Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Ажлын алба

Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар бүлэг, 21 дүгээр зүйлийн 21.5-д Зөвлөл орон тооны ажлын албатай байх ба түүний өдөр тутмын үйл ажиллагааг ажлын албаны дарга удирдан явуулна гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2016 оны 19 дүгээр захирамжаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны бүтэц, орон тоог баталсан. Ажлын алба нь дарга, 2 ажилтан, нягтлан бодогч гэсэн 4 орон тоотой ажиллаж байна.

Ажлын албаны үндсэн чиг үүрэг нь иргэд, байгууллагаас ирсэн хүсэлтийг судлах, тухайн асуудлаар шаардлагатай тохиолдолд эрх бүхий судалгааны байгууллагаар санал, дүгнэлт гаргуулан хүсэлт гаргагчид хариу өгөх, холбогдох байгууллагад уламжлах, Зөвлөлийн үйл ажиллагааг монгол судлалын чиглэлийн их, дээд сургууль, судалгааны байгууллага, холбогдох зөвлөлүүдийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах, Монгол хэлний тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл сонсох, зөвлөмж хүргүүлэх, Монгол хэлний тухай хуулийг зөрчсөн тухай мэдээллийг судлах, эрх бүхий албан тушаалтанд танилцуулах, шилжүүлэх, судлах, бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэгт оршино.

 

Top