Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улсын нэр томьёоны комисс үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Нэр томьёо ба шинжлэх ухаан технологийн хөгжил-2024" олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд өнөөдөр боллоо.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл: “Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 1924 онд Улсын нэр томьёоны комиссыг байгуулсан нь нэр томьёог тогтолцоотой боловсруулж, оноох эх суурийг тавьсан юм. Өнгөрсөн 100 жилээс өнөөг хүртэлх хугацаанд төр засгаас анхаарч, тогтоол шийдвэрүүдийг тухайн цаг үетэйгээ уялдуулж гаргаж ирсэн. Улсын нэр томьёоны комиссыг 2016 онд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд сэргээн байгуулснаар 10 гаруй салбарын 50000 гаруй нэр томьёог баталгаажуулсан” болохыг илтгэлдээ дурдав.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Н.Мөнхцэцэг: "Улсын нэр томьёоны комисс нь ерээд оныг хүртэлх хугацаанд нэгдсэн зохион байгуулалттай ажилладаг байв. 1991 он гарсаар энэ байгууллагын үйл ажиллагаа саарсан. Хожим нь Улсын нэр томьёоны комиссыг сэргээн ажиллуулах болсон бөгөөд тус комиссоос батлан гаргаж буй нэр томьёог бүх салбарт ашиглах нь маш чухал. Одоо цагт дор бүрнээ өөр өөр нэр томьёог ашиглаж байгаа нь нийгмийн харилцаанд үл ойлголцол үүсгэж байна. Энэ нь цаанаа эдийн засгийн үр ашиггүй байдлыг бүрэлдүүлж байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн шатан дахь үл ойлголцлоос үүдэж осол аваар гарах эрсдэлтэй. Бид нэр томьёог хэлний нэгж талаас нь хараад байдаг. Гэтэл нэр томьёо бол цэвэр мэдлэг агуулсан ойлголт юм” гэсэн тайлбарыг хийлээ.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Л.Дашням: "Өнгөрсөн 100 жилийн 80 жилд нь нэр томьёоны ажил ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд харьяалагдаж ирсэн. Энэ нь ч зөв. Нэр томьёог тогтооход маш их судалгаа шаарддаг. 1990 он гарсаар энэ ажил цалгардаж, арваад жил тасалдсан. 2016 оноос хойш нэр томьёоны комиссыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлд нэгтгэсэн. Түүнээс хойш сэргэлт гарч, багагүй ажил хийсэн. Сүүлийн жилүүдэд гарсан нэг том ололт бол толь бичгүүдийг цахимжуулсан явдал юм. Нэр томьёожуулах ажил салбар бүрд хийгдэж байх ёстой. Салбарууд дотроос хууль, анагаах болон техникийн салбарынхан ахицтай яваа. Нэр томьёо нь шинжлэх ухааны ойлголтыг бий болгодог учраас түүгээр дамжиж дэлхийн соёл, ололт амжилтыг нутагшуулах бололцоотой" гэлээ.
Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд 9 орны 62 эрдэмтэн судлаач оролцож, 32 илтгэл хэлэлцүүлэв. Тухайлбал, Монгол Улсаас 45, Австри Улс, ОХУ, Япон Улсаас тус бүр 4, БНХАУ, БНСУ, Швейцар, Финланд, Колумб Улсаас тус бүр нэг илтгэгч оролцож, нэр томьёоны үүх түүх, үүсэл хөгжил болоод тулгамдаж буй асуудал зэрэг өргөн хүрээг хамарсан илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/351289