Олон Улсын эх хэлний өдрийг тохиолдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийслэлийн Боловсролын газар, Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо хамтран “Хэл, сургалт, судалгаа, технологи” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг танхим болон цахим хэлбэрээр 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл “ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулэйн илгээлт”-ийг уншиж танилцуулав. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, ШУТИС-ийн дэд захирал Н.Ганзориг нар үг хэлж хэлэлцүүлгийн зорилго, байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал хэллээ.
Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн багш Б.Сонинцэцэг “Эх хэлний сургалт ба цахим технологи”, ШУА-ийн ажилтан доктор Т.Пүрэвсүрэн “Цахим хөмрөгт суурилсан эх хэлний судалгааг сургалтад ашиглах нь”, Конгрессийн номын сангийн ажилтан, доктор М.Саруул-Эрдэнэ “Хэл сурах, сургах арга ба технологи”, МУИС-ийн профессор Н.Нансалмаа “Хэлээр дамжуулж хүмүүнийг хэрхэн бүтээдэг вэ” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 500 орчим хэлний мэргэжилтэн, судлаач, эрдэмтэн, багш нар оролцлоо.
ХБҮЗ-ийн Ажлын алба