Хүүхдийн хэл ярианы хэвийн хөгжлийг дэмжих, хэл ярианы хөгжлийн хоцрогдолыг эрт илрүүлэх, хэл заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн хэл ярианы хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлыг хамтран судлах, хэл заслын мэргэжилтний хэрэгцээ, хүний нөөцийн төлөвлөлтийг боловсруулах, хэл засалч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг сайжруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөгжлийн эрт илрүүлгийн тогтолцоонд хэл ярианы хөгжлийн үнэлгээг уялдуулан нэвтрүүлэх, хөгжлийн хоцрогдол, эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбон зуучлах тогтолцоог бүрдүүлэх юм.
Мөн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж боловсруулах, хэл заслын үйлчилгээний чиглэл, стандартыг боловсронгуй болгох, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэхэд хамтран ажиллана.
Энэхүү санамж бичиг нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, эх хэлний орчныг цогцоор нь дэмжих, салбар дундын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм.


Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн
Ажлын алба