Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Шинжлэх ухааны доктор, профессор Балчигийн Катуугийн 70 насны ойн хүндэтгэлийн хурал, “Монгол ардын домогт дуу” номын нээлтийг ёслон тэмдэглэлээ. Хүндэтгэлийн ёслолд МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар Алтай хайлж, СТА, ардын дууч Б.Алтанжаргал, СТА Ц.Мөнхсоёл нар ардын дуугаар мялаалга өргөв. Шинжлэх ухааны доктор, профессор Балчигийн Катуугийн 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор А.Алимаа, Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн Хэл зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Өрнөхдэлгэр, Г.Нямдаваа нар эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэв.
Б.Катуу нь “Бужин даваа” /1983/, “Бум эрдэнэ” /1985/, “Дань хүрэл” /1986/, “Дуутай мөндөр” /1989/, “Монгол хуримын ба домогт дуу” /1995/, “Дөрвөд ардын тууль” /1996/, “Монгол туулийн бэлгэдэл” /1997/, “Монгол ардын тууль судлалын зарим асуудал” /1999/, “Захчин ардын аман зохиол” /2004/, ”Монгол туулийн дүрийн тогтолцоо” /2004/, “Алдарт туульч М.Парчины туульс” /2006/, “Нэрт туульч С.Чойсүрэнгийн туульс” /2010/ зэрэг 40 гаруй ном, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн тууль судлалын хүндтэй эрдэмтэн юм.
Мөн энэ үеэр Б.Катуу, Н.Нарангэрэл нарын “Монгол ардын домогт дуу” номын нээлтийг хамтатган тэмдэглэв. Уг номыг ариутган шүүсэн МУСГЗ, доктор, профессор Л.Дашням, МУИС-ийн доктор (Ph.D), дэд профессор Л.Хэрлэн нар номын үнэ цэн, ач холбогдлын тухай өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлэв. Л.Дашням: Б.Катуу, Н.Нарангэрэл нарын цуглуулж судалсан олон дуунуудын домгоос үзэхэд дуунуудын шүлэг, аялгууны нийцэл зохицол, илэрхийллийн чадвар харилцан шүтэлцэж, агуулгыг харилцан нөхвөрлөж байгаа нь гайхалтай санагдсан. Домогт дууг анх удаагаа ийм өргөн хэмжээнд нооттойгоор нийтэлж байна. Б.Катуу, Н.Нарангэрэл нарын бүтээл нь зөвхөн дууны тухай, домог, элдэв олон зохиомжийн тухай төдийгүй монгол соёлын тухай оюуны баялаг, түүний дархлааны тухай бодуулсан чухал бүтээл юм гэж онцлон хэлэв.
Н.Нарангэрэл, Б.Катуу нар домогт дуунуудыг шинж чанар, уламжлал, цаг хугацаа, орон зай, агуулга, хэлбэрийн шинжийг эш үндэс болгон аж байдлын, хайр сэтгэлийн, түүхэн дуу хэмээн ангилж дуу тус бүрийн домгуудыг олон янзын хувилбартай нь эмхэтгэж гаргажээ. Уг номд 200 орчим ардын дууг домгийн хамт, нутаг нутагт дуулагддаг 320 орчим хувилбартай оруулж өгснөөрөө эрдэм шинжилгээ, судалгааны чухал ач холбогдолтой бүтээл болсон гэж эрдэмтэн судлаачид үнэлэхийн сацуу эрдэм судалгаандаа эх хэрэглэгдэхүүн болгон ашиглах чухал гарын авлага болсныг нээлтэд ирсэн эрдэмтэд онцолж байв.