Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулэйн илгээлт

2022 оны 03 сарын 22

Үгээр хувцаслаж, дүр төрхөө өнгөөр чимж, зөв хэмнэлээр цохилсон яруу найраг нь юутай ч зүйрлэмгүй хүч чадалтай. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн эх булаг болсон яруу найраг нь харилцааг баяжуулж, бусдад нээлттэй байх боломжоор хангадаг илэрхийллийн дотно хэлбэр бөгөөд ээдрээтэй энэ цаг үед урьд урьдынхаас илүү хэрэгцээтэй харилцаа холбоо гэж харагдаж байна. 

Ялангуяа технологийн хөгжил, цаг уурын өөрчлөлт, үргэлжилсэн тэмцэл мөргөлдөөний улмаас хэл, соёл нь өдрөөс өдөрт аюулд өртөж байгаа уугуул ард түмний хувьд онцгой ач холбогдолтой юм. Ийм бүлгүүдийн хувьд яруу найраг нь хэл, соёлын олон янз байдал хийгээд ард түмний ой санамжийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Үүний тод жишээ бол уугуул Америкийн Мвскогийн овгийн гишүүн, АНУ-ын яруу найрагч Жой Харжо (Joy Harjo)-гийн бүтээл юм. “Зүрх минь зүсэгдсэн” шүлэгт нь 1830 онд Энэтхэгийн нүүлгэн шилжүүлэх тухай хууль батлагдсанаар түүний өвөг дээдэс нь газар нутгаасаа хөөгдөж, баруун зүгт Оклахома мужийн Окфүскээд нүүж ирсэн тухай өгүүлдэг байна. Тэрээр:

Хууль сахиулагч эсвээс шоронгийн тавцан дээр […]

Чи шүлэг бичихийг албадаж чадахгүй

Түүх чамайг хэзээд олж, мянган гартаа ороох болно.

Өнөөдөр Дэлхийн яруу найргийн энэ өдрөөр ЮНЕСКО уугуул ард түмний яруу найрагт онцгой анхаарал хандуулж, гадуурхалт, шударга бус байдлын эсрэг тэмцэлд зогсож, соёлыг нэгтгэх үйлсэд оруулсан тэдний хувь нэмрийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэ удаагийн Дэлхийн яруу найргийн өдөр нь ЮНЕСКО-гийн санаачилгаар НҮБ-аас тунхагласан Уугуул хэлний олон улсын 10 жил эхэлж буйтай давхцаж байгаа бөгөөд уг арга хэмжээ нь уугуул иргэдийн соёл, уламжлалт мэдлэг, эрх ашгаа хамгаалах үйлсэд нь олон улсын хамтын нийгэмлэг туслахад бэлэн байгааг дахин нотлох зорилготой юм.

ЮНЕСКО нь өнөөг хүртэл уламжлагдсан уламжлалаа хадгалан үлдэх хүчин чармайлтынхаа хүрээнд Филиппин дэх баатарлаг Худхуд (Hudhud) дуу, Венесуэлийн Мапойо (Mapoyo)-чуудын аман зохиол, Перугийн Эшува Харакмбут (Eshuva, Harákmbut)-ын дуун залбирал, Угандагийн Күүгер (Googer)-ийн аман зохиол зэргийг Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад оруулсан.

Яруу найргийн хэлбэр бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хэдий ч хүн төрөлхтний нийтлэг шинж чанарыг илэрхийлдэг – бүхий л хил хязгаарыг даван туулах бүтээлч хүсэл эрмэлзэл юм. Яруу найргийн хүч ийм л байдаг.

Эх сурвалж: https://en.unesco.org/commemorations/worldpoetryday

Top