Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Хүйс толгойн бичээс-1420 жил” номын нээлт боллоо

 

Өнөөдөр "Эх хэлний өдөр" тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 25 дугаар зарлиг ёсоор жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

“Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс санаачлан Шинжлэх Ухааны академийн Археологийн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол-брахми бичгийн олон улсын нийгэмлэгтэй хамтран “Хүйс толгойн бичээс-1420 жил” номын нээлтийг Монгол Улсын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд зохион байгууллаа. Уг арга хэмжээ Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж Алтайн магтаал хайлж ирсэн зочдод хүндэтгэл үзүүлснээр эхэллээ.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам номын баярыг нээж үг хэлэв. Шинжлэх Ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Г.Эрэгзэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Бадамсамбуу нар “Хүйс толгойн бичээс-1420 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол, судалгааны ажлын талаар танилцуулж уг хуралд оролцсон эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ.

 

Номын нээлтэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа, Шинжлэх ухааны доктор, Академич Д.Төмөртогоо, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Э.Пүрэвжав, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Ю.Болдбаатар, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан, Японы Отаны их сургуулийн багш, доктор, профессор Такаши Мацүкава, монгол судлаач Осава нарын эрдэмтэд, Ардын уран зохиолч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч, судлаач Г.Аким, Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана нарын хүндтэй зочид хүрэлцэн ирэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монгол-Брахми бичгийн олон улсын нийгэмлэг хамтран “Хүйс толгойн бичээс” зохиогдсоны 1420 жилийн ойг тэмдэглэн “Хүйс толгойн бичээс-1420 жил” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 3 дугаар сард зохион байгуулсан. Тус хуралд түүх, хэл, соёл, археологийн гэсэн чиглэлээр, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн 3 хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн хоёр судалгааны сургууль, ШУТИС, БНКазакстан Улс дахь Түрэг судлалын олон улсын академи болон Монгол-Брахми бичгийн олон улсын нийгэмлэгийн Монгол, Герман, БНКазакстан Улс, БНТурк Улс, Америкийн эрдэмтэн судлаачдын нийт 13 илтгэлийг хэлэлцүүлсэн ба эрдэмтдийн хэлэлцүүлсэн илтгэлийг “Хүйс толгойн бичээс-1420 жил” ном болгон эмхэтгэж өнөөдөр номын нээлтийг хийж байна.

Ташрамд Хүйс толгойн бичээсийн талаар дурдахад одоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдоод буй хамгийн эртний өвөг монгол хэлний бичиг үсгийн дурсгал юм. Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон энэхүү Монгол брахми бичиг бүхий дурсгал нь ОХУ-ын Эрмитаж дахь “Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед буюу 1400 жилийн тэртээд хамаарах дурсгал юм. МЭ 601 оны үеийн бичиг үсгийн дурсгал “Хүйс толгой бичээс-1”-нь 11 мөр, эртний монгол хэлээр брахми үсгийн 215 тэмдэгтээр бичсэн 100 үгээс бүрдсэн Монголын эртний үсэг, бичиг, үг, хэл, нүүдэлчин угсаатан, овогтны түүх, соёл, зан заншил, шашин шүтлэг, тахилга мөргөл, зан үйлийн тухай мэдээлэлтэй нэн ховор баримтат хадны бичээс-дурсгал бөгөөд энэ нь төв Азийн нүүдэлчин үндэстэн монголчууд нь хамгийн анх өөрийн үг, хэлээ тэмдэглэсэн үсэг, бичигтэй байсан үндэстэн гэдгийн шинэ нотолгоо болдог юм.

Монголын эрдэмтэн Ц.Цэнд, М.Шинэхүү, Н.Наваан нар Хүйс толгой бичээсийг бичиг үсгийн дурсгал болохыг мэдээлснээс хойш 50 гаруй жилийн дараа эрдэм шинжилгээ судалгааны олон улсын экспедицийн баг Монгол Улсад ирж уг хөшөө чулууны бичээсийг тайлж, уг бичиг нь Брахми бичгээр эртний өвөг Монгол хэлээр бичигдсэн болохыг, 2019 онд Герман улсын иргэн монгол гаралтай судлаач Солонгод Хурцбаатар уг бичээсийн Монгол хэлний зүйн тайлбарыг гаргаснаар одоогоос 1420 жилийн өмнөх Монгол хэлний бичгийн дурсгал болохыг нотолсноор Монгол Улсын Засгийн газар 2019 оны 9 дүгээр сарын 25-нд тогтоолоор баталж, “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д оруулан, уг бичээсийг Төрийн ордонд залсан билээ.

“Хүйс толгойн бичээс”-ийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл санаачлан НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын “Дэлхийн дурсамжийн олон улсын бүртгэл”-ийн жагсаалтад 2023 онд нэр дэвшүүлэхээр ажиллаж байна.

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top