Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

БАЯН-ӨЛГИЙ: С.Гаура: Албан хаагчдадаа үндэсний бичиг заах санхүүжилтийг байгууллага бүр төсөвтөө тусгах шаардлагатай

 

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуульд үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулахаар тусгасан. Албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг орон нутагт хэрхэн хангаж байгаа талаар Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын монгол хэл,бичиг, уран зохиолын боловсрол хариуцсан арга зүйч, тус аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, хэлшинжлэлийн доктор С.Гаурагаас тодрууллаа.

Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагууд албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

- “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр IІІ” -ийг хэрэгжүүлсэн байдал, цаашид хийх ажлуудыг тодорхойлох зорилгоор төрийн албан хаагчдаас үндэсний бичгийн түвшин тогтоох судалгааг орон даяар авч эхэлсэн. Энэхүү судалгааг 2021 онд улс даяар зохион байгуулсан. Тухайн судалгаагаар Баян-Өлгий аймаг төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн түвшин 37 хувийн үзүүлэлттэй гарсан. Тус судалгааны дүн гарснаас хойших хугацаанд орон нутагт тодорхой арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлсэн. Жишээлбэл, Аймгийн ЗДТГ-аас бүх төрийн байгууллагуудад төрийн албан хаагчдад зориулж “үндэсний бичгээр цахимд бичих” анхан, дунд шатны сургалтын хуваарь гаргаж сургагч багш нараар төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын ажилтан алба хаагчдад үндэсний бичгийн хичээл заалгасан. Энэ ажил таван сарын турш тасралтгүй үргэлжилсэн. Уг сургалтыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2022 оны 9 дүгээр сард төрийн албан хаагчдад зориулан “Үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр” баталж өгсөн билээ. Хөтөлбөрийн баримтлан Аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн монгол хэл бичгийн багш мэргэжилтэй гишүүд, аймгийн БШУГ-ын дэргэдэх монгол хэл бичгийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар зохион байгуулсан. Тус сургалтад Аймгийн хэмжээний төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын албан хаагчдын 52 хувь нь анхан шатны, 20 хувь нь дунд шатны, 10 орчим хувь нь ахисан шатны сургалтад тус тус хамрагдсан.   

Мөн Удирдлагын академиас анхан, дунд, ахисан түвшний цахим сургалт зохион байгуулагдсан. Тухайн цахим сургалтад монгол хэл, бичгийн багш нарын 80 хувь нь оролцсон. Бусад төрийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтэн цахимаар суралцаж анхан, дунд шатны үнэмлэхээ гардаж авч цахим санд бүртгэгдсэн. Түүнээс гадна босоо удирдлагатай төрийн байгууллагуудад удирдах дээд шатны байгууллагаас нь цахим сургалт давхар зохион байгуулагдсан.

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох 2 дахь шатны судалгаанд төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний албаны удирдлага, мэргэжилтнээс эхлээд жижүүр, харуул, жолооч, үйлчлэгч зэрэг бүх үйлчилгээний ажилтнууд заавал хамрагдаж байгаагаараа онцлогтой юм. Иймээс албан хэргийг хос бичгээр хөтлөх, төрийн албан хаагчдыг эрхэлдэг ажил, түүний ангиллаас хамаарч сургалтад хамруулахдаа тухайн байгууллагын үйлчилгээний ажилтнуудыг зайлшгүй суралцуулах шаардлагатай хэмээн үзэж байна.

- Үндэсний бичгийг зааж сургахад тулгамдсан ямар асуудлууд байна?

- Хэд хэдэн тулгамдаж буй асуудлууд бий. Аливаа үйл ажиллагааг чанартай зохион байгуулахад санхүүгийн байдлыг шийдвэрлэж өгөх шаардлагатай. “Үндэсний бичиг І, ІІ, ІІІ” хэмээх гурван хөтөлбөрийг улс даяр хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ажлын байранд тасралтгүй хөгжих, сурч боловсроход зориулж тухайн байгууллагын төсөвт сургалт явуулах санхүүжилтийг суулгаж өгөөгүй. Тиймээс үндэсний бичгийг заах, түгээн дэлгэрүүлэх сургалтыг монгол хэл бичгийн мэргэжлийн багш нар ихэнхдээ сайн дураараа хийж гүйцэтгэсэн. Цаашид Аймгийн  Засаг дарга буюу Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга үндэсний бичгийн сургалт явуулахад зориулж тусгайлан хөрөнгө, санхүүжилт  хуваарилж, чуулганаар батлуулан шийдвэрлүүлэх шаардлага зайлшгүй үүсээд байна. Гэвч тухайн хөтөлбөрийг дэмжих үүднээс зохион байгуулсан сургалт семинар, уралдаан тэмцээн, олимпиад, улсын олимпиадад оролцох багш нарын замын зардал зэргийг ивээн тэтгэдэг.

Цаашид анхаарах асуудлууд юу байна?

- Байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад анхаарах шаардлагатай. Үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах нь зөвхөн Боловсрол, шинжлэх ухааны газрын, эсвэл Хэлний бодлогын салбар зөвлөлийн ажил биш, төрөөс баримталж буй бодлогын асуудал тул холбогдох байгууллагууд  уялдаа холбоотой ажиллах ёстой. Тухайлбал, соёлын өв уламжлал гэдэг утгаар аймгийн Соёл, урлагийн газар ач холбогдол өгч ажиллах шаардлагатай. Стандарт, хэмжил зүйн газраас хос бичгээр албан бичиг үйлдэхэд стандартыг хэрхэн баримтлах талаар бичиг хэргийн ажилтнуудад ойлголт өгөх хэрэгцээ байдаг бол түгээн дэлгэрүүлэх, сургалт явуулах, албан байгууллагуудын бичиг хэргийн ажилтнуудад мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг Архивын тасаг болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах шаардлагатай. Гэхдээ аливаа ажлыг зохион байгуулахад санхүүжилт хэрэгтэй. Албан хаагчдадаа үндэсний бичиг заахад шаардагдах санхүүжилтийг байгууллага бүр  өөрсдийн төсөв, төлөвлөгөөнд тусгаж, өөрт нь оногдсон ажлаа шат шатандаа хийх хэрэгтэй байна.

Саяхан аймгийн Архивын тасаг сарын аян өрнүүлж, кирил бичгээр үйлдсэн бүх албан бланкыг цуглуулж, стандартад нийцэж байгаа эсэхт нь хяналт тавьж ажиллаж байна. Бичиг баримтын зөрчилтэй байгууллагууд мэр сэр байсан. Тус хяналт шалгалт дуусаж, Архивын тасаг баталгаажуулсны дараа бүх байгууллагын албан бланкыг үндэсний бичигт хөрвүүлэх ажлыг тавдугаар сард багтаан зохион байгуулна.   

Улсын бүртгэлийн байгууллагаас олгодог төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, мөн боловсролын бичиг баримтуудыг хос бичгээр бичээд хэдэн жил болж байна. Үүнд хяналт тавьж байгаа юу?

- Казах хүний нэр онцлогтой бичигддэг. Бичиг баримтуудад хүний нэр монгол бичгээр зөв бичигдсэн байна уу гэдэг асуудлаар ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнтэй хамтарч, тодорхой хэмжээгээр хяналт тавьж ажиллаж байна. Одоогоор нэг хүний нэр хэд хэдэн бичиг баримтад өөр өөрөөр бичигдсэн байх магадлалтай. Тухайлбал, миний “Гаура” гэдэг нэрийг үндэсний бичгээр бичихэд сүүлээр төгсгөх эсвэл орхицоор төгсгөн хоёр янзаар бичигдсэн байдаг. Тийм учраас хүний нэрийг үндэсний бичгээр хэрхэн бичих арга зүйн зөвлөмжтэй журамласан толь бичиг гаргахаар төлөвлөж, миний бие гардан гүйцэтгэж байна. Бид 40000 хүний нэрийг үндэсний бичгээр бичихээр төлөвлөж одоогийн байдлаар 2500 орчим хүний нэрийг бичиж тэмдэглэсэн. Цаашид энэ асуудлыг нэг мөр болгохыг зорьж ажиллаж байна.   

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/341179

Top