Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Эх хэл – Нэг Монгол” монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн боллоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Эх хэл – Нэг Монгол” монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ өдөр их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буй нь монгол хэл, утга зохиол, үндэсний соёлын үнэ цэнийг дахин сануулсан онцгой өдөр юм.

Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын боловсролын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн арга зүйг шинэчлэх, эх хэлний хэрэглээ, үндэсний соёлын өвийг хойч үедээ өвлүүлэх бодлогын асуудлыг хэлэлцэх тус зөвлөгөөнд улс орны өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаач, хэл шинжлэл, утга зохиол судлал, бүх шатны боловсролын байгууллагын төлөөлөл 700 гаруй багш оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ эх хэл, үндэсний бичиг, утга зохиолоо уламжлан хөгжүүлэх, судлан шинжлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд хүчин зүтгэж буй багш, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ.

Энэ удаагийн зөвлөгөөнийг “Эх хэл-Нэг Монгол” уриан дор зохион байгуулж нь монголчууд дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаагаас үл хамааран эх хэл, өв соёлоороо холбогдож, үндэсний эв нэгдэл, оюун санааны дархлаагаа бэхжүүлэхийн чухлыг илэрхийлж буй. Монгол хэлний багш нарын зөвлөгөөнийг таван жил тутам тогтмол зохион байгуулж, ололт амжилтаа дүгнэн, бодлого, зорилтоо шинэчлэн тодорхойлж байх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, ажил үйлсээрээ салбартаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Төрийн шагнал хүртсэн багш нарт шагналыг нь гардууллаа.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, монгол хэл, бичиг, утга зохиолын үнэт өвийг хамгаалан хөгжүүлэхэд эрдэмтэн судлаач, багш нарын үүрэг, оролцоо чухал болохыг онцолж, орон нутаг, бүсийн зөвлөгөөнүүдээс гарсан багш нарын санал, санаачилга, бодит туршлагыг төрийн бодлогод тусган ажиллахаа илэрхийллээ.

Зөвлөгөөний үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Эх хэл ба ирээдүйн чадамж” сэдвээр илтгэл тавьж, монгол хэлний боловсролын шинэчлэлийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.

 

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор, профессор Д.Заяабаатар “Монгол хэл судлалын өнөөгийн байдал: асуудал, шийдэл” сэдвээр, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Х.Отгонбаатар “ПИСА 2025: Уншаад ойлгох чадварын гүйцэтгэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 13-15-ны өдөр бүсийн зөвлөгөөн, 11 дүгээр сарын 16-ны өдөр 6 салбараар хуралдаж, Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын боловсролын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн арга зүйг шинэчлэх, эх хэлний хэрэглээ, үндэсний соёлын өвийг хойч үедээ өвлүүлэх бодлогын асуудлыг хэлэлцэж, сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын салбарын багш, судлаачдын саналыг авч нэгтгэсэн юм.

“Эх хэл – Нэг Монгол” монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд оролцогдоос гарсан саналыг нэгтгэн, нэгдсэн зөвлөмжийн төсөл боловсруулан танилцуулж, оролцогчид дэмжсэнээр, холбогдох бодлого тодорхойлогч яаманд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.  

 

 

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн

Ажлын алба

Top