Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Н.Нарангэрэл: 53.3 хувь нь монгол бичгээр төрийн хэргийг хөтлөхөд бэлэн гэж хариулсан

 

2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн төрийн байгууллагууд албан хэргийг хос бичгээр хөтлөхөөр хуульчилсантай холбогдуулж Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Төрийн байгууллагууд албан хэргийг хос бичгээр хөтлөхөөр хуульчилсан. Яам, агентлагийн түвшинд бэлтгэл ажлыг хэрхэн явуулах үүрэг хүлээсэн бэ? 

-Монгол хэлний тухай хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан. Тус хууль хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш яам, агентлаг, бусад холбогдох газруудтай хамтран манай байгууллага зохих сургалтыг явуулж байна. 

21 аймаг, 330 суманд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөл ажиллах боллоо. 

Ингэснээр бүх аймагт үндэсний бичгийн хэрэглээ нэмэгдэж, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Яамдад Хэлний бодлогын салбар зөвлөлийг байгуулсан бөгөөд голдуу салбарын нэр томьёог хэлэлцэн шийдвэрлэж ирсэн. Цаашид хаана хаанаа бодлогын түвшинд улам нягт хамтран ажиллаж, монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх  шаардлага бий юу гэвэл бий.

-Төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд үндэсний бичиг үсэгт тайлагдсан байдал ямар түвшинд байна вэ? Энэ талын судалгаа явуулсан удаа байна уу?

-Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран 160 мянга орчим төрийн албан хаагчаас монгол бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг 4-5 сард авч дуусгалаа. 

Судалгаанд оролцсон нийт алба хаагчдын 53.3 хувь нь монгол бичгээр төрийн хэргийг хөтлөн явуулахад бэлэн гэж хариулсан. 1991-1994 онд монгол бичгээр анхлан хичээллэсэн сурагчид одоо төрийн албанд ид ажиллаж байгаа нь судалгаанд нөлөөлсөн. Үүнд 40 мянга орчим хүнийг хамруулан ойлгож болно. Иймд тус судалгааг бид ханатай гарч гэж дүгнэж буй. 

Товчдоо бол, судалгаанд оролцсон нийт иргэдийн 5.2 хувь нь маш сайн мэддэг, 13.5 хувь нь сайн мэддэг, 28.7 хувь нь дунд зэрэг мэддэг, 25.5 хувь нь бага зэрэг мэддэг, 27.2 хувь нь огт мэддэггүй гэж хариулсан. Тиймээс бага зэрэг болон огт мэддэггүй гэж хариулсан иргэдэд зориулж 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн байгууллагаар нь ангилан сургалтад хамруулахаар болсон. 

-Албан хэргийг хос бичгээр хөтөлнө гэхээр бичиг хэргийн ажилтнуудад ирэх ачаалал, тэдэнд тавигдах ажлын байрны шаардлага нэлээн өндөрсөх нь гэж ойлгох уу?

-Төрийн бүх шатны албан хаагчид одооноос эхлэн үндэсний монгол бичгээ сайн сурах хэрэгтэй. Учир нь монголчуудын 1000 гаруй жилийн түүх энэ бичгээр дурайтал бичигдэн, өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн юм. Бид Төрийн албаны зөвлөлтэй хамтран 2016 оноос хойш төрийн албанд анх орох гэж байгаа иргэдээс Монгол хэлний тухай хуулийн дагуу шалгалт авч эхэлсэн. Энэхүү шалгалтын асуултын 1/4 нь үндэсний монгол бичгийн мэдлэгийг шалгахад чиглэсэн асуулт юм. 

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Архивын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газартай хамтраад холбогдох стандарт, журмыг батлах ажлын хэсгийг байгуулсан. Мэдээж бичиг хэргийн ажилтнууд хэвлэмэл хуудсан дээр тухайн газраас бусад газар руу илгээх бичгийн эцсийн хяналтыг хийдэг тул хянаж шалгаж гаргах ёстой. Иймд намар 11 сараас эхлэн хэвлэмэл хуудасны стандарт батлагдсаны дараа байгууллага бүрд хуваарь гаргаж, туршилт хийн нэгтгэн дүгнэнэ. Иймд бүгд бэлтгэлээ ханган ажиллах ёстой. 

Хэлний бодлогын үндэсний зөвлөл монгол бичгээр хэрхэн бичих заавар, зөвлөгөөг цахимаар гаргаж, сургалтуудыг мэргэжлийн байгууллагатай хамтран 2018 оноос зохион байгуулж байна. Цаашид улам эрчимжүүлнэ. 

-Кирилл бичигт манай улс амжилттай шилжсэн. Тухайн үед хүн ам цөөн, бичиг үсэггүйчүүд олон хувьсгалын дараах нөхцөлдсөн цаг үе байсан. Гэтэл одоо цаг нь өөр болчихоод байна. Орчин цагт хос бичиг үсэгтэй болоход учирч болох хүндрэлийг хэрхэн харж байна вэ? 

-1985 оны БНМАУ-ын Ардын боловсролын яамны сайдын 6 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тушаалаас хойш 1995 оныг хүртэлх хугацаанд монгол бичигтэй холбоотой найман тогтоол, зургаан тушаал гарсан байдаг. Эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд тодорхой хийсэн ажлууд бий. Мөн толь, сурах бичиг, ном зэргийг чамгүй хэвлэн гаргасан. Түүнчлэн 1985 оноос хойш ЕБС-д их бага хэмжээгээр монгол бичгийн хичээл өнөөдрийг хүртэл орсоор ирсэн. Өмнө нь монгол бичигт шилжинэ гээд тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр хандах гэж оролдсон. Харин одоо бид өмнөх туршлага, алдаа оноон дээрээ үндэслээд эрсдэлийг тооцон ажиллах ёстой. 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 77 дугаар захирамжаар ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Үндэсний бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нэгдсэн зохицуулалтаар хангах ажлын хэсгийг хоёр нарийн бичиг, 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн БШУЯ-наас Үндэсний бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргасан бол Хэлний бодлогын үндэсний зөвлөл хуулийн дагуу хяналт тавин ажиллаж байна.

Засгийн газраас баталсан “Алсын хараа-2050” хөтөлбөрт ч мөн үндэсний бичгээр албан хэргээ хөтлөхийг дэмжсэн заалтууд орсон. Иймд бид Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг, Монгол бичгийн  үндэсний хөтөлбөр, “Алсын хараа-2050” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхээр чармайн ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, үндэсний бичгээ сурах нь төрийн албан хаагчдын журамт үүрэг юм.

-Дэлхийд хос бичигтэй хэдэн орон байдаг вэ? Тэдгээр орны туршлагаас харахад хос бичигтэн болох үйл явцыг хэрхэн шийдвэрлэсэн байдаг юм бол?

-Цөөнгүй улс бий. Энэтхэг Улс албан ёсны хинди хэлээсээ гадна 20 орчим бичигтэй. Япон Улс ханз үсгээс гадна хирагана, катагана үсгийг хэрэглэдэг. Хуучин социалист орнууд кирилл бичгээсээ латин үсэгт шилжиж байна. Тиймээс тэдгээр орнуудын хувьд шилжилтийн үе нь үргэлжилж буй учраас кирилл болон латин үсгийг давхар хэрэглэх боллоо. Хамгийн ойрын жишээ дурдахад Казахстан Улс латин үсэгт шилжихээр бэлтгэл ажлаа хангаж байна. Бид Казахстан Улсаас туршлага судалсан. Бидний адилаар стандартаа батлуулж мөрдүүлэхээс эхлэн цахим орчны хэрэглээг бий болгох, латин үсгийн сан, хөмрөг бүрдүүлэх, компьютер, гар утасны хэрэглээтэй холбох, төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ боловсруулах гэх мэт ажлыг хийж байгаа юм билээ. 

2019 онд ЮНЕСКО-ийн Монгол дахь Үндэсний комисс, Гадаад харилцааны яамтай хамтран манай байгууллага Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй суурин төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдын төлөөллийг оролцуулан тэдгээр улс орны хэлний бодлого, төлөвлөлтийн талаарх хурлыг зохион байгуулж, туршлага судалсан. Удахгүй бид Төрөөс хэлний талаар баримтлах бодлогын баримт бичгээ Засгийн газраар батлуулна. 

Энэхүү баримт бичигт үндэсний монгол бичгээс гадна нутгийн аялгуу, үндэсний цөөнх, зорилтот бүлгийн хэл, бичгийн өв дурсгал, нэр томъёо, бичлэгийн горим стандарт, цахим хэл шинжлэл, сургуулийн өмнөх боловсрол болон хүүхдийн хэл яриа, гадаад хэлний сургалтын нөхцөл байдал, гадаад дахь монголчууд, тэдний хүүхдүүдэд зориулсан бодлого гэх мэт олон асуудлыг багцлан оруулсан.

-Хос бичигт шилжих өмнөх  оролдлогуудаасаа манай улс нэлээн сургамж авсан байх. Одоо бид дор бүрнээ юу хийх ёстой вэ? 

-Өмнөх туршлагаас харахад хоёр зүйл дээр алдсан нь илэрхий харагддаг. Шинжлэх ухааны үндэслэлтэй суурь судалгаа хийгээгүйн дээр ямар ч үе шатлалгүй шууд үндэснийхээ бичиг үсгийг авахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн улсаас төсөв зардал гаргаагүй, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандсанд гол учир нь байгаа юм. 2025 оноос бид шууд шилжихгүй хослуулан хэрэглэнэ. 

1985 оноос хойш бага багаар ЕБС-д үндэсний монгол бичиг заасан тул бүх хүн бичгээ төгс мэдэхгүй ч ямар нэг хэмжээгээр заалгаж ирсэн. Мөн иргэдийн эх оронч үзэл, бичиг үсгээ гэх хандлага өөрчлөгдсөн. 

Тиймээс нийт төрийн байгууллага төлөвлөгөө гаргаж, шуурхай ажиллах шаардлагатай. Ганц бичиг хэргийн ажилтан л сурах ёстой гэж хандаж болохгүй. Бүх албан хаагчид өргөдөл гомдлоо уншиж, үндэсний бичгээрээ бичиж, төлөвлөж сурах хэрэгтэй.

Монгол бичиг бол бидний өвөг дээдсээс үе дамжин хэрэглэсээр ирсэн бичиг тул бидний цусанд, сэтгэлгээнд код нь хадаатай байгаа. Гагцхүү түүнийг сэрээж,  хэрэглээний орчныг бий болгох ёстой юм.

Засгийн газрын түвшинд төрийн ажил хэргийг цахимжуулах зорилт тавьж буй. Энэ зорилттойгоо хэрхэн уялдуулах чигтэй байна вэ? 

-Цахим болон цаасан хэрэглээг аль алийг нь орхигдуулахгүй хөгжүүлж, уламжлал дээр суурилсан шинэчлэлийг хийх ёстой. Цахим орчны монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг Монгол хэлний тухай хуулиар Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцах юм. Уг хуульд кирилл болон үндэсний бичиг хооронд харилцан хөрвүүлэг хийх, зөв бичих дүрмийн алдааг хянах болон бусад холбогдох программын хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд нэвтрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар заасан. Иймд тус газраас холбогдох мэдээллийг авах боломжтой.

Ер нь бид хуулиар үүрэг хүлээн ажиллаж байгаа байгууллагуудад чиглэл өгч ажиллаж байна. Өмнө нь Монгол бичгийн ЮНИКОД-ын хурлыг АНУ-д болон Монгол Улсдаа зохион байгуулсан. Уг хурлаар монгол бичгийн цахим хэрэглээтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн юм.

 

Эх сурвалж: peak.mn 

Top