Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ТӨВ АЙМАГТ ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Хэлний бодлогын үндэсний зөвлөл Төв  аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, албан хаагчдад Монгол хэлний зөв бичих дүрэм, монгол бичгийн цахим бичвэрийн сургалт хийв.  Сургалтыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, эх бичиг судлаач, багш Т.Түмэндэмбэрэл нар удирдан зохион байгуулж, 60 орчим төрийн албан хаагч хамрагдлаа.

Сургалтаар монгол кирилл үсгийн зөв бичих дүрмийн мэдлэг чадварыг бататгах, ахиулах, зөв бичгийн журамласан толийг хэрхэн зөв ашиглах,  үндэсний бичгээр цахимд хэрхэн бичих, үндэсний бичгийн фонт, программ хэрхэн суулгах, хэрэглэх талаар онолын мэдлэг өгч, дадлага ажил хийлгэсэн нь үр дүнтэй болж, дахин ийм төрлийн сургалтад хамрагдаж эх хэлний мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлж байв.

Мөн Төв аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Д.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Д.Батцэнгэл нартай уулзаж, “Монгол хэлний тухай хууль”, “Үндэсний бичгийн хөтөлбөр III”-ийн хэрэгжилт, цаашид хамтран ажиллах төлөвлөгөөний талаар санал бодлоо солилцлоо.

 

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top