Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН

ТОГТООЛ

2013 оны  2 дугаар сарын   2-ны  өдөр                                     Дугаар 37                                                              Улаанбаатар  хот

 

МОНГОЛ ХЭЛБИЧГИЙН БОЛОВСРОЛЫГ САЙЖРУУЛАХ

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Иргэдийн  эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт үүрэг болгосугай:

         1.1. Бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх  сонирхолтой арга хэлбэрээр зааж үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх;

      1.2. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоон 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн  мөрдүүлэх;

      1.3. Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх.

2. Төрийн албаны ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод  монгол хэлбичгийн мэдлэгийн түвшинг харгалзах ур чадварын шаардлагыг нэмж тусгахыг  Төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.

3. Сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүх нийтлэл, мэдээ, нэвтрүүлэг, зар сурталчилгааг монгол кирил бичгийн үсгийн дүрмийн шаардлага хангасан, утга зохиолын хэлний хэм хэмжээнд бүрэн нийцсэн байх шалгуурыг ханган олон нийтэд хүргэж, иргэдийн монгол хэлбичгийн мэдлэгийг дээшлүүлэх, эх хэлээрээ зөв оновчтой ярих, бичих  чадварыг сайжруулахад нөлөөлөх хүчин зүйл болгон ажиллахыг тухайн байгууллагын удирдлага, нийт хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад  зөвлөсүгэй.

4. Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд мөрдлөг болгож төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг  дарга нарт үүрэг болгосугай.

5. Хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирил бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг  дарга нарт үүрэг болгосугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд                                      Л.ГАНТӨМӨР

Top