Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулж “Өглөөний сонин”-ы зочин хоймортоо МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаяныг урин ярилцлаа. Тэрбээр 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай” хууль, 2018 онд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөр батлагдсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг боловсруулахад оролцсон эрдэмтэн багш юм. Түүнтэй эх хэлийг тойрсон асуудлаар яриа өрнүүлэв.
-Аливаа улсын бусдаас ялгарах соёлын маш том өв бол эх хэл байдаг. Дэлхий дахинаа хэчнээн хэл байдаг вэ. Монгол хэлээр хэчнээн хүн ярьж байна вэ?
-Хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт бүтээл бол хэл. Хэлгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтнох боломжгүй. Улс үндэстний хэлийг хамгаалах, өвлүүлэх талаас НҮБ тэргүүтэй олон байгууллагууд олон талын арга хэмжээ авч ирсэн. Үүний нэг жишээ бол жил бүр тохиодог эх хэлний өдөр өнөөдөр /өчигдөр/ тохиож байна. Улс үндэстнийхээ дархлааг хадгалахын тулд төр засгаас эхлээд нийт ард түмэн эх хэлээ төгс эзэмших журамт үүргээ биелүүлэх хэрэгтэй. Дэлхий дахинд 1800 гаруй үндэстэн байна гэж үздэг, тэгэхээр төдий тооны хэл байна гэсэн үг. Монгол угсаатан 10 сая гаруй бийгээс зургаан сая нь монгол хэлээрээ ярьж байгаа юм. Монгол хэл бол өөрийн гэсэн дархлаатай. Дархлааг юугаар тодорхойлох вэ гэхээр нэгт, олон хүн хэрэглэж байх тусам урт насална. Хоёрт бичгийн хэлээр баталгаажсан байх. Гуравт, олон хэл аялгууны өнгө төрхтэй байх юм. Монголчууд түүхэндээ 10 гаруй бичиг хэрэглэж ирснээс монгол бичиг, кирилл бичиг хоёр шалгарч үлдсэн. Монгол хэл нь дөрвөн том аялгуутай. Халх аялгуугаар манай улсын 80-90 хувь нь ярилцдаг. Ойрад аялгуут хэлээр дэлхийн олон орон ярьж байна. Өвөр аялгуугаар өвөрмонголчууд ярилцдаг бол буриад аялгуугаар буриадууд болон оросын буриадууд ярьдаг. Хэл нь олон аялгууны өнгө төрхтэй байвал найрал хөгжим шиг л байна. Олон хөгжим нэг зэрэг найрахаар ямар аялгуу гаргадаг билээ, тэрэнтэй л адил монгол хэл дархлаатай байна гэсэн үг.
-Дэлхий дахинд хагас цаг тутамд нэг хэл устаж байдаг гэдэг шүү дээ. Буриад, Халимаг зэрэг монгол аялгуутай хэл том улсын нөлөөнд уусах эрсдэл хэр байна вэ?
-Монгол хэл бол холын болон ойрын төрөл хэл гэсэн хоёр бүлэг төрөл хэлтэй. Гарал үүслийн хувьд, нэлээд судлаач Алтай язгуурын хэлэнд хамааруулдаг. Монгол хэл Алтай язгуурын хэлээс салаад бие даасан хэл болсны дараагаар түүхэн урт хугацааны турш монгол хэлээс хэд хэдэн хэл салбарласан. Үүнийг судлаачид янз бүрээр үздэг. Бие даасан долоон монгол хэл байна гэж үздэг хүмүүс байна. Жишээлбэл, төв монголчууд, өвөрмонголчууд, халимаг, буриадууд ярьж байгаа энэ хэлийг орчин цагийн монгол хэл гэж байгаа. Түүнээс гадна дунд болон эртний монгол хэлний онцлогийг хадгалсан бас хэдэн хэл байна. Тэр бол монгол хэлээс салсан буюу монгор, дунсиан, дагуур, шар ёгор, зарим Хазаруудын ярьдаг могол хэл юм. БНХАУ-д бол монгол угсаатан зургаан сая орчим байна. Тэр дотроос яг монгол хэлээрээ ярилцаж байгаа нь баримжаалсан тоогоор 3-4 сая орчим. ОХУ-д хоёр том газар монгол угсаатан байна гэж үздэг. Нэг нь, Халимагийн Бүгд Найрамдах улс. Албан ёсны бус мэдээгээр, 160 орчим мянган хүн байна гэсэн тооцоо бий. Буриадын Бүгд Найрамдах Улсад мөн албан ёсны бус мэдээгээр, 500 мянга гаруй монгол угсаатан байна. Монгол хэл нь хэрэглэгч талаасаа үзвэл мөхөх аюул ойрхон. Монгол хэлээс салсан дагуур хэл, монгор хэл, дунсиан хэл, шар ёгор, хазаруудын ярьдаг могол хэл үндсэндээ мөхсөн. Халимаг, буриад хэл аялгуу бас л мөхөх аюултай байна. Яагаад гэвэл Орос хэмээх том үндэстний нөлөөнд байгаа учраас. Өвөрмонголчуудын хэл аялгуу ч мөн ялгаагүй. Хан үндэстний нөлөөнд уусаж буй. Тухайн улсын төрийн хэлний бодлогыг бид болиулах ямар ч эрх байхгүй.
-Та боловсролын салбарын шат шатны сурах бичиг боловсруулах, монгол хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцож ирсэн. Сүүлийн үед бага сургуулиас нь эхлээд гадаад хэл зааж байна шүү дээ. Энэ тал дээр төр засгаас ямар хяналт тавьж ажилладаг вэ?
-Би төрийн хэлний бодлого барих ажилд 50-иад жил оролцож иржээ. Эх хэлний сургалт нь эх хэлний дархлааг хадгалахад хамгийн чухал нөлөөтэй. Төрийн хэлний хуульд төрийн болон төрийн бус өмчийн бүх сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас өмнө заахыг хориглосон. Гэтэл дурын хүн хувийн сургууль байгуулж, яам нь зөвшөөрөл олгож байгаад хатуу хандмаар байна. Хүүхэд 11 нас хүртэл үндэсний хэлний дархлаа, сэтгэлгээ төлөвшдөг. Тэр хүртэл монгол хэлээ сайн сурчихсан хүүхэд харийн хэлний нөлөөнд автах нь бага байдаг. Монгол хэлний агуулга, сургалт 1990-ээд оноос өмнө хэл зүй дээр тулгуурласан байдаг бол түүнээс хойш хэрэглээн дээр тулгуурласан агуулгатай явж ирсэн. Кирилл бичиг бол монголчуудыг дэлхийн соёл, боловсролтой холбож, оюуны соёлыг хангаж ирсэн. Сурах бичгийн агуулгад монгол үндэстний сэтгэлгээтэй эх зохиол байх ёстой. Гэтэл сурах бичгийг олон хүн өөр өөрийнхөөрөө бичиж байгаа нь гажуудал үүсгэж байна. Тэдэнд тавьдаг шаардлагын систем сайжраагүй хэвээр байна. ЕБС-ийн 170 гаруй сурах бичигт судалгаа хийхэд сурах бичигт үндэсний сэтгэлгээнээс хол, хүүхдийн хэлний хэрэглээнд онц шаардлагагүй жишээ оруулдаг зүйл ажиглагдсан. Үүнийг анхаарах хэрэгтэй гэдгийг холбогдох яаманд уламжилсан.
-ЕБС-иудын монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг багасгасныг багш, судлаач хүний зүгээс юу гэж боддог вэ. Мөн ЭЕШ-ын агуулгыг олон жил боловсруулсан хүний хувьд ямар аргаар шалгалт авах нь оновчтой санагддаг вэ?
-Уран зохиолын хичээл гэдэг хүний хэл сэтгэлгээний дархлаа үүсгэхэд хамгийн чухал хичээл. Монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийг багасгалаа ч гол агуулга, цөмийг нь ойлгуулахад цагандаа байна уу, заах аргадаа байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Хамгийн гол нь агуулга, арга барилд нь анхаарах хэрэгтэй гэж боддог. 1996 оноос хойш бүх сургуулийг ЭЕШ-ыг монгол хэлээр өгөх хууль тогтоомж гарсан тэр цагаас хойш шалгалтын сэдэв боловсруулахад 10-аад жил оролцсон. Сүүлийн үед Хэлний үнэлгээний төв гэж бий болж залуус энэ ажлыг хийх болжээ. ЭЕШ-д тестийн аргаар шалгаж дүгнэх нь учир дутагдалтай. Уламжлалт аргаар шалгалт авахад техникийн үнэлгээ хэцүү. Эсээ бичлэгээр шалгалт авах маш оновчтой байдаг. Миний хувьд хүүхдээр зохион бичлэг хийлгэж шалгадаг. Үүгээр маш олон талын мэдлэг чадвар нь гарч ирдэг.
-Монгол бичгийг нийтээрээ хэрэглэж хэвших тал дээр хэдий хугацааны он жилийг зарцуулах бол. Даяаршлын үед дангаарших бодлого барьж буй нь цаг үетэйгээ хэр зохицолтой байдаг юм бол?
-Үндэсний сэтгэлгээ сэргэсэн 1990-ээд оноос хойш монгол бичгийн хэрэглээ сэргэсэн. Монгол бичгийн 1,2,3 дугаар хөтөлбөр боловсруулаад батлагдсан. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС тэргүүтэй эх хэлээ хамгаалдаг байгууллагууд анхаарч ажиллаж байна. 2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуульд 2025 оноос зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон орон нутгийн удирдлагын албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлнэ гэсэн шаталсан заалт орсон. Энэ заалтыг хэрэгжүүлэх нь төрөөс явуулж буй бодлогоос шууд хамаарна. Салбар бүрдээ л анхаарч бэлтгэж байна. Сүүлийн үед хүмүүс монгол бичиг хэрэггүй хоцрогдсон, англи хэлийг хоёр дахь хэл болгоё гээд байх болж. Монгол бичиг бол сэтгэлгээний оюуны соёлын маш том бүтээл учраас монгол бичгийг орхиж болохгүй. Монгол бичиг, кирилл хос бичигтэй болох ажил 2025 он хүртэл хэрэгжихийн тулд хэрэглээний орчин бүрдүүлэх хэрэгтэй. “Хүмүүн бичиг” гэдэг ганцхан сонин байна. Жишээ нь, танай сонин монгол бичгийн булан гаргаад эхэлбэл уншигчдын хэрэглээ бий болно шүү дээ.
-Монгол уугуул үг мартагдаж нутгийн аялгуугаар ярьдаг цөөхөн хэдэн настнууд ч цөөрч байх шиг. Суурин газрын залуучууд цөөхөн хэдхэн үгэн дотор ярьж бичиж, хэлний хэрэглээний ядуурал үүсээд байна уу даа?
-Монгол хэлний үсгийн сан үндэсний соёл сэтгэлгээ, таван хошуу мал дээрээ тулгуурласан байдгаараа онцлогтой. Ёслол хүндэтгэлийн ямар яруу тансаг үг хэллэгтэй билээ. Амьдралын хэв шинжид тулгуурласан уугуул монгол үг хэлээрээ ярьж сурах хэрэглэхээсээ илүүтэй монгол үг дотроо харийн үг их шингэсэн байна. Жишээ нь, “худалдан авалт хийх, хайлт хийлээ” гэх мэтээр монгол хэлний үгсийн сан нэршээд эхлэхээр үйл үг төвтэй эх хэлний дархлаа муудаж байгаа юм. Энэ нь англи, орос мэтийн хэлний сэтгэлгээ нөлөөлж үсгийн сан нэршээд байна. Хэл найруулга нь монгол хэр нь үгийн хэл зүйн байгууламж нь харь болоод байна. “Арваад хүмүүс, арваад оюутнууд” гэж хэлээд байх. “Арван хүн, арваад оюутан” гэж ярьдаг арвич хямгач хэл шүү дээ. Ингэж л монгол төрхтэй, харийн сэтгэлгээтэй хэл болоод байгаад харамсдаг.
-Эргэлзээтэй бичигддэг 700 үгийг журамласан нь нэгэн томоохон ажил байсан. Эх хэлний зөв бичгийн дүрмийн эрдэмтэд дур мэдэн өөрчиллөө гээд л иргэд бухимдаад байсан шүү дээ?
-1990 оноос хойш зөв бичих дүрмийн алдаатай бичих, нэг үгийг олон янзаар бичдэг нь газар нь авсан. Үүнийг журамлах шаардлага байсан учир МУИС, МУБИС-ийн Монгол судлалын сургууль, БСШУЯ, Хэл зохиолын хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Төрийн хэлний зөвлөл харилцан ярилцаад зөв бичгийн дүрмээс гадна олон янзаар бичигддэг үгсийг сургалтын түвшинд журамлахаар санаачилсан. Ингээд 2011 оны зургаадугаар сарын 10-11-нд дээрх нэр бүхий байгууллагуудын 40 гаруй эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй баг ажиллан 700 үгийг журамласан. Ингэхдээ үгийн хэв шинж, үгийн бүтцийн онцлог, хэлний хэмнэлийн хууль зэрэг олон талаас нь авч үзсэн. Ингэхдээ бид 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг үндсэндээ баримталсан. Гэхдээ түүнд уламжлалаар бичдэг зарим үгийг сүүлийн тогтоолоор журамласан. Сүүлийн хоёр жилээс иргэд харьцангуй зөв бичиж дадаж байх шиг. Ерөнхийлөгчийн зарлигаар 2019 онд гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хараад явахад ямар ч эргэлзээгүй болсон гэдгийг эцэслэн хэлье.
-Монгол судлал тал дээр дэлхийн эрдэмтэн судлаачид манай хэлийг судлах ажил хэр өргөн далайцтай байна вэ?
-Монголч эрдэмтэд цөөнгүй бий. Монголчууд өнө эртнээс дэлхийн хүн төрөлхтний соёл сэтгэлгээнд өндөр хувь нэмэр оруулсан учир гадаадын эрдэмтэд монголчуудын түүх соёлыг идэвхтэй судалдаг. 1950 оноос монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар хурал хуралдаж эхэлсэн цагаас хойш 10 гаруй удаа Олон улсын монгол судлалын хурал болсон. Монголчуудын түүх, шашин, сурвалж бичиг, улс төр, соёлыг түлхүү судалдаг. 2000-аад оноос хойш Олон улсын Монгол судлалын цар хүрээ өргөжиж Монголыг судлах хандлага хүчтэй болж байна. БНХАУ, ОХУ, Герман, Франц, Унгар, Япон, Солонгос, Энэтхэг зэрэг улсад Монгол судлалын төвүүд бий. АНУ-д миний шавь М.Саруул-Эрдэнэ Монгол хэл соёлын төв байгуулчихсан ажиллаж байна. Олон улсын Монгол судлалын төвийн тэргүүн монголч эрдэмтэн Бирталан Агнеш Монголын талаар маш их судалгаа хийсэн. Унгарт ажиллаж байхдаа түүнд багшилж л байлаа. Зүүн Европт Монгол судлал маш хүчтэй хөгжиж байгаа. Гадаадын эрдэмтэд Монгол судлалыг ингэж хөгжүүлж байхад манайхан Монголынхоо үнэт зүйлс болсон эх хэлийг ад үзсэн, тээршаасан байдалтай байгаад эмзэглэдэг.
-Монгол хэлний хувьсал хөгжлийг эрдэмтэн судлаач хүний хувьд хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
-Хэл бол хөгжинө, баяжна. Монгол хэл нь залгамал хэл гээд залгамал хэв шинжийг хадгалж явсаар байгаад залгамал биш задлаг байгуулалтай хэв шинжтэй болох ч юм уу, олон тийн ялгалтай байж байгаад цөөн тийн ялгалтай болдог ч юм уу дотоод бүтцийн хувьд өөрчлөгдөхийг хөгжил гэж ярьдаг. Үгийн сангийн хувьд хэл гэдэг өөрийн дотоод зүй тогтолтой. Тэр дотоод хууль зүй тогтол, бүтэц байгуулал нь хэрэглээний явцад хувьсана шүү дээ. Ярианы хэл дотор хэлний хувьсал хөгжлийг харж болдог. "Иржийна" гэж яриад "ирж байна" гэж бичнэ гэдэг чинь нөгөө хэлний хөгжлийг хазаарлаж байгаа юм. Хэл аман яриаг дагаад л хэт хурдан хөгжих юм бол бичгийн хэл маш хурдан устах аюултай.
-Та ингэхэд монгол хэлний багш болох болсон түүхээсээ хуваалцаач. Энэ хугацаанд хэчнээн ном бүтээл хэвлүүлсэн бэ?
-Би Монголын баруун хязгаар Увс аймгийн Хяргас сумын уугуул. 1950, 60-аад оны хөдөөний малчдын хүүхдүүд ямар байсан тэр л жишгээр өсөж өндийсөн. Багшийн мэргэжлийг эрт сонгосон. Долоодугаар ангид байхдаа монгол хэл, уран зохиолын багш болно гэж мөрөөддөг байлаа. Тэр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн эрдмийн шилтгээнд ирж, 50 гаруй жил ажиллаж хөдөлмөрлөсөн байна. 1967 онд МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид элсэн суралцсан. МУБИС-ийн 20 жилийн ойгоор буюу 1971 онд төрөлх сургуулиа төгсөж байсан юм. Ингэж л МУБИС-тай хувь заяагаа холбосон. Хагас зуун жил энэ л сургуулийн босгыг өглөө бүр алхаж, эрдэмтэн мэргэд, багш сурган хүмүүжүүлэгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, эрдэм номын авшиг хүртэж, бас эрдэм номын хишгийг залуу хойч үедээ түгээж явна. Энэ хугацаанд ЕБС-ийн сургуулийн 10 гаруй сурах бичиг, их дээд сургуулийн 20 гаруй сурах бичгийг бие даан болон хамтран хэвлүүлжээ. Монгол түүх, соёлын бүх нийтэд зориулсан хялбарчилсан толь буюу “Дэлхийн монгол угсаатан” цуврал гаргахаар эрвийх дэрвийхээрээ хамтран ажиллаж байна. Эхнээсээ “Өнөөгийн монгол угсаатан”, “Монгол хэл аялгуу”, “Хэрэглээний аман зохиол” гээд гурван дэвтэр гаргасан байна. Их дээд сургуулиудад зориулж “Орчин цагийн монгол хэлний үг зүй”, “Үгийн гарал судлалын үндэс” зэрэг олон ном хамтран хэвлүүлсэн. Одоо “Монгол бичгийн журамласан толь” гаргахаар зэхэж байна. “Монгол хэлний судлал”-ын 13 ботийг Шинжлэх ухааны академи, МУИС-тай хамтраад гаргах гэж байна. “Монгол хэлний түүх судлал”-ын гурван ботийн нэгийг нь манайх хариуцаж хийлээ. Номыг гүйцэж унших хэцүү болж, маш их ном гарсан байна. Оюутан залууст сонголт өргөн болжээ. Амьдралынхаа ихэнх он цагийг гол төлөв сургалтын талын ном гаргахад зориулжээ.
-МУБИС-ийн Монгол хэлний тэнхим багш төгсгөхөөс гадна судлаачдыг бэлтгэж байна уу?
-Монгол хэл соёлын судалгааны гурван том төв байдаг гэж үздэг. Шинжлэх ухааны академи, МУБИС, МУИС-ийг хэлнэ. Багш төгсгөдгөөрөө МУБИС 100 жилийн түүхтэй. Монголын багш нарын 70 гаруй хувь нь манай сургуулийг төгссөн. Манай сургуулийг төгссөн зохиолч яруу найрагч, сэтгүүлчид ч олон бий. МУСГЗ Г.Мэнд-Ооёо, Ш.Гүрбазар, Болор цомын эзэн Б.Ичинхорлоо зэрэг монгол хэлнийхээ манаанд зохиол бүтээлээрээ зүтгэж буй олон шавь байна. МУБИС-д 2018 онд Монгол судлалын анги нээсэн. Монгол судлалын сургууль байсан нь Нийгэм, хүмүүнлэгийн сургууль нэртэй болсон. МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль байсан нь Шинжлэх ухааны болж өөрчлөгдсөн. Монголоороо овоглосон цөөхөн тоотой сургуулийн нэрийг нь өөрчлөөд устгаад байж болохгүй. Өвөрмонголын багшийн их сургуульд Монгол судлалын сургууль гэж бий. Өвөрмонголын эрдэмтэн “Монголчууд Монгол толгойтой зүйлсээ устгаад байвал бидэнд ч аюултай. Та нарыг дуурайгаад хэзээ нэгэн цагт хятадууд Монгол судлалын төвийг минь үгүй хийх вий гэж эмээдэг” гэсэн юм шүү. Миний хувьд гадаад, дотоодын гурван шинжлэх ухааны доктор, 20 гаруй боловсролын ухааны докторыг бэлтгэн гаргажээ.
Эх сурвалж: Өглөөний сонин