Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН “ТӨРИЙН АЛБАН ХЭРГИЙГ КИРИЛЛ БОЛОН ҮНДЭСНИЙ ХОС БИЧГЭЭР ХӨТЛӨН ЯВУУЛАХ” ЗААЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

 

Монгол хэлний тухай хуулийн 7.2-т, Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна; 24.2-т, Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө; “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.3.9-т, Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахын тулд төрийн захиргааны байгууллагуудад эх зохиогчийн орон тоо бий болгож, кирилл, монгол үсгийн хөрвөх программыг ажиллуулах бэлтгэл хангана; гэж тус тус заасны дагуу төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх ажил өнөөдрөөс эхэллээ.

Монгол хэлний хуулийн дээрх заалтын хэрэгжилтийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл нэгдсэн зохицуулалтаар ханган Улсын хэмжээнд монгол хэлний хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллаж дараах ажлыг хийж, үндэсний бичигт шилжих стандарт, эрх зүйн орчныг бүрдүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” батлагдан, улс орон даяар 95 хувийн гүйцэтгэлтэй хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдлийн байрлалд тавих үндсэн шаардлага MNS 6395:2022 стандарт, Төрийн албан хаагчийн нэрийн хуудсанд тавих ерөнхий шаардлага MNS 6978:2022 стандарт, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага MNS 5283:2022 стандарт, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдэгтийн байршил MNS 7004:2023 стандарт батлагдан, төрийн 4200 байгууллага мөрдөж ажиллаж байна.

Төрийн албан хаагчийн анкет шинэчлэгдэж, монгол бичгийн унших, бичих, компьютерт бичих чадварыг асуусан бүлэг нэмэгдэв. Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрийг батлан, мөрдүүлж улсын хэмжээнд бэлтгэсэн 400 гаруй багш уг хөтөлбөрийн дагуу хичээлийг төрийн байгууллагад зааж байна. Монгол бичгийн гарын авлага, Монгол бичиг заах аргын зөвлөмж ном, Монгол бичиг бие даан сурах гар утасны аппликэйшн, Монгол бичгийн цахим хичээл боловсруулан хэрэглээнд нэвтрүүлснээр төрийн албан хаагчид цаасан болон цахим орчинд сурах орчин нөхцөл сайжирлаа. Төрийн албаны шалгалтад монгол хэл, бичгийн сорилыг 2017 оноос авдаг болж, төрийн албаны шалгалтын номд сорилын агуулга хэвлэгдэж байна. Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөрт монгол бичгийн хичээлийг нэмж тусгаснаар Удирдлагын академид мэргэжил дээшлүүлж буй албан хаагчид монгол бичгээ сонгон үзэх боломж бүрдсэн байна. Архивын ерөнхий газрын Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтны мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт MNS 6395:2022 стандарт болон Монгол бичгийн хичээлийг шинээр тусгаж, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдыг сургаж байгаа бөгөөд 3500 орчим хүн сургалтад хамрагджээ. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийг хос бичгээр хөтлөх чадварыг заавал тусгах эрх зүйн зохицуулалт бий болж, 62.2 хувь нь хэрэгжүүлсэн байна.

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшнийг тогтоож, төрийн байгууллагууд албан хаагчдаа монгол бичигт сургах ажлыг эрчимжүүлж, монгол бичгийн анхан, дунд шат, цахим бичвэр боловсруулах арга зүйн сургалтыг үе шаттай зохион байгуулж, 2024 оны байдлаар 74.7 хувь нь сургалтад хамрагдсан байна. Төрийн байгууллагууд албан хэргээ хос бичгээр хөтлөх ажлыг 2022 оноос туршиж эхэлсэн бөгөөд 2024 оны байдлаар 38 хувь нь албан хэргээ хос бичгээр хөтөлж туршсан нь 2025 оноос хос бичигт шилжихэд чухал алхам боллоо.

Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлын хүрээнд монгол бичгийн хэвлэмэл хуудасны стандартад зааснаар Виндөүс үйлдлийн системд юникод стандартын фонтоор бичих боломжтой. MNS 7004: 2023 стандартын дагуу Андройд, Ай Өү Эс болон Мак үйлдлийн системд тохирох монгол бичгийн үсэг тэмдэгтийн гарын байрлалыг боловсруулж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэглээнд нэвтрүүллээ. Кирилл бичгийн алдаа шалгах, монгол бичигт хөрвүүлэх цахим системийг хөгжүүлж, төрийн 4200 байгууллагад байршуулах ажлыг мөн яамнаас хариуцан ажиллаж байна. Архив, албан хэрэг хөтлөлтийн журам шинэчлэгдэж, цахим орчинд хос бичгээр албан хэрэг хөтлөх боломж бүрдэж байна.

Ийнхүү Монгол бичгийн үндэсний хөтөлбөр үе шаттай хэрэгжиж, Монгол хэлний тухай хуульд зааснаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах эрх зүй, технологийн орчин бүрдэж, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх түүхэн цаг үе өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

 

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн

Ажлын алба

Top