Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

О.Оюунтунгалаг: Хөвсгөлийнхөн бид эх хэл, бичиг соёлын түүчээ байх болно

ОРОН НУТАГТ ХӨВСГӨЛ

Гантуяа.Б gantuyaB@montsame.mn

Хөвсгөл /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг угтан Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Оюунтунгалагтай ярилцлаа. 

Тэрбээр Хөвсгөл аймгийн монгол хэлний боловсролыг хариуцан, Монгол хэл, бичгийн 150 багшаа удирдан чиглүүлэх гол үүрэгтэйн дээр Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд багш сурагчдаа чиглүүлэн оролцох, багш нараараа чиглүүлэн арга зүй, удирдлагаар ханган ажиллаж,  сум, сургуулийн хүрээнд монгол хэл, бичгээ түгээн дэлгэрүүлэх оновчтой үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулсны үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Хөвсгөл аймгийг “Эх хэлээ дээдлэн дэлгэрүүлэгч аймаг”-аар батламжилсан. Мөн төрийн албан хаагчдын монгол бичгээр унших, бичих чадварыг дээшлүүлэх зорилгоор МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалахыг уриалж, тус сониныг уншсанаар ямар үр дүн гарах вэ гэдгийг ойлгуулсны үр дүнд "Хүмүүн бичиг" сонины захиалгаар улсад 4 дэх жилдээ тэргүүлж байгаа юм. Монгол хэл, бичгийн багш нарын хамтарсан 40 төрлийн цахим хичээл, хэл, бичгийн дүрэм, дасгал, дадлага ажлын “Өврийн ном”-ыг эмхэтгэн боловсруулж, “Сүегэр-2021” улсын уралдааныг амжилттай зохион байгуулжээ.

- Анх 2012 онд Хөвсгөл аймгийн Засаг даргаар ахлуулан төвийн сургуулийн монгол хэл, бичгийн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулж байсан. 2021 оны нэгдүгээр сард бүрэлдэхүүнээ шинэчлэн иргэд олон нийт, төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх хэл, бичгийн хэрэглээний чадварыг сайжруулах, хэрэглэх орчинг бий болгох гэсэн үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна.

- Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна?

- Манай аймгийн хувьд эх хэл, бичгээ хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх чиглэлийн үйл ажиллагааг цогцоор нь өрнүүлэхийг эрхэмлэдэг. Энэ ч утгаараа өнөө жилийн хувьд Хөвсгөл аймгийн хэмжээнд төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн түвшин тогтоох гарааны үнэлгээ авч дүгнэсэн. Мөн үүнийгээ дагаад монгол хэл, бичгийн багш нарын хамтарсан 40 төрлийн цахим хичээл, хэл, бичгийн дүрэм, дасгал, дадлага ажлын “Өврийн ном”-ыг эмхэтгэн боловсруулж, олон нийтийн хүртээл болгоход бэлэн болсон. Хамгийн чухал ажил болох “Сүегэр-2021” улсын уралдааныг мэргэжлийн багш, сурагчид, насанд хүрэгч сонирхогч, уран бичлэг, цахим бичвэрийн гэсэн төрлөөр зохион байгуулж, нийслэлийн 5 дүүрэг, Эрдэнэт хот, Говьсүмбэр, Завхан, Дорнод, Булган, Архангай, Хөвсгөл аймгийг хамруулан амжилттай зохион байгууллаа.

-Эх хэлний өдрийг угтаж та бүхэн “Өврийн ном”-ыг эмхтгэн хэвлүүлжээ. Энэ номын онцлог нь?

-2025 онд үндэсний бичгийг төрийн бүх шатанд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах, Хөвсгөл аймгийн төрийн албан хаагчид, иргэдийн монгол хэл, бичгийн мэдлэгийн түвшин, хэрэглээний чадварыг дээшлүүлэх зорилгоор "Өврийн ном"-ыг эмхэтгэн боловсруулсан. Тус номд кирилл, монгол бичгийн дүрэм, яриа, бичгийн хэлэнд түгээмэл хэрэглэгддэг үг, хэллэг, тэдгээрийн дүрмийг тольчилсон тайлбар, сонгох болон задгай хэлбэрийн дасгал даалгавар, мэдлэг бататгах сорил багтсан. Энэ ном хүн бүрийн хамгийн хэрэгтэй  ширээний ном байх болно.

-Хөвсгөл аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангагдаж байна?

-Үндэсний бичгийг олон нийтээр сурч эзэмшихэд мэргэжлийн багш нарын үүрэг оролцоо хамгийн чухал бөгөөд манай багш нар жил бүрийн аймаг, улсын олимпиад, “Монголын сайхан бичигтэн” уралдаан зэрэгт манлайлан оролцдог бөгөөд бүгд цахимд монгол бичгээр бичих, онол арга зүйн мэдлэг ойлголттой сар бүр сорьж өрсөлдөх зэргээр боловсорч байгаа нь үндэсний бичигт шилжих бэлтгэл ажил зохих хэмжээнд хангагдаж байгаа гэж үзэж болно.

- Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн түвшинд ямар ахиц гарч байна?

- Зөв бичих дүрмийн асуудал үнэхээр маргаантай, маш их сөрөг сэтгэгдэлтэй байдаг. Хүмүүс янз бүрийн үгийн бичлэгийн хэлбэрийг асуучхаад уурлаж, бухимдаж эсэргүүцдэг. Эдгээр асуудал, маргааныг шийдвэрлэж өгсөн гэж бодож байна.

-Манай аймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна. Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу, салбар зөвлөл хэр анхаарч ажиллаж байна?

-Бичгийн дурсгалууд аймгийн төв номын санд хадгалагдаж байдаг бөгөөд үндэсний бичиг үсгийн баярын өдрүүдэд олон нийтэд үзүүлж сонирхуулсан. Мөн 2018 онд иргэдэд хадгалагдаж байдаг бичгийн болон соёлын эртний сурвалжуудыг нэгтгэн цуглуулж, үзэсгэлэн гарган, олон нийтэд сурталчилж байсан.

-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, сумдад монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?

-Ихэнх албан байгууллагууд хаягаа хос бичгээр хийдэг болсон. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зарим төрийн байгууллагууд аймгийн хэмжээнд үлгэрлэж байгаа. Тухайлбал “Хөх сувд” 1-р цэцэрлэг, Прокурорын газар  Шүүх гэх мэт олон газар бий.

- Ер нь сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу?

-Улсын хэмжээнд статистикийн газартай хамтран төрийн албан хаагчдын үндэсний бичгийн судалгаа авсан. Үүнээс өмнө хоёр ч удаа төрийн албан хаагчдын эх хэл, бичгийн багийн сорилго уралдааныг зохион байгуулж дүгнэж байсан. 

-Цаашид эх хэлээ түгээн дэлгэрүүлэхэд ямар ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна?

-Монгол хэл минь үгүй бол бол та бид үгүй! Миний бие Хөвсгөл аймгийн монгол хэл, бичгийн 150 багштайгаа хамтран 7000 гаруй төрийн албан хаагч, 100000 иргэнд үндэсний бичгээ үнэ төлбөргүй заан сургана. Хөвсгөлийнхөн бид эх хэл, бичиг соёлын түүчээ байх болно. 

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: montsame.mn

Top