Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ОЛОН УЛСЫН СОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН ЭРХИЙН ӨДӨР БОЛЛОО

 

Дэлхийн сонсголгүй иргэдийн холбоо (WFD)-ноос жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн өдрүүдийг Олон Улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгон 1958 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй.

Манай улс 2009 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон.  2021 оны статистик мэдээллээр манай улсад нийт 108,399 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 8708 нь сонсголгүй иргэн байна.

Энэ өдрийн хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Тэгш тусгал ТББ, Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, Сонсголгүйн боловсрол ТББ, Монгол Үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо зэрэг байгууллагын төлөөлөлтэй уулзаж, монгол дохионы хэлийг судлах судлаач, мэргэжилтнийг бэлтгэх, хууль эрх зүйн орчныг бий болгох талаар харилцан санал солилцлоо.

 

Уулзалтын үеэр дээрх байгууллагуудын төлөөлөл: “Бидний хувьд өөрсдийгөө цөөнх гэж харж байгаа. Сонсголгүй хүмүүс дохионы хэлээр өөрийгөө маш сайн илэрхийлдэг боловч бичгийн чадвар маш муу байдаг. Иймээс ЕБС-ийн сонсголгүй хүүхдүүдэд дохионы хэлтэй хос хэлээр сургалт явуулахыг хүсэж байна.  Дэлхийн олон орон дохионы хэлний хуультай байдаг. Энэ хуулиар сонсголгүй иргэдийнхээ бүх үйл ажиллагааг зохицуулдаг. Гэтэл Монгол Улс дохионы хэлний хууль байхгүй байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох нөхцөлийг хангахын тулд Дохионы хэлний хуультай болох хэрэгтэй” гэхчлэн саналаа илэрхийллээ.    

Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2017 онд Сонсголгүйн боловсрол ТББ-тай хамтран ажиллаж сургуулийн өмнөх насны сонсголгүй хүүхдэд зориулсан анхан шатны хэрэглээний 1000 үг бүхий “Дохионы хэлний зурагт толь бичиг”-ийг Зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, тогтоол гаргаж байсан.

 

 

 

ХБҮЗ-ийн Ажлын алба    

Top