Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ДУНДГОВЬ: Төрийн албан хаагчдын 73,6 хувь нь үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаанд хамрагджээ

 

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн хороо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй "Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа”-нд Дундговь аймгийн 15 сумын 2449 төрийн албан хаагч хамрагдаад байна. Судалгааны явц, үр дүнгийн талаар аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяагаас тодрууллаа.

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох хоёр дахь шатны судалгааг 4 дүгээр сарын 2-18-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа ба тус аймгийн хэмжээнд 3329 албан хаагч оролцох ёстой. Түүнээс өнөөдрийн байдлаар 73,6 хувь нь хамрагдсан байна.

Судалгаанд оролцсон албан хаагчдын 44,8 хувь нь “үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн” гэсэн бол 55,2 хувь нь “үгүй” гэж хариулжээ. Харин тэдгээрийн 12,4 хувь нь үндэсний бичиг үсгийг “сайн” мэднэ гэж хариулсан бол 37,6 хувь нь “дунд”, 30,3 хувь нь “бага”, 17 хувь нь “мэдэхгүй” гэсэн хариултыг сонгожээ.

“Монгол хэлний тухай” хуульд заасны дагуу төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар бэлтгэж буй. Тиймээс “Монгол хэлний тухай” хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид үндэсний бичгийн талаар төрөөс авч, хэрэгжүүлэх бодлого, дүрэм, журам, үндсэн чиглэлийг боловсруулахад шаардлагатай тоо, мэдээллийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн ахицын үнэлгээг нарийвчлан тогтоох зорилгоор энэхүү судалгааг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

2021 онд авсан эхний судалгаанд тус аймгийн төрийн албан хаагчид 92,7 хувьтай хамрагдаж, тэдгээрийн 56 хувь нь “үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн”, 44 хувь нь “үгүй” гэсэн хариулт өгч байжээ. Энэ жилийн судалгааны дүнг 2021 оныхтой харьцуулахад “мэдэхгүй” гэсэн албан хаагчдын тоо 10 гаруй хувиар буурч, “дунд зэрэг мэднэ” гэж хариулсан албан хаагчдын тоо нэмэгдсэн байна.  

2024 оны "Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа”-ны дүнг 4 дүгээр сарын 29-нд нэгтгэн, 5 дугаар сард “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын үеэр нийтэд танилцуулах юм.

 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/341641

Top