1965 онд Ираны нийслэл Тегеран хотод болсон "Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах тухай Олон Улсын Боловсролын сайд нарын бага хурал"-аас гарсан зөвлөмжийн дагуу ЮНЕСКО 1966 онд жил бүрийн 9 дүгээр сарын 8-ны өдрийг Олон Улсын бичиг үсгийн өдөр болгон зарласан. Дэлхий дээр бичиг үсэг үл мэдэх насанд хүрсэн 773 сая хүн байгаа бөгөөд үүний 3 хүн тутмын 2 нь эмэгтэйчүүд байна. Харин 2020 оны байдлаар 101 сая хүүхэд сургуульд сурч чадахгүй байна.
Монгол улс нь бичиг үсгийн эртний уламжлалтай бөгөөд 13-р зууны үеэс төрийн үйл хэргээ үндэсний бичгээр явуулж ирсэн. Эрт үеэс эдүгээ хүртэл үсэг бичгээ хэд хэдэн удаа солих гэж оролдсоноос хамгийн амжилттай хэрэгжсэн нь орос хэлний үсэгт тулгуурласан кирилл бичиг юм. 1945 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны хамтарсан хурлаар “Бүх хэвлэл ба улсын албан хэргийг 1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ үсгээр явуулсугай” хэмээн шийдвэрлэснээр БНМАУ-д кирилл үсгийг хэрэглэх болсон. 1950-иад оноос 16-40 насны хүмүүсийг нийтээр нь бичиг үсэгт сургах ажлыг эрчимжүүлж, 1950 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн бүх албан хэргийг шинэ бичгээр хөтлөн явуулах болсон. 1956 он гэхэд насанд хүрсэн нийт иргэдийн 72 хувь нь шинэ үсэгт суралцаж, 1962 онд бүх нийтээрээ бичиг үсэгтэн болжээ. ЮНЕСКО бүх нийтийг бичиг үсэгт сургасан амжилтыг үнэлж, 1970 онд Н.Крупскаягийн нэрэмжит бичиг үсэгтний шагналаар шагнаж байв. Үндэсний статистикийн хорооны мэдээллийн нэгдсэн сангаас авсан мэдээллээр Монгол Улсын нийт насанд хүрсэн хүний 98,7 хувь нь кирилл бичиг үсэгт тайлагдсан байна.
Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтын түвшин |
|||||||
Ангилал |
1963 |
1969 |
1979 |
1989 |
2000 |
2010 |
2020 |
Бүгд |
71.5 |
81.5 |
92.7 |
96.5 |
97.8 |
98.3 |
98.7 |
Эрэгтэй |
79 |
88.3 |
96.1 |
98.2 |
98 |
98.2 |
98.6 |
Эмэгтэй |
61.2 |
71.4 |
88.2 |
94.9 |
97.5 |
98.3 |
98.9 |
Эх сурвалж: www.1212.mn
Монголчууд 1000 гаруй жилийн түүх, соёл, шашин шүтлэг, өв уламжлал, хууль цаазын дурсгал үндэсний бичгээр тэмдэглэн ирсэн билээ. Энэхүү бичиг үсгийн нандин өв уламжлалыг залгамжлан авч, хойч үедээ уламжлуулан үлдээх талаар төр засаг анхааран ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоол, Монгол хэлний тухай хуулийн 7.2 дахь заалтыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улс анх удаа төрийн албан хаагчдынхаа үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг гаргалаа. Хэлний бодлогын үндэсний зөвлөл Үндэсний статистикийн хороотой хамтран зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа-2021”-ийн дүнгээс харахад, судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.6 хувь нь албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн гэсэн бол үлдсэн 46.4 хувь нь хараахан бэлэн биш гэж хариулсан байна. Энэ судалгааны нарийвчилсан дүнд тулгуурлан Монгол үндэсний бичгийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө гаргаж, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна.
ХБҮЗ-ийн Ажлын алба
2021.09.08