Монгол Улсын Засгийн газрын 2004 оны “Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай” 67 дугаар тогтоолоор Төрийн хэлний зөвлөлийг анхлан байгуулж байсан түүхтэй.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 20 жилийн ойн хурал өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 20 жилийн ойн хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Үндсэн хуулийн цэцийн дарга Гунгаагийн Баясгалан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Бямбадоржийн Болдбаатар, УИХ-ын гишүүд, Эдийн засгийн, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Боловсролын сайд П.Наранбаяр, Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Цэдэвсүрэн зэрэг төр засгийн төлөөлөгчид, Академич Д.Төмөртогоо, ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Шагдарсүрэн, доктор, профессор Л.Маналжав, Ардын уран зохиолч Т.Галсан, зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц зэрэг эрдэмтэн, зохиолчид, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн үе үеийн дарга, Ажлын албаны дарга нар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, ХУИС, ОУУбИС-ийн төлөөлөл, Архивын ерөнхий газар, МҮХАҮТанхим, МҮНСан, МҮМузей, МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, МХОрдон зэрэг хамтрагч байгууллагын төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр “Эх хэл, үндэсний бичиг” үзэсгэлэнг Төрийн ордонд дэглэж, нийтийн хүртээл болгож байна. Үзэсгэлэн 12 дугаар сарын 05-06-ны өдөр үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнд Зөвлөлийн түүх, 20 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох ажил, тогтоол шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхтэй холбоотой “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын хүрээнд хийж хэрэгжүүлсэн гол ажлуудыг дэлгэн үзүүлжээ.
Албан хэргийг хос бичгээр хөтлөх эрх зүй, технологийн орчин бүрдүүлэх хүрээнд батлагдсан стандарт, төрийн албан хаагчид зориулсан монгол бичгийн сургалтын хөтөлбөр, гарын авлага, бие даан сурах боломж, монгол бичгийн хэрэглээний орчин, төрийн албан хаагчдыг монгол бичигт сургаж буй байдал, албан хэргийг хос бичгээр туршиж буй байдал, монгол бичгээр хэвлэгдэж буй сонин, сэтгүүл, ном, дэвтэр, нэрийн хуудас, монгол бичгээр олгож буй төрсний гэрчилгээ, боловсролын гэрчилгээ, диплом зэргийг биетээр дэлгэж үзүүлжээ.
Уг үзэсгэлэнгээс Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр зэрэг төрөөс монгол хэлний талаар баримталж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах боломжтой ажээ.
ХБҮЗ-ийн Ажлын алба