Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, туульсыг залсны дараа Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, МУСГЗ Эрдэнийн Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч, МУСГЗ Авирмэдийн Балдандорж нар “Алтайн магтаал”-ыг аялгуулан хайллаа.
Үүний дараа 3800 орчим мөр шүлэгтэй “Аргил цагаан өвгөн” туулийг хайлж эхлэв. “Аргил цагаан өвгөн” тууль нь сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. “Аргил цагаан өвгөн” туулийг өглөөний 11:40 цагт хайлж эхлэн 18:30 цагт жаргаана.
Ёслолын үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Д.Бум-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам, Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, судлаач Др. Ж.Энэбиш, Ж.Төгсжаргал зэрэг судлаачдын төлөөлөл байлцав.
Эх сурвалж: president.mn