Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Г.Оюунбилэг: Төрийн албан хаагчдаас үндэсний бичиг, үсгийн ур чадварын шалгалтыг жилд хоёр удаа авна

ОРОН НУТАГТ ОРХОН

Оюун-Эрдэнэ.Б orkhon@montsame.mn

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Оюунбилэгтэй ярилцлаа


-Орхон аймаг дахь салбар зөвлөлийг хэдэн онд байгуулсан бэ? Ямар ажлуудыг санаачилж хийж байсан талаар ярилцлагаа эхэлье.

-Орхон аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл 2015 оны 9 дүгээр сарын 10-нд 9 хүний бүрэлдэхүүнтэй буюу  21 аймгийн  салбар зөвлөлөөс хамгийн түрүүнд байгуулж байлаа. Тэр үед даргаар нь  аймгийн ЗДТГ-ын дарга байсан  В.Сумьяасүх ажиллаж байсан. Одоо  аймгийн Засаг дарга  С.Батжаргалаар ахлуулсан 11  хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Орхон аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл нь “Монгол хэлний тухай хууль” болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүүхэд багачууд, өсвөр залуу үеийнхэнд эх хэлээ эрхэмлэн дээдлэх, түүнийг зөв хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгээ сурч судлах, түүх соёл, хэлний өвөө хадгалах хамгаалахад чиглэсэн олон ажлыг зохион байгуулж ирлээ.

Мөн “Орхон аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл” цахим хуудас, ”Эрдэнэтийн -Эх хэлний дэмжигчид”  “Монгол бичиг-Орхон аймаг” зэрэг цахим мэдээллийн сүлжээ, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан мэдээ мэдээллээ хүргэж хамтран ажиллаж байна.

-Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд Орхон аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна?

-Салбар зөвлөлийг байгуулсан цагаасаа хойш “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд аймгийн Номын төвтэй хамтран тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган иргэд олон нийт, сурагчдын дунд үндэсний бичгийн уншлага, хичээнгүй цэвэр бичгийн, бийрийн бичгийн, бүтээл урлах уралдаан, байгууллага хамт олноороо үндэсний бичгээ сурах аян, хөдөлгөөн өрнүүлдэг уламжлал тогтсон. Энэ онд цар тахлын улмаас сургалтын үйл ажиллагаагаа цахимд шилжүүлсэн. Мөн орон нутгийн “Тусгал“  телевизтэй хамтран Зөв бичих дүрмийн хичээл,  үндэсний бичгээр эх бэлтгэх программуудыг ашиглах арга зүйн сургалт, монгол хэл, бичгийн багш нарын дунд үндэсний бичгийн эх бэлтгэх программ дээр ажиллах чадварын уралдаан, төрийн байгууллагын ажилтнуудын дунд “Чимээ“ хэрэглүүрийг ашиглах сургалт, уралдаан зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.

-Орхон аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Манай аймагт төрийн 100 байгууллагад 4000 төрийн албан хаагч ажилладаг. Аймгийн Засаг даргын албан даалгавраар төрийн албан хаагчдыг үндэсний бичигт сургах, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах үүргийг бүх дарга нарт өгсөн байдаг. Мөн ирэх оноос аймгийнхаа төрийн албан хаагч, иргэдийг үндэсний бичгийн анхан, дунд гүнзгийрүүлсэн шатны мэдлэг чадварын  аль түвшинд байгааг тодорхойлох шалгалтыг жилд хоёр удаа нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болж байна. Түүнчлэн түвшинд нь тохирсон сертификат олгодог болох, энэ шалгалтад бэлтгэх тест, даалгаврын сан бүрдүүлэх,шалгалтын программтай болох зэрэг ажлыг “Эх хэл -Эрдэнэт” дэд хөтөлбөрийн төсөлд тусгаж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдэд зориулсан монгол хэл, бичгийн сургалтыг жилд 2 удаа зохион байгуулж, төрийн албанд шинээр орж байгаа албан хаагчдаа  чадавхжуулж байна. 

-Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд ямар ахиц гарч байна ?

-1983 онд зохиосон “Монгол үсгийн дүрэм”  өөрчлөгдөөгүй өнөөг хүртэл мөрдөгдөж ирсэн хэдий ч  иргэд олон нийтийн дунд монгол хэлний зөв бичих дүрэм байнга өөрчлөгдөөд байгаа мэт буруу ташаа ойлголт явсаар ирсэн. Эдгээр эргэлзээ маргаантай асуудлыг шийдэх, зөв бичих дүрмийн талаарх ойлголт мэдлэгүүдийг журамлахад 2019 онд гарсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” чухал ач холбогдолтой  болсон юм . 

Манай аймгийн хувьд “Зөв бичих дүрмийн журамласан толь” хэвлэгдсэний дараа төрийн өмчийн сургуулиудын бага боловсролын багш  нарын тоогоор буюу 230 орчим толь бичиг хуваарилагдан ирсэн бөгөөд эдгээр толь бичгийг сургуулийн нийт монгол хэл бичиг,  бага боловсролын багш нар өдөр тутмын сургалтын үйл ажиллагааны гарын авлага болгон ашиглаж байна.

-Орхон аймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна. Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу, салбар зөвлөл хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Түүх соёл, бичгийн өвөө хамгаалах, сурталчлах талаар манай салбар зөвлөл байнга санаа тавьж ажилладаг. Эрдэнэт хотод байгаа хөшөө дурсгалууд, түүн дээрх бичгийн дурсгалуудыг хамгаалах, өсвөр залуу үеийнхэндээ сурталчлах зорилгоор аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Ганцэцэг, Монгол Улсын гавьяат багш Х.Цэндсүрэн нарын судалж цуглуулсан баримтад тулгуурлан “Эрдэнэтийн хөшөө дурсгалууд” танилцуулга номыг кирилл, үндэсний  хос бичгээр хэвлүүлэн  гаргасан нь  Эрдэнэт хотын иргэдийн талархлыг хүлээсэн бүтээл болсон.

Мөн эх хэлний сарын аяны хүрээнд Жаргалант сумын нутаг дахь Айргийн гозгорын малтлагын тухай "Зуун зууны тэртээх түүх соёлын үнэт дурсгал" нэртэй баримтат  нэвтрүүлэг бэлтгэж олны хүртээл болголоо.

Монгол хэлний зарим мартагдсан хуучин үг хэллэг, нутгийн аялгууны үг хэллэгийг сэргээн таниулах, хэлээр дамжуулан сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилго бүхий “ Үгэн таавар” нэртэй номыг аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн гишүүн МУСГЗ зохиолч, яруу найрагч Д.Дашдондов зохиож, Хэлний бодлогын салбар зөвлөлийн гишүүн 13-р сургуулийн багш Б.Мөнгөншагай үндэсний бичигт хөрвүүлэн  хэвлүүлсэн нь  багш сурагчид, эцэг эхчүүдийн  өдөр тутам ашигладаг ширээний ном болсон .

-Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Энэ аяны зорилго биелсэн үү?

- 2020 оны “Эх хэлний өдөр” -ийн хүрээнд “Ардын аман зохиолыг хэн сайн мэдэх вэ” аяныг аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 24 сургуульд өрнүүлж, сургууль тус бүр өөрийн сургуульд аяныг хэрхэн яаж өрнүүлэх удирдамж, ажлын төлөвлөгөө гарган ажилласан.

- Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр Орхон аймагт монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?

-Хаягжилтын байдалд 2018 онд судалгаа хийж, аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс зохион байгуулсан уулзалтын үеэр албан байгууллагын удирдлагуудад судалгааны үр дүнг танилцуулсан. Дээрх ажлуудын үр дүнд одоо төрийн байгууллагууд 100 хувь, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 20 орчим хувь нь хос бичгийн хаягтай болоод байна. Албан байгууллагуудыг хос бичгээр хаягжуулах ажлын явцад тулгарсан нэг бэрхшээл нь  байгууллагуудын гадна, дотно хаягийн улсын нэгдсэн стандарт байдаг хэдий ч Монгол Улсад мөрддөг стандартууд нь иж бүрэн, цогц, иргэдэд ойлгомжтой байж чадахгүй байсан нь хүндрэлтэй байлаа. Иймд бид аймгийнхаа Хэлний зөвлөл дээр хэлэлцээд аймгийн хэмжээнд хаягжилтад дагаж мөрдөх журам боловсруулах, ялангуяа хаяг дээр хэлний талаас баримтлах журам стандартыг боловсруулж хотын захирагчийн албанд танилцуулаад  байна.

-Ер нь сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу?

-Бид 2019 онд аймгийнхаа төрийн байгууллагын ажилтнуудаас үндэсний бичгийн мэдлэг чадварын талаар болон орчин цагийн монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүй, албан бичгийн стандартын талаар  төрийн албан хаагчид өөрсдийгөө хэрхэн үнэлдгийг илрүүлэх судалгаа хийж үзсэн. Энэ судалгааны үр дүнгээс ч гэсэн  хүмүүсийн эх хэлдээ хандах хандлага  дээшилж байгаа нь харагдаж байсан. 

 

Эх сурвалж: montsame.mn

Top