярьж байгаа зүйлийг компьютер шиг толгойдоо бичиж авдаг байлаа. Тэгээд л 20 хүрээгүй байхдаа “Уулын үер” романаа бичсэн юм. Намайг хүмүүс гайхдаг байлаа. Ийм жаахан байж яаж роман бичдэг байна аа гэж. “Ийм хачин том юмнууд бичиж байдаг, өөрөө үзсэн юм шиг бичдэг” гээд л. Би тэр зүйлсийг үзсэн хүний амнаас тогтоож аваад бичиж байгаа юм чинь, тийм болох нь аргагүй. Ингэхээр сэтгүүлч хүнд ийм чадвар бас хэрэгтэй юм. Хүнд хэрэггүй юм гэж байдаггүй. Нэг л өдөр хэрэг болдог.

    “Хар” гэдэг нь монголчуудын хамгийн их хэрэглэдэг үг. Энэ үг 95 хувилбартай. Цагаан гэдэг үг 80 гаруй хувилбартай байна. “Хар”-аас арай бага. Тэгэхээр амьдралд цагаанаасаа хар нь их байгаа нь харагдаж байгаа биз. Хүн төрөлхтний анх ялгаж таньсан юм нь хар, цагаан хоёр. Хар гэдэг үг хойд туйлд, Өмнөд Азид байгаа. Хар үйл явдлын мэдээ нь цагаанаасаа олон байгаа юм.

    “Өмнөх нь хязгааргүй, дундах нь хязгаартай, хойших нь хязгааргүй”. Энэ оньсогын хариу бол цаг хугацаа. Бидний одоо цаг бол хязгаартай. Хүн хамгийн урт насаллаа гэхэд л 100 гаруй насална шүү дээ. Тиймээс одоо цагт ихийг амжуулах хэрэгтэй. Юмаа цагт нь хийхгүй алдчих юм бол хэцүү. Одоо удирдах албаны хүмүүсийг харахад миний таньдаг хүмүүс байхгүй. Шинэ үе гараад ирчихсэн. Ахмадын цаг улирчихсан гэсэн үг шүү дээ.

    Монгол хэл залгамал хэл. Бусад хэл угсармал. Монгол хэл баялаг хэл учир сэтгүүлчид үг үйлдвэрлэгчид байх ёстой юм. Үг муутай сэтгүүлч бол ядуу сэтгүүлч.

    Би 33 боть ном гаргаад байна. “Шүлэглэсэн тууль” гэж боть бий. Монгол хэлний баялгийг өргөн дэлгэр гаргасан. Ганц үгээр шүлэг, өгүүллэг бичиж болж байна. Ингээд бич гэхээр залуус бичиж чадахгүй байгаа юм. Монгол хэлээ сэтгүүлч хүн бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэл муутай, мохоо, зохион бүтээх чадвар муутай байх болно. Монгол хэл маш олон хувилбартай. Могол хэл гэж бий. Энэ хэлээр Афганд байгаа монголчууд бичдэг. Монгор хэл гэж бас бий. Энэ хэлээр Хятадын баруун Шиньжаны хязгаарынхан ярьж байна. Эдгээр хэлийг судалж үзэхэд эрдэмтдийн зарим онол худлаа болоод байгаа юм. Жишээлбэл, гэдэстэй “ф”-гээр эхэлсэн монгол үг мэдэх үү. Ийм монгол үг байхгүй. Гэтэл монгор хэлэнд байсан. Хэл улам энгийн болох зүг рүүгээ хөгждөг. Бусад нь улам нарийн болох зүг рүүгээ шилжинэ. Манайхан бас в үсгийг хаясан. Цагаан толгойд ф, в гэсэн хоёр үсэг байгаа. Үүнийг би буруу гэж боддог. Монгол хэлэнд хэрэглэдэггүй ф, в, щ гэсэн гурван үсэг бий. Хэрэглэдэггүй үгнүүдээр танай сонинд өгөх гэж шүлэг бичсэн юм.

    Сүүлийн үед гасан хүүхдүүд гэж ганц хоёр сэтгүүлч сонинд бичсэн байна. Гасан хүүхэд гэж онцгой авьяастай хүүхдүүдийг хэлдэг. Тэгэхээр энэ үгнүүдээр шүлэг бичсэн зохиолч байхгүй. Ингээд бичихээр шүлэг болж л байгаа юм. Ц.Дамдинсүрэн гуай онцгой мэдлэг авьяасаар шинэ үсгийг Монголд нэвтрүүлсэн. Гэхдээ өөрөө “Бүрэн төгс болоогүй юм шүү, болгоорой” гэж хэлсэн л дээ. Гэтэл түүнээс хойш хагас зуун илүү жил хэн ч үүнийг засаагүй. Тийм учраас Цагаан толгойд нь баахан хэрэггүй үсэг байгаа юм. Хэл ярианы хэлнийхээ дагуу явах ёстой. Харин шинэ үсэгт орсны гавьяа нь дуудлага, бичлэгийн зөрүүг арилгасан. Англи хэл дуудлага, бичлэгийн маш их зөрүүтэй, бүдүүлэг хэл шүү дээ. Франц хэл мөн адил. Испани хэл арай гайгүй. Франц хүүхнүүд хоол, хэл хоёроо далтигануулсаар байгаад юу ч биш болгосон. Өвөрхангайнхан саяхан хүртэл “явдага, байдага” гэж ярьдаг, бичдэг байсан. Одоо ингэхээ больсон. Бичлэг, дуудлагыг ижил болгосноор омог отгоороо хачин хачин ярихыг болиулсан.

    Толгой нь бүх биеийнхээ дайсан тэр юу бэ?

    -Чүдэнз.

    -Хүн

    Хүнийг шатаадаг юм толгой. Толгойноос бүх муухай, сайхан, харгис, энэрэнгүй юм гардаг. Тэр тусмаа сэтгүүлчдийг шатаах зүйл толгой нь. Бас толгой дотроо ам. Амаар муухай, сайхан бүх юм гарна. Ам шиг аймаар юм байхгүй. Муухай, сайхан аль алинд нь захирамж хэрэгтэй. Амаар бүх сайхан хоол орно, түүнтэй хамт бүх нян, вирус дамжина. Ам хүнийг мандуулж ч чадна, шатааж ч чадна. Сэтгүүлч хүн амаа захирч байх ёстой. Ам дуугүй байгаад байвал хэнийг ч шатаахгүй. Дуугүй суусан бол гавьяа гэдэг. Гэхдээ энэ харьцангуй юм. Дуугарах ёстой юмандаа дуугарахгүй бол аюул. Энэ амнаас гардаг сум бол үг. Жишээлбэл, хар гэхэд хэчнээн хувилбар байна. Хүн маш нарийн зохион байгуулалттай, есөн нүхтэй. Түүнээс хамгийн аюултай нь ам. Дов тойрсон долоон нүх. Хамрын хоёр нүх. Яагаад хоёр байна гэхээр үнэрийн хэл гэж бий. Үнэрийн хэлийг мартаагүй нь амьтан байна. Харин үнэрийн хэлийг хүн мартсан нь харамсалтай. Соёл иргэншлийн хөнөөл хэдэн үе дамжиж илэрдэг болохоор мэддэггүй. Хоёр нүд байна. Энэ бол хамгийн том зэвсэг. Нүд хүний хөгжлийн 90 хувийг бүрдүүлдэг. Хоёр чих байна. Энэ хорвоогийн бүх л дуу чимээг сонсдог. Эдгээр эрхтнийг яагаад яриад байна гэхээр сэтгүүлч хүн өрөөсгөл бичээд байдаг. Дүрсийг нь бичээд, өнгө, үнэр, дуу шуугианыг нь бичдэггүй. Хотын хүүхдүүд гол усны дуу шуугиан, шувуудын жиргээг ойлгоход хүнд л дээ. Гэхдээ сэтгүүлчийн бүтээлд ямар нэг хэлбэрээр туссан байх ёстой. Улаанбаатарын дуу шуугиан залуусын сонсголыг эвдэж байна. Энэ талаар хэн ч бичдэггүй. Ямар ч хэрэггүй үед жолооч нар чагнаалаа дуугаргаад байдаг. Байгалийн биш дуу шуугианаар хүний байгалийн эрхтэнг хохироож байна. Хөдөлдөггүй түшмэдүүдээс болоод энэ өөрчлөгдөхгүй байна. Улаанбаатарт муужирч унамаар бүдүүлэг өнгөтэй байшин барилга байна, энэ тухай сэтгүүлчид бичдэггүй. Байгалиас өгсөн эрхтнээ бүрэн ашиглахгүй байна.

Та бүхний мэддэг зүйлийг л ярьсан байх. Мэддэггүй зүйл ярих гэхээр шинжлэх ухаан болно. Энэ заримдаа амьдралд хэрэггүй. Амьдралд хэрэгтэй юмыг л ярихын тулд сэтгүүлчид байгаа. Амьдралд хэрэгтэй юмыг хийхийн тулд л засаг төр бий. Гэтэл амьдрал мэдэхгүй юмнууд дээр суучхаад л. Архины хуулийг дахиж шинэчилнэ гэнэ. Үүнээс өмнө хуурай хууль гаргах ёстой. Гэтэл УИХ-ын гишүүдийн олонх нь архины үйлдвэр, компанитай болохоор зөвшөөрдөггүй. Олон нийтийн газар, онгоц, галт тэрэгний буудал зэрэгт ууж болохгүй гэсэн хуурай хууль гаргах хэрэгтэй. Найр наадмын үеэр ч хэмжээтэй уухыг хуульчлах ёстой. Сая Хөвсгөлд хуурамчаар үйлдвэрлэсэн 8000 гаруй шил архи хурааж авч устгалаа. Эдгээр архийг уусан бол нэг аймаг юу болох вэ. Архины үйлдвэрүүдийг яагаад хаахгүй байна гэхээр төсөв бүрдүүлдэг, түшмэдийн эрх ашгийн зөрчил байна. Хуурай хуулийн тухай бичиж байгаа ганц ч сэтгүүлч алга. Архийг жижигхэн шилэнд үйлдвэрлэж, хямд үнээр зардаг болсон. Ийм жижиг шилэнд үйлдвэрлэх нь зөвхөн бэлэг дурсгалын зориулалттай байх ёстой. Энэ тухай огт хөндөхгүй байна. Юм бүхэн эм, юм бүхэн хор. Зөвхөн хэмжээ хэрэгтэй гэж эртний Грекийн эрдэмтэн хэлсэн байдаг. Миний бүх найз зохиолч архинаас болж дээд тэнгэрт явчихсан. Сэтгүүлчийн үзгээс гарч байгаа үг ч гэсэн хэмжээ, хязгаартай байх ёстой. Үнэнийг нь гаргаад бичихэд л сэтгүүлч биш, уншсан хүн бухимдаж байхаар бичих хэрэгтэй. Түүнээс сэтгүүлч хараагаад байх хэрэггүй. Хараал бол хоцрогдсон үзэгдэл.

Эрдэмтэн зохиолч Л.Түдэв ийнхүү сэтгүүлчдэд хэлэх гэснээ товчлон хүргэлээ. Үүний дараа ерөнхий эрхлэгчийн хүсэлтээр гурван сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

 

МОНГОЛЧУУД ЗҮГЭЭР Л ЭЛСЭЭ ИДЭЭД СУУЖ БОЛНО

-Манайхан улс орны хөгжлийг материаллаг зүйлээр хардаг болж. Хөгжил гэдгийг та яаж харж байна. Ер нь хөгжил гэж юу юм бэ?

    -Даяарчлал гэдэг дэлхийг эзлэх бодлого. Том гүрнүүдийн хуйвалдаан. Хөгжлийнхөө хурдаар дэлхийг эзлэх зорилготой. Даяарчлалын цаад утга нь том гүрнүүд нийлж байгаад жижиг улсыг өөртөө уусгах. Ингэхдээ хүчээр бус соёл урлаг, хөгжлийнхөө ололтоор. Бидний өмсөж байгаа бүх юм монгол биш. Хэрэглэж байгаа бүх юм, дуулж байгаа дуу ч монгол биш. Ийм боловсон аргаар өөрсдийн бүтээгдэхүүнийг түгээж байна. Манай улсад коко кола уух дургүй залуус байхгүй. Гэтэл ингэний хоормог, гүүний сүү байна. Гүүний сүү уудаг байхдаа монголчууд өвчин тусдаггүй, эмч байхгүй хэрнэ бүх насаараа эрүүл явдаг байлаа. Гэхдээ даяаршихаас өөр аргагүй зүйл гэж байна. Та бүхний өмсөж буй хувцсыг тайлаад, хүчээр монгол дээл өмсгөх аргагүй. Авдаг юмаа авна. Гэхдээ дангаарших юмтай байх ёстой. Дангаараа бас дангаарших ёстой. Монгол хэд хэдэн юмаараа дангаарших ёстой. Шотланд виски байна. Энэ вискигүйгээр дэлхий амьдрахгүй. Эсвэл Голланд бяслаг. Энэ бяслаг дэлхийн бүх зоогт байдаг. Энэ мэтчилэн Монгол дангаарших зүйлтэй байх ёстой. Ядаж морин хуураа авч үлдэх ёстой. Дэлхийн бодлогыг хэдхэн хөрөнгөтөн л зохицуулж байгаа шүү дээ. Нэг хэсэг нь зэвсэг, техник технологи, эд хөрөнгө үйлдвэрлэж байна. Энэ бүхнээс улс орноо хамгаалах хэрэгтэй. Хамгаалахад газрын баялаг аюултай. Дуусчихна. Богд уулаас урагш хүний нутаг шиг л болжээ. Биднийг аврах юм нүүдлийн мал аж ахуй. Хэрвээ мал байхгүй байсан бол хоёр том гүрний дунд манайх балрах байлаа. Хэрвээ малаа орхивол манайд хонины мах хэн өгөх вэ. “Таван эрдэнэ” хөтөлбөрийг би сайшааж байгаа. Бодлого боловсруулахад нь ч оролцсон. Малчин хүн ямар их эрдэмтэй байдгийг харуулсан “Малчин “Ө”-гийнд зочилсон нь” гэж ном бичсэн. Бид хэд хэдэн зүйлээр дангаарших боломжтой. Ноолуураар дангааршиж болно. Гэтэл Хятад үүний эсрэг манай ноолуурыг хэдэн тонноор аваад нөөцлөөд байна. Дэлхий дулаарч, далайн ус дээшлэх юм бол Япон, Хятад хоёр усан дор орно. Тэгэхээр далайн ус цаашаа Их нууруудын хотгорт хүрнэ. Тэр үед Алтай, Хангай, Хөвсгөлийн ууландаа амьдарна. Тэнд амьдрахад адуу, тэмээ хэрэггүй. Сарлаг, ямаа хоёр л үлдэнэ. Одоо сарлаг үржүүлэх ажлыг хятадууд маш их хийж байна. Яагаад гэхээр тэд Төвдийн өндөрлөгт амьдарна. Тэгэхэд сарлаг хэрэгтэй. Арьс, сүү, мах нь хэрэгтэй. Улс төрийн бодлого тийм байдаг. Боловсрол гэдэг оюун ухаанаа хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой. Тэр нь амьдралд хэрэгтэй байх хэрэгтэй. Дээд сургууль болгон дэргэдээ лабораторитой байх хэрэгтэй. Энэ тухай би “Дал” сонинд бичээд л байдаг. Ямар ч өөрчлөлт гардаггүй. Гэхдээ би “Дуугүй байснаас хэлж байгаад үхсэн нь дээр” гэсэн лоозонтой. Надад хэлэх эрх бий. Даанч хийх эрх алга. Хэрвээ хийх эрх байсан бол ч. “Өвлийн наран илчгүй, өвгөн хүн өнгөгүй” гэдэг болоод байна.

-Та Залуучуудын эвлэлийн байгууллагыг олон жил удирдсан. Тэр үеийн залуус, өнөө үеийн залуусын зорилго мөрөөдөлд ямар ялгаа байна вэ?

    -Асар их ялгаатай. Миний үед байсан Эвлэлийн залуусыг загнахыг нь загнаж, ажиллуулахыг нь ажиллуулна. Гэхдээ муухай үгээр загнахгүй, шог үгээр хэлэхээр толгойд нь сайн буудаг байсан. Тухайлбал, тамхи татдаг нэг ажилтан маань төсөл бичээд надад үзүүллээ. Тэгэхээр нь би “Цонх онгойлгоод наадахаа тавь. Тэгээд үнэрийг нь гарахаар өг” гэх мэтээр хэлнэ. Тэр үедээ заримынх нь уур хүрдэг байсан байх. Одоо бүгд том аж ахуй эрхлэгч болсон байна. Тухайн үед би таван хошуу малаа арван хошуу болгоё гэсэн уриа дэвшүүлэв. Тэгээд загас, зөгий, цэцэг, гахай, тахиа үржүүлэх гэж орос сэтгүүл захиалж, эвлэлийн гишүүдэд хүчээр шахуу уншуулна. Тэгсэн “Түдэв дарга загас идүүлэх гэж аквариумд загас үржүүлж гэнэ” гээд онигоо гарсан. Цэцэг тариулах гэж бөөн юм болно. Заримыг нь зөгийчин болгосон. Тэгсэн зах зээлд орсны дараа “Цэцэг” төв гэх зэрэг цэцэг зардаг газар энд тэнд бий болсон шүү дээ. Одоогийн залуус шинэ тогтолцоонд орсон. Биотехнологи, электротехнологи хамгийн чухал. Нийгэм, эдийн засгийн ухаан ямар ч хэрэггүй. Хууль гууль болчихдог. Тиймээс нано технологи нэн чухал. Манай улс зүгээр л элсээ идээд сууж болно. Өөрөөр хэлбэл, элсэн дээр ургадаг сульхирыг түүж аваад, гурил үйлдвэрлэж болно. Монголын 1/3 нь элсэнд эзлэгдэх гэж байна. Эсвэл элсний технологиор шил хийж болно. Өнөөгийн залуус энэ чиглэлд тархиа ажиллуулах ёстой.

-Та хэд хэдэн сэдвээр сэтгүүлчид бичихгүй байна гэлээ. Үүний шалтгаан нь сэтгүүлчид үнэнийг бичихээс айдаг, ямар ч эрх мэдэлгүй болсонтой холбоотой гэж бодож байна уу?

    -Сэтгүүлчдийн олонх нь шүдгүй байна. Хэвлэл мэдээллийн албыг нэг ноён бариад сууж байна. Тэгээд өөрийн эрх ашигт нийцэхгүй бол гаргахгүй гэдэг. Тэдний захиргаанд орсон. Ийм нөхцөлд сэтгүүлч шүдгүй байхаас аргагүй. Сэтгүүлчдийг хамгаалах байгууллага байхгүй. Сэтгүүлчийн мөрөөр ажиллах, хэлснийг нь юм болгодог газар гэж байхгүй. Сэтгүүлч даргаас гадна өөрөө өөртөө цензур тавих болсон. Зоригтой бичих хэрэгтэй, гэхдээ гүтгэж болохгүй, яг үнэнийг бичих ёстой. Хүнийг доромжлох, муулах хэрэггүй. Яг зураад л харуулчих. Тэгэхээр уншигч хүн хараад уур нь хүрдэг. Сэтгүүлч хүн гудамжинд нэг хүн бөгсөө гаргаад бааж байна, тэгээд нүдний шилтэй нэг өвгөн нөгөө баасан дээр гишгэчихлээ, тэрийгээ мэдэхгүй нөгөө өвгөн нэг яаманд орчихлоо гэж бичиж яагаад болохгүй гэж. Гудамжинд явж байхад ийм зүйл олон байна. Үүнийг хэлж байгаа хэн ч алга. Ядаж үнэгүй бие засах газар байхгүй. Яагаад үнэ авах ёстой юм. Хурц дайчин бичих хэрэгтэй. Тэгвэл тэгээд л болно. Асуултыг товч тодорхой тавих хэрэгтэй. Сэтгүүлчийн биеэ хамгаалах гол зэвсэг энэ. Би айхгүй л бичдэг байсан. “Өөрсдийн буруугаас болж хоцрогдож байна” гээд бичсэн. Тэгсэн олон хүн утасдаж, би хоцрогдоогүй, дээд сургууль төгссөн гээд бөөн юм болсон. “Намыг та хааш нь авч явах гэж байна” гэж загнаад л. Намайг сонины эрхлэгч байхад маш олон удаа дуудаж байсан. Салбараа дарга нар их хамгаалдаг байлаа. Сэтгүүлч хүн яг үнэнийг бичвэл дарга нар яаж ч чаддаггүй. Монголын олон дарга нар хэрэгт холбогдоод шоронд орох юм тэгээд удахгүй бие нь муудаад эмнэлэгт очно. Тэгэхээр нэг бол Монголын шорон тамын газар ямар ч мундаг хүнийг хэд хонуулаад өвчин тусгадаг, үгүй бол Монголыг өвчтэй дарга нар удирдаж байна. Гэтэл аль аль нь биш байгаа юм. Ядуу нэг нь тарчлаад л байж л байдаг, гэтэл дарга нар яагаад байгаад байж чадахгүй байна. Шорон бол тэжээдэг биш, хөдөлмөрөөр хүмүүжүүлэх лагерь байх ёстой. Систем буруу байна.

“Өдрийн шуудан” сонин

2012 он №070 

Top