Нурболат.Ө bayanulgii@montsame.gov.mn
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны Бичиг үсгийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх тухай 105 дугаар зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаргийг “Үндэсний бичиг соёлын өдөр” хэмээн тунхагласан байдаг. Уг өдрийг угтан Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Еркегүлтэй ярилцлаа.
- Манай аймагт Хэлний бодлогын салбар зөвлөл хэдэн онд байгуулагдсан бэ? Энэхүү салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлооч?
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 338 дугаар захирамжаар Хэлний бодлогын салбар зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулсан. Салбар зөвлөлийн ажиллах журамд зөвлөлийн дарга нь аймгийн Засаг дарга, нарийн бичгийн дарга нь БСУГ-ын монгол хэл хариуцсан арга зүйч нь байна гэж заасан байдаг. Зөвлөлийн үүрэг бол журамд зааснаар монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, монгол хэл, бичиг үсгийн соёлын өвийг хамгаалах, үндэсний бичгээр оюуны өв сан, ардын аман зохиол болон монгол утга зохиолын судалгаа, сургалтыг өргөжүүлэх ажлыг боловсролын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх явдал байдаг.
- Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд танай аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна?
- Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу салбар зөвлөлөөс "Үндэсний бичийг үсгийн баяр", "Эх хэлний баяр"-ын арга хэмжээнүүдийг жил болгон зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд "Ковид-19" цар тахлын улмаас төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлууд хэрэгжих боломжгүй болчхоод байна. Жишээлбэл, монгол бичгийн олимпиад БШУЯ-наас баталсан хичээлийн олимпиадуудын тоонд ордоггүй ч бид аймагтаа багш, сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Манай аймагт монгол хэл, бичгийг түлхүү сурах шаардлага байдаг учраас 7-10 дугаар ангийн сурагчдын дунд "Монгол бичгээр хэн хурдан унших вэ" уралдааныг явуулдаг. Энэ жил аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт "Эх хэлээ эрхэмлэе" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тусгасан. Хөтөлбөрийн хүрээнд "Үндэсний бичиг үсгийн баяр"-аар монгол, казах, тува хэлний аян зохион байгуулахаар төлөвлөсөн ч хөл хорионы улмаас хэрэгжүүлж чадаагүй. Түүнчлэн аймгийн Засаг даргын дэмжлэгээр Боловсролын хүрээлэнтэй хамтран хос хэлний сургалттай сургуулийн бага ангийн монгол хэлний жишиг хөтөлбөр боловсруулах, гарын авлага, дасгалын ном гаргах ажлыг эхлүүлсэн. Төрийн албан хаагчид болон ард иргэдэд зориулсан монгол бичгийг хурдан сурах гарын авлага боловсруулах хэрэгцээ гарч байгаа тул энэ ажлыг бас ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа.
- Баян-Өлгий аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангагдаж байна?
- Боловсон хүчний бэлтгэл тус аймагт хүндрэлтэй байгаа. Төрийн алба хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг тогтоох судалгааг саяхан орон даяар зохион байгуулсан. Манай аймгийн нийт 7083 төрийн албан хаагч хамрагдаж, 36,4 хувьтай гарсан нь доогуур үзүүлэлт. Тус аймагт 120 гаруй монгол хэлний багш байдаг. Монгол хэлний багш нарын тусламжтайгаар төрийн албан хаагчид болон ард иргэдэд үндэсний бичгийн мэдлэгийг сэргээх, шинээр заах асуудлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх болно. Үүнд хувь хүний өөрийн хандлага, зүтгэл хэрэгтэйгээс гадна байгууллын дарга нар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх хэрэгтэй. Үндэсний бичгийн тодорхой хэмжээний мэдлэгтэй бага, дунд ангийн багш нар, төрийн албан хаагчид, иргэд байгааг үгүйсгэхгүй.
- Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн түвшинд ямар ахиц гарч байна.
- Зөв бичгийн дүрмийн журамласан толь манай аймагт 500 ширхэг ирсэн байгаа. Тухайн үед Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс төлөөлөл ирж, багш нарт толь бичгийн бүтэц болон ашиглах зааврын талаар танилцуулсан. Аймаг, сумын захиргааны байгууллагууд, сургуулийн номын сангууд, бага ангийн багш нарт ирсэн номыг хуваарилан, аппликэйшн суулгаж, хэрхэн ашиглах талаар мэдээлэл хүргүүлсэн. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нарт журамласан толийг хэрхэн ашиглах зөвлөмжийг намрын сургалтын үеэр тухайн үед танилцуулж байсан. Одоо харахад багш, төрийн алба хаагчдын ширээний ном болсон байна.
- Манай аймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна. Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу? Салбар зөвлөл хэр анхаарч ажиллаж байна?
- Бичгийн соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалтын асуудлаар мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилладаг. Аймгийн БСУГ-ын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Т.Ермек бичиг соёлын дурсгалууд хаана, ямар байдалтай хадгалагдаж байгаа талаар нэлээн судалгаа хийсэн байдаг. Энэ чиглэлийн мэдээллийг Иргэний боловсролын хичээлээр дамжуулж, сурагчдад олгох чиглэлийг сургуулиудад хүргүүлсэн.
- Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Энэ аяны зорилго биелсэн үү?
-Олон сургууль уг аянд идэвх санаачилгатай оролцсон байгаа. Аймгийн нэртэй ерөөлч, магтаалч хүмүүсийг урьж, хүүхдүүдтэй уулзуулдаг. Аяны тайланг тухайн үед холбогдох газруудад хүргүүлсэн байгаа.
-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, сумдад монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?
-Хаягжилт сайжирсан. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд монгол бичиг болон кирилл үсгээр бичиж, хаягаа шинэчилсэн. Одоо сургуулиуд анги танхимын хаягжилтыг хүртэл монгол бичгээр бичиж тавьж байгаа. Хаягжилтын ажил аймгийн хэмжээнд ерөнхийдөө жигдэрч байгаа гэж хэлж болно. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудал зарим талаар саад болж байгааг үгүйсгэхгүй.
-Ер нь сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу.
-Эх хэлний асуудлыг ярихад Баян-Өлгий аймагт монгол, казах, тува хэлний асуудал давхар хөндөгддөг. Төрийн хэлийг сайн эзэмшихийн зэрэгцээ казах, тува хүүхдүүдийн эх хэлний дархлааг бас сайн дэмжих хэрэгтэй. Дээр дурдсан "Эх хэлээ эрхэмлэе" хөтөлбөрийн хүрээнд эх хэлээ дэмжих талын олон ажлуудыг төлөвлөсөн явж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: montsame.mn