Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Хэлний бодлогын баримт бичигт олон улсын туршлагыг тусгана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл ГХЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний зөвлөлтэй хамтран “Дэлхийн улс орны хэлний бодлого” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ГХЯ-ны хурлын танхимд болсон энэхүү хэлэлцүүлэг нь Үндэсний бичиг үсгийн баярыг угтан эх хэлний хэрэглээ, үнэлэмжийг дээшлүүлэх, дэлхийн улс орны хэлний бодлого, төлөвлөлтийн талаар харьцуулан судлах, хамтран ажиллах, туршлага солилцох зорилготой.

Хэлэлцүүлэгт Монгол Улсад суугаа БНСУ, БНЭУ, Бүгд найрамдах Казахстан улс, ОХУ, БНХАУ, БНФУ, Арабын Нэгдсэн Эмират улсын ЭСЯ-ны төлөөлөгч өөрсдийн хэлний бодлого, төрөөс хэрэгжүүлж буй ажлын тухай илтгэл тавив.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Дулам хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний бичиг үсгийн баяр тэмдэглэх тухай зарлиг, Монгол хэлний тухай хуулийн заалтын хүрээнд зохион байгуулж буй ажлын нэг нь энэхүү хэлэлцүүлэг юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих Хэлний бодлогын баримт бичгийг бид боловсруулж байгаа. Баримт бичгийг боловсруулахын тулд дунд сургуулийн багшаас эхлээд монгол хэл бичгийн мэргэжилтний саналыг тусгахаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд ажиллаж байна. Мөн олон улсын туршлагыг тусгахыг зорьж байна. Зарим улс оронд багаас нь гадаад хэл сургана гэдэг. Япон орон манайхтай ижил төстэй. Монгол хүн бүтээнэ гэдэг бага сургуульд байхаас нь бүтээдэг. Эхлээд монгол хүнээ бүтээгээд дараа нь дэлхийн хүнийг бүтээнэ” гэв.

Хэлэлцүүлэгт Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, МҮИС-ийн дэд захирал Чой Ёнг Ги “Солонгосын хэлний бодлого өнөө ба ирээдүй, БНЭУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга О.П.Мийна “Энэтхэг үндэстний хэлний чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, онцлог арга хэмжээ”, Бүгд найрамдах Казахстан улсын ЭСЯ-ны зөвлөх Жусип Орынбай “Казахтсан улсын хэлний бодлого” сэдвээр илтгэл тавив.

МҮИС-ийн дэд захирал Чой Ёнг Ги: Солонгос хэл Солонгос үндэстний хэлнээс дэлхийн хэл болон хөгжиж байгаа бөгөөд суралцагчдын тоо зогсолтгүй өсөж байна. Солонгос хэлний сургалтын түвшинг сайжруулахад Засгийн газар ихэд анхаардаг. Дэлхийд хэрэглээгээрээ 13-т ордог солонгос хэлээр БНСУ-ын 50 сая иргэн, Хойд Солонгосын 23 сая иргэн, гадаадад оршин суугч 7.5 сая солонгос иргэн, солонгос хэл суралцагч 20 сая иргэн нийт 100 сая хүн хэрэглэж байна. БНСУ-ын Хэлний хүрээлэнгээс илүү амар харилцан ойлголцох хэлний хөгжлийг амьдралд хэрэгжүүлэх, солонгос хэлний сурах орчныг сайжруулах, солонгос хэлийг хөгжүүлэх, солонгос хэлний хэрэглээг өргөжүүлэх, солонгос хэлний сургалтын талаар судалгаа хийх, сурах бичиг боловсруулах, багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад анхаарч байна.

Хэлбичгийн ухааны доктор, профессор Ж.Батбаатар: Гадаад хэлийг сурагчдад хэддүгээр ангиас эхлэн заах нь олон улсын түвшинд янз бүр байдаг. Тухайлбал, БНСУ-д гадаад хэлийг гуравдугаар ангиас нь эхлэн заадаг бол манай улсад тавдугаар ангид нь үзнэ гэж хуульд заасан. Цөөн хүмүүсийн ярьдаг хэл бол дархлааны хувьд эмзэг байдаг. Монгол хэлээр дэлхийд 10-аад сая хүн ярьж байна. Харин Энэтхэг улс 780 хэлээр ярьдаг. Гэтэл сүүлийн 10 жилд 50 хэл нь мөхөж, энэтхэгчүүд 730-аад хэлээр ярьж байгааг дурдаж байна. Ингээд үзэхэд аливаа улс үндэстний оршихуйн дархлааны маш чухал хэсэг нь хэл юм. Цөөн хүн амтай улс үндэстний хувьд соёл, дархлааны бодлогын гол хэсэг учир манай улсад гадаад хэлийг тавдугаар ангиас нь үзнэ гэдэг оройтохгүй. Эхлээд өөрийн хэл соёлыг бүрэн дүүрэн эзэмшиж байж, дараа нь бусдын хэл соёлд суралцах үндэс суурь бүрддэг гэдгийг судлаачид нэгэнт тогтоосон.

Бүгд найрамдах Казахстан улсын ЭСЯ-ны зөвлөх Жусип Орынбай: Казахстан улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн хэл нь казах, албан ёсны хэл нь орос хэл юм. 2016 оноос Казахстан улс казах, орос, англи гэсэн 3 хэлний тулгуур зарчмыг баримталж байгаа. Казахстанд гадаад хэл буюу англи хэлийг тавдугаар ангиас нь үздэг. Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев 2018 оноос  хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарлиг гаргасан. Тухайлбал, казах хэлний цагаан толгойг латин үсэгт шилжүүлэх, тэр нь орчин цагийн шаардлагад нийцүүлэх зорилготой. 

Хэлэлцүүлэгт Монголын талаас ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, цахим хэл шинжлэл судлаач Д.Моондой, судлаач багш Ч.Баттулга болон ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга Станислав Сергеевич Безруков, Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны орчуулагч Е.Толхын нар оролцов.

Эх сурвалж: montsame.mn

Top