Дундговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, аймгийн БСУГ, Ардын багш Д.Төмөр нарын хамтран зохион байгуулж буй монгол бичгийн цахим сургалтад 145 төрийн байгууллагын 3300 гаруй төрийн албан хаагч хамрагдан үндэсний бичгээр уншиж, бичиж сурах үйлд шамдаж байна.
Хоёрдугаар сарын 15-ны өдөр анхны хичээлээ эхэлж, ойлгомжтой, цэгцтэй мэдлэг, чадвар олгох хичээлүүдээ видео хэлбэрээр бэлтгэн хүргэж байгаа юм.
Ардын багш Д.Төмөр Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул. Тэрээр 49 жил хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлэхийн төлөө ажилласны 10 гаруй жилийг сумынхаа сургуульд багшилж, ажил амьдрал, хүч хөдөлмөр, оюун чадлаа зориулж явсан хүн юм.
Хэдийгээр гавьяаныхаа амралтыг эдэлж, Улаанбаатар хотод амьдарч байгаа ч гэсэн нутгийнхаа зон олныг сургах, хөгжүүлэх гэсэн чин хүслийн үүднээс өнөөдөр ийнхүү цахим хичээлээрээ үндэсний бичгээ заан сургаж, өв соёлоо түгээж, оюуны том хөрөнгө оруулалт хийж байна.
Энэ олон байгууллагыг бүртгэх, 3300 гаруй алба хаагч нарыг нэгтгэх, ном сурах бичгийг бүгдэд түгээх, видео хичээл, үзүүлэн, материалаа бэлтгэх, даалгавар өгч шалгах, хичээлийн оролцоонд хяналт тавих гээд бэлтгэл болон хичээлийн явц, хичээлийн дараагийн үе шатуудад асар их хөдөлмөрлөж, сэтгэл, хүчээ зарцуулж байгаа нь ойлгомжтой.
Тиймээс төрийн албан хаагчид төдийгүй Дундговийн ард иргэд хичээлээ үзэж, хамтран ажиллах нь зүйтэй юм.
Тэрээр сургалтынхаа талаар танилцуулахдаа “Дундговь аймгийн БСУГ-ын саналаар, аймгийн Засаг дарга бөгөөд Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Ц.Мөнхбатын шийдвэрээр аймгийн бүх төрийн албан хаагчид цахимаар үндэсний бичгээ анхан шатнаас нь заахаар тохиролцож, бэлтгэл ажлыг хангалаа.
Тухайлбал, албан ёсны нэрийн хуудас нээх, аймгийнхаа төрийн албан хаагч 3000 гаруй хүнийг тэнд нэг бүрчлэн бүртгэх, хичээлийн сурах бичгээр хангах, нэрийн хуудсаараа монгол бичгийнхээ гайхамшгийг сурталчлах, хичээлийг энэ хуудсаар хэрхэн суралцах, даалгавраа яаж шалгуулах, түүнийг хэн хариуцах гэх зэрэг бэлтгэл хангах ажил бүтэн нэг сар үргэлжилж 24 удаагийн зөвлөгөө өгчээ. Үүний дараа хоёрдугаар сарын 15-ны өдөр хичээнгүйлэн бэлдсэн анхны хичээлээ албан ёсоор байршуулж эхэлснээс хойш өнөөдөр 7 дахь хичээлээ хийж, Дундговийн төрийн албан хаагчид суралцсаар байна.
Долоо хоногийн нэг ба дөрөв дэх өдөр шинэ хичээлээ, зохих үзүүлэнгүүдийн хамт нэрийн хуудсандаа байршуулахад хүмүүс үзэж, ихэнх нь өөртөө хадгалан авч, өөрт байгаа сурах бичиг дээр багшийн өгсөн зөвлөгөөний дагуу 3 хоногийн дотор бүх даалгавраа амжуулж хийдэг уламжлал тогтоод 20 хонох гэж байна.
Даалгаврыг аймгийн БСУГ-ын монгол хэл хариуцсан мэргэжилтэн албан ёсны хуудсан дээрээ сум, албан байгууллага бүрээр нь нэрсийг нь дуудахад тэдгээр хүмүүс даалгавраа байршуулсныг нь үзээд, тооцоод дүгнэлт өгдөг уламжлал тогтож байна.
"Энэхүү ажлыг аймагт мэргэжилтэн Л.Мөнхзул хариуцан маш сайн зохион байгуулж, миний бие сурах бичгээр хангах, видео хичээлийг бэлдэж заах үүрэгтэй ажиллаж байна” гэлээ.
Мөн сургалтын явцын тухай БСУГ-ын мэргэжилтэн Л.Мөнхзулаас тодруулахад “Төрийн болон төрийн өмчит 145 байгууллагын 3300 гаруй алба хаагч сургалтад оролцож байна. Долоо хоногт багш маань хоёр удаа хичээлээ байршуулан, гурав хоногийн хугацаатай даалгавар өгч, даалгаврын биелэлтийг цаг тухайд нь байршуулаад дүгнээд явж байна.
Алба хаагчдаа маш сайн зохион байгуулалттайгаар хамруулж, хичээнгүйлэн суралцаж байгаа олон байгууллага байгаа. Бас идэвх султай газрууд ч байна. Тэр бүгдийн мэдээллийг албан ёсны групптээ байршуулаад явж байна.
Цаашдаа монгол бичгийн сургалтуудад маш сайн оролцсон хоёр төрийн албан хаагч, сайн зохион байгуулсан багш, байгууллага, сумыг шалгаруулан шагнуулах удирдамж гарч байгаа. Удахгүй монгол бичиг төрийн бичиг болоход бид мэдэхгүй, чадахгүй гээд сууж байж болохгүй, тиймээс төрийн албан хаагчдаа сургахын тулд цахимаар болон монгол бичгийн багш нартай хамтраад байгууллага дээр нь сургалт явуулах, байгууллагуудын хаяг, танилцуулгыг монгол бичгээр бичүүлэх, төрийн албан хаагчдын нэрийн хуудсыг мөн монгол бичгээр болгох, МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сонины захиалгыг нэмэгдүүлэх гэх мэт олон ажлыг хийж хэрэгжүүлнэ” гэсэн юм.
Цаашдаа сургалтыг хэрхэн гүнзгийрүүлэн явуулах талаар багш Д.Төмөр “Энэ бүтээлч сургалтын ажлын эхний шат тавдугаар сарын эхэн хүртэл үргэлжилж, ахисан шатыг аймаг орон нутагт байгаа, одоо ч багш миний баруун гар болон ажиллаж байгаа монгол бичгийн багш нар үргэлжлүүлэн заахаар төлөвлөөд байна.
Орон нутагт ийм бүтээлч ажил Улаанбаатараас удирдуулан амжилттай үргэлжилж, 2025 оноос өмнө аймгаараа үндэсний монгол бичигтэн болохоор хичээцгээж байна. Цаашид энэ булангаараа олон төрлийн сургалт явуулах бодолтой байгаа. 2022 оноос кирилл зөв бичиг, уг ургийн бичиг, хэлц үгийн гайхамшиг гэх мэт олон сургалтыг явуулах болно” гэв.
Аймгийн удирдлага, төрийн байгууллагууд, Дундговь нутгийн нэр хүндтэй эрхэм багш Д.Төмөр нарын хамтын энэ их үйлс эхлэлийн шатандаа явж байгаа хэдий ч амжилттай хэрэгжиж байна. Цахим хичээлийн давуу тал нь хүн өөрөө л хичээвэл зав чөлөөтэй, боломжтой үедээ хэдийд ч сурах, суралцах боломжийг олгож байдаг.
Эх сурвалж. montsame.mn