Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

УЛСЫН НЭР ТОМЬЁОНЫ КОМИСС БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Улсын нэр томьёоны комисс үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “НЭР ТОМЬЁО БА ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ-2024" олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордонд боллоо.

Тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, МУБИС, СУИС, МБШТ-Гандантэгчэнлин хийд, Архивын ерөнхий газар, Монголын үндэсний номын сан хамтран зохион байгуулсан бөгөөд Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв- Инфотерм болон Австри улсын Венийн их сургууль дэмжин оролцож, МҮОНРТ мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллалаа. 

Улсын нэр томьёоны комисс үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан  “НЭР ТОМЬЁО БА ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ-2024" олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Австри, Швейцар, Япон, Солонгос, ОХУ, Колумб, Финланд, БНХАУ зэрэг 9 улсын 62 илтгэгч оролцлоо.  

“НЭР ТОМЬЁО БА ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ-2024" олон улсын эрдэм шинжилгээний хурлын салбар хуралдааныг УНТК-ын нарийн бичгийн дарга асан, Монгол улсын Төрийн шагналт, доктор (Sc.D), профессор Ц.Шагдарсүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулсан нь онцлог үйл явдал боллоо.

Хурлын үеэр Монгол Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Улсын нэр томьёоны комиссоос эрхлэн гаргасан “Нэр томьёоны бичиг”, “Нэр томьёоны толь”, “Улсын нэр томьёоны комиссын мэдээ” зэрэг номыг нийтэд дэлгэн үзүүлсэн бол Архивын ерөнхий газраас Улсын нэр томьёоны комисс гэх албан ёсны байгууллага үүсэн байгуулагдсан цаг үетэй холбогдох түүхэн баримтын үзэсгэлэнг дэлгэн олны хүртээл болголоо. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн явуулын станц энэхүү эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагааг шууд дамжууллаа. 

 

ХБҮЗ-ийн Ажлын алба   

 

Top