Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Комиссын дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Улсын нэр томьёоны комисс /цаашид “комисс” гэнэ/ нь тус улсын дотор дагаж мөрдөх орчин цагийн монгол хэлний үгийн сангийн дэд систем болох нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоон баталж мөрдүүлэх, түүнийг нэг мөр болгон жигдлэх ажлыг эрхэлнэ.

1.2. Комисс нь үйл ажиллагаандаа Монгол хэлний тухай, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.

1.3. Комиссын дарга нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нь Ажлын албаны дарга байна.

1.4. Комиссын гишүүн байгууллагад Шинжлэх Ухааны Академийн хүрээлэнгүүд, Яамд, Боловсролын хүрээлэн, Соёлын өвийн төв, МУИС, МУБИС, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Салбар зөвлөлүүд болон бусад судалгааны байгууллагууд орно.  

1.5. Нэр томьёотой холбоотой асуудлыг хэлэлцэх үед дээрх байгууллагаас мэргэжлийн судлаачдын баг бүрдүүлж ажиллана.

1.6. Баг, гишүүдийг бүрдүүлэхээс 10 хоногийн өмнө Комиссоос хэлэлцэх асуудлыг дээрх байгууллагад хүргүүлнэ. Эдгээр байгууллагууд холбогдох материалтай танилцан тохирох судлаачдыг онооно.

1.7. Комисс Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хоёр. Комиссын хүлээх үүрэг

2.1. Комисс дор дурдсан үүрэг хүлээнэ.

     2.1.1. Дэлхий нийтэд нийтлэг хэрэглэдэг нэр томьёог зохих хэмжээгээр харгалзан монгол нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оновчтой болгон тогтоож, жигдлэх, дэлгэрүүлэх, мөрдүүлэх ажил эрхлэхийн хамт орчин цагийн монгол хэлний шинжлэх ухааны технологийн нэр томьёоны судлалыг хөгжүүлэх;

     2.1.2. Тогтоож баталсан нэр томьёо нь улс нийгмийн ба шинжлэх ухааны хөгжлийн шаардлага, хэрэгцээтэй хэрхэн нийцэж, амьдралд яаж нэвтэрч байгааг судалж, зайлшгүй шаардлагатай өөрчлөлтийг цаг тухайд нь хийж, олон нийтэд шуурхай мэдээлж байх;

     2.1.3. Нэр томьёоны талаар хийж байгаа ажлаа онол практикийн үүднээс тогтмол нэгтгэн дүгнэж, монгол хэлний нэр томьёоны судлалын онол, арга зүйг боловсронгуй болгож байх;

     2.1.4. Нэр томьёо тогтоох, толилох, жигдлэх, дэлгэрүүлэх, мөрдүүлж хэвшүүлэх ажилд мэргэжлийн хүмүүс болон сэтгүүлч, орчуулагч, зохиолчид, хэвлэл мэдээллийн ажилтан нарыг өргөнөөр татан оролцуулах, тэдний санал, зөвлөгөөг тогтмол авч байхын тулд нэр томьёо судлалын онол практик, аргазүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөгөөн, семинар, дугуй ширээний ярилцлага зохион байгуулж байх;

     2.1.5. Гадаад нэр томьёог оновчгүй хавтгайруулан монголчлох, эсвэл монголчлох бололцоо бүхий харь хэлний нэр томьёог тэр чигээр нь хэрэглэх гэсэн хоёр туйлшралыг гаргуулахгүйг хичээн нэр томьёог тогтоох ажилд шинжлэх ухааны үндэслэлтэй, бүтээлч арга зүйг баримтлах;

     2.1.6. Шаардлагатай гэж үзвэл зарим салбарын нэр томьёог холбогдох байгууллага, хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр захиалж хийлгэх; 

Гурав. Комиссын бүрэн эрх 

3.1. Комисс дор дурдсан эрх эдэлнэ.

     3.1.1. Мэргэжлийн талаар зайлшгүй шаардлагатай хүмүүсийг холбогдох байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр түр хугацаагаар ажиллуулах;

   3.1.2. Монгол улсын хэмжээнд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн нэр томьёо тогтоох, жигдлэх асуудлаар заавар, арга зүйн зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, хүмүүст өгөх буюу хэвлэн нийтийн хүртээл болгоно.

     3.1.3. Комиссоос баталсан нэр томьёог хэрхэн дагаж мөрдөж байгааг байгууллага, аж ахуйн нэгж дээр танилцан зааварлаж байхаас  гадна нэгэнт баталсан нэр томьёог буруу хэрэглэвэл тухай бүр залруулах;

    3.1.4. Шинээр тогтоосон буюу засаж жигдэлсэн нэр томьёог улс даяар мөрдүүлж байх зорилгоор тухайн салбарын санхүүгийн тусламжтайгаар хэвлүүлж байх;

     3.1.5. “Нэр томьёоны комиссын мэдээ” сэтгүүлийг тогтмол гаргах;

Дөрөв. Комиссын үйл ажиллагаа

4.1. Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Комисс нь улиралд нэг удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед Комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн байгууллагуудын саналаар хурлыг зарлан хуралдуулж болно.

4.2. Комиссын хуралдааны дэгийг комиссын хурлаар баталж мөрдөнө.

4.3. Хуралдааныг гишүүдийн гуравны хоёр нь оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

4.4. Комисс хэлэлцсэний дараа Монгол хэлний тухай хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хурлаар эцэслэн хэлэлцэж, тогтоол гарна. Тогтоолд комиссын дарга гарын үсэг зурна.

4.5. Салбарын эрх бүхий байгууллагууд нь комиссоос баталсан нэр томьёог мөрдүүлж хэвшүүлэхийн зэрэгцээ шинээр хэрэглэх нэр томьёог тус комиссоор заавал хянуулан батлуулж байна.

4.6. Комиссын эрдэм шинжилгээний түшиглэсэн байгууллага нь Монгол хэлний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан Эрх бүхий судалгааны байгууллага болох ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн сектор, ШУА-ийн бусад хүрээлэнгүүд, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, Боловсролын хүрээлэн байна. Шаардлагатай тохиолдолд бусад их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, судалгааны байгууллагатай хамтарч үйл ажиллагаа явуулж, ажлын хэсэг байгуулж болно.  

 

----000----

             

Top