Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Ц.Өнөрбаян: Монгол Улс хэл соёлоо бүхний өмнө тавьж, хамгаалах ёстой

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд хөндөгдсөн монгол хэл шинжлэх ухаанч хэл мөн үү, хэрэглээний хувьд яагаад эмзэг хэл болох тухай асуудлаар МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа.

-Одоо дэлхий дээр монгол хэлээр хэчнээн хүн ярьж байна вэ?

- Энэ дэлхийд монгол угсаатан  хэчнээн хүн байна вэ гэсэн албан ёсны тоо гаргахад их хэцүү. Тэгэхдээ миний баримжаалж олж тогтоосноор, 10 сая гаруй монгол  угсаатан байна. Гэхдээ энэ бол монгол хэлтэн биш шүү дээ. Энэ 10 сая гаруй монгол угсаатан одоо голдуу Ази, Европын нутагт байна. Манай Монгол Улсад гурван сая гаруй нь байна. Энэ бол дэлхийн монголчуудын төв. Яагаад би ингэж хэлж байна гэхээр, хэл бичиг соёлтой байгаагаараа монгол үндэстний дархлаа манай монголчуудад илүү хадгалагдаж байна. БНХАУ-д бол монгол угсаатан бас зургаан сая орчим байна.  Тэр дотроос яг монгол хэлээрээ ярилцаж байгаа нь баримжаалсан тоогоор нэг 3-4 сая орчим.

ОХУ-д бол хоёр том газар монгол угсаатан байна. Нэг нь, Халимагийн Бүгд Найрамдах Улс. Албан ёсны бус мэдээгээр, 160 орчим мянган хүн байна гэсэн тооцоо бий. Буриадын Бүгд Найрамдах Улсад мөн албан ёсны бус мэдээгээр, 500 мянга гаруй монгол угсаатан байна.

За тэгээд бусад газарт хэл соёлоо мартсан боловч монгол угсаатан байна. Жишээлбэл, Афганистаны моголууд бол бүр 13-р зууны үед Чингисийн удмынхны байлдан дагууллын улмаас, түүнээс гадна Ил хаант улсын үед очсон монгол угсаатан бөгөөд тэнд цөөн тоогоор үлдэн монгол хэл соёлоо олон жил хадгалж байгаад иран, перс хэлний нөлөөлөлд орж, одоо хэрэглэхээ больсон.

Түүнчлэн ОХУ-ын Уул-Алтай, Эрхүү муж, Чит, Агын тойрогт монгол угсаатан байгаа ч хэл соёлын хувьд мартагдсан гэж үздэг. Зарим судлаачдын хэлж байгаагаар, Энэтхэгт монгол угсаатан байна гэсэн мэдээ байдаг. Киргизэд бол Хар голын монголчууд гэж байна. Ингээд тооцоод байвал 10 сая гаруй монгол угсаатан дотроос 6 сая орчим монгол хэлтэн байна гэдэг бол харамсалтай тоо.

Угсаатан хэлээ хадгалахгүй байна гэдэг бол монгол үндэстний дархлаа алдагдаж байна гэсэн үг. Тийм учраас монгол үндэстнүүд өөрийнхөө эх хэлийг хамгаалж, аль болохоор олон хүн монгол хэлээ эзэмших ёстой л гэж би боддог.

-За тэгэхээр хэрэглэгчийн тоогоор эмзэг хэлний нэг нь монгол хэл байх нь. Буриад хэл, халимаг хэл гэж яриад байна. Эдгээр нь бие даасан хэл юм уу, эсвэл монгол хэлний нэг аялгуу юм уу?

-Монгол хэл бол холын болон ойрын төрөл хэл гэсэн хоёр бүлэг төрөл хэлтэй. Гарал үүслийн хувьд, нэлээд судлаач Алтай язгуурын хэлэнд хамааруулдаг. Тэгэхлээр Алтай язгуурын хэл дотор бие даасан үндэстэн, угсаатны хэл бол түрэг хэлүүд байна. Түрэг хэлээр дэлхийд олон хүн ярьж байна. Энэ бол казак, киргиз, узбек, татар гээд л 30 гаруй бие даасан хэлийг хамаарсан том хэл юм. Монгол, манж түнгүс, түрэг гурван хэл бол холын төрөл хэл, Алтай язгуурын хэлээс салбарласан, одоогоор бие даасан том  үндэстний хэл болтлоо дархлаажсан.

Зарим хүмүүс солонгос, япон хэлийг Алтай язгуурын хэлэнд хамааруулдаг. Гэхдээ энэ бол батлагдсан зүйл биш. Монгол хэл Алтай язгуурын хэлээс салаад бие даасан хэл болсны дараагаар түүхэн урт хугацааны турш монгол хэлээс хэд хэдэн хэл салбарласан. Үүнийг судлаачид янз бүрээр үздэг. Бие даасан долоон монгол хэл байна гэж үздэг хүмүүс байна. Жишээлбэл, одоо төв монголчууд, өвөрмонголчууд, халимаг, тува, буриадууд ярьж байгаа энэ хэлийг орчин цагийн монгол хэл гэж байгаа. Түүнээс гадна дунд болон эртний монгол хэлний онцлогийг хадгалсан бас хэдэн хэл байна. Тэр бол монгол хэлээс салсан буюу монгур, дунсайн, дагур, шар ёгор, Афганистаны могол.

Халимаг, буриад хоёрыг бол Оросын хэл судлаачдын үүднээс бие даасан хэл гэж үздэг. Харин манай монгол хэлний хувьд, бие даасан хэл биш гэж би үздэг. Яагаад вэ гэхээр, монгол хэл дотроо дөрвөн том аялгуутай.

Тэр дөрвөн том аялгууны нэг нь халх аялгуу, одоо энэ өвөр монголчуудын ярьж байгаа буюу өвөр аялгуу, тэгээд ойрд  аялгуу, буриад аялгуу. Тэр дөрвөн том аялгууны ойрд дотор нь халимаг, буриад аялгуунд нь буриад орно шүү дээ.

Энэ хоёрыг бие даасан хэл гэж үзээд байдаг бас нэг үндэслэл нь, халимаг, буриадууд бол бие даасан утга зохиолын хэлтэй гэдэг л дээ. Гэтэл өвөрмонголчууд мөн бие даасан утга зохиолын хэлтэй. Тэгэхээр бие даасан хэл гэж үзэх үү, яах вэ гэдэг асуудал нь хэл шинжлэлийн онолын хувьд тодорхой  болсон зүйл биш юм.

ОХУ-д багтаж байгаа олон хэлтний дотроос бие даасан хэл гэж үзэж байгаа бол бид буруутгах аргагүй. Харин монгол хэлнийхээ онцлогийн хувьд халимаг, буриад хэлийг би бол ойрд буриад аялгуунаас нээх холдоогүй учраас бие даасан хэл гэж үзэхгүй.

-Сүүлийн үед монгол хэлний асуудлаар өрнөсөн хэлэлцүүлгүүдээр монгол хэл шинжлэх ухаанч хэл мөн үү гэсэн асуудал нэлээд хөндөгдсөн. Та үүнд ямар хариулт өгөх вэ? 

-Яаж үнэлж байгаагаас шалтгаална. Миний хувьд бол, монгол хэл бие даасан үндэстэнд үйлчилж байгаа, байгаль, нийгэм, сэтгэхүйн бүхий  л шинжлэх ухааны бүтээлийг уншиж болох учраас шинжлэх ухааны хэл биш гэж үзэх нь харамсалтай. Ер нь бол монгол хэлээр, ялангуяа гадаадын хүмүүс шинжлэх ухааны бүтээл уншихгүй байна л даа. Монгол үндэстнүүд л уншиж байгаа болохоос.

Англи, орос, франц ч гэдэг юм уу, НҮБ-ын албан ёсны хэлүүдийг сурах хэрэгтэй. Гэхдээ эх хэлнийхээ өмнө тавьж, эх хэлээ ямар нэг хэмжээгээр дорд үзэж болохгүй. Тийм учраас монгол хэлийг улам хүчтэй, дархлааг нь улам сайн болгохын тулд шинжлэх ухааны бүтээл, шинжлэх ухааны мэдээллийг маш их гаргах хэрэгтэй байхгүй юу. Жишээлбэл, манай академийн байгаль, нийгэм, сэтгэл судлалын гэдэг ч юм уу шинжлэх ухааны бүтээлүүдийг аль болохоор монгол хэлээрээ орчуулдаг, нэр томьёог нь аль болохоор монгол хэлээрээ гаргадаг, мэдээллийг нь аль болох бүх нийтэд эх хэлээрээ түгээдэг бол шинжлэх ухааны хэл  гэж хэлэх бүрэн үндэстэй.

Огт шинжлэх ухааны хэл биш ээ гэж үзэх шалгуур бол их өөр шүү. Түүнээс биш НҮБ-ын хэлүүдтэй монгол хэлийг хэрэглээний түвшинд  харьцуулаад тэгж яриад байж болохгүй.


Монгол хэл бол утга зохиолын хэлний хувьд маш олон салбартай шүү дээ. Уран зохиолын найруулга, сонин нийтлэлийн найруулга, шинжлэх ухааны найруулга, албан бичгийн найруулга гэсэн дөрвөн том найруулгын хэв шинжтэй. Ийм учраас шинжлэх ухааны бүтээл монгол хэлээр огт гардаггүй гэж хэлэх үндэслэл байхгүй.

 - Манай шинжлэх ухааны байгууллагууд одоо хүртэл Монголдоо эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахдаа илтгэлээ заавал англи, эсвэл орос хэлээр бичих шаардлага тавьдаг. Энэ нь өөрсдөө хэлээ үнэгүйдүүлээд байгаа хэрэг юм биш үү?

- Эцсийн эцэст монгол хэлээ бусад хэлнээс дорд үздэг хандлагаас л ийм зүйлүүд гарч байна л даа. Монголчууддаа зориулсан шинжлэх ухааны сэтгүүл аль болохоор монгол хэлээрээ байх ёстой гэж би боддог. Одоо жишээлбэл, Хэл зохиолын хүрээлэн, Математикийн хүрээлэн гэдэг ч юм уу, аль болох монгол хэлээрээ шинжлэх ухааны нэр томьёог орчуулж  байвал монгол хэлний дархлаанд маш чухал. Олон улсын сэтгүүлд хэвлэх бол өөр хэрэг. Монгол Улсын тухай мэдээлэл дэлхий дахинд өгөх гэж дэлхийд нэрд гарсан эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх гэж байгаа бол мэдээжийн хэрэг тэр хүлээн зөвшөөрөгдсөн хэлүүдээр нь хэвлүүлэх хэрэгтэй.

Ер нь бол, дэлхий дахинд эрдэм шинжилгээний мэдээлэл түгээж байгаа том том сэтгүүлүүд бас  нэг талаараа бизнесийн зорилготой, их үнэтэй байдаг. Түүнд нь шүтээд дандаа л англиар, оросоор гэж туйлширч болохгүй юм.

- Тухайн хэлээр ярьж байгаа хүн хэдий чинээ олон байх тусам уг хэл хүчтэй байдаг гэж нийгмийн хэл шинжлэлд үздэг. Хятадад болж байгаа олон улсын аливаа үйл ажиллагааг хятад хэлээр явуулах саналыг урд хөршид маань дэвшүүлж эхэллээ. Физикээр Нобелын шагнал авсан япон эрдэмтэн "Би англи хэлээр ярьж чадахгүй" хэмээн мэдэгдсэнээрээ эх хэлээр нь ч өндөр түвшний эрдэм шинжилгээний юмыг хийж чадна гэж үг үйлдлээрээ илэрхийлсэн. Энэ асуудал хэдийгээр тухайн орны эдийн засгийн хүчин чадалтай холбоотой ч манайд бол монгол хэлээ хэтэрхий үнэгүйдүүлж байгаа жишээг тоочоод баршгүй байна л даа?

- Олон хэрэглэгчидтэй том үндэстэн бол хятад. Хятадад болж байгаа бүх хурал хятад хэлээрээ байна гэдэг бол хэлээ хамгаалж хэрэг шүү дээ. Улстөржиж байгаа юм биш л дээ, гэхдээ Кембрижийн боловсролыг “Монголд суулгана, дэлхийн жишигт хүргэнэ” гээд байна. Түүнээс өөр ярих ёстой юм бол энэ цөөхөн тоотой үндэстэн өөрийн үндэстний дархлааг хамгаалахын тулд монгол хэлийг бүх хэлээс дээгүүр тавих хэрэгтэй. Ялангуяа монгол улсынхаа хэмжээнд.

Аливаа үндэстний дархлааг хадгалж байдаг олон хүчин зүйл байдаг. Үүнд, тухайн хэлээр ярилцагчдын тоо маш чухал. Яагаад гэхээр, ер нь хэр зэрэг олон хүн хэрэглэж байгаа нь хэлний дархлаа, үндэстний дархлааг хадгалж байдаг хүчин зүйл юм.

Сүүлийн үеийн залуучууд, эх хэлээсээ илүү англи хэлийг их шүтдэг болсон байна. Тийм учраас одоо монгол хэлний хэрэглээг аль болох олон байлгах хэрэгтэй. Монголд болж байгаа эрдэм шинжилгээний  хурал нь ямар ч байсан монгол хэлээрээ явж байх ёстой шүү дээ.

Харь хэлийг шүтдэгээс болоод дэлхийн жишигт хүргэнэ гэдэг баг зүүлгэчихээд хэлний хэрэглээгээ өөрсдөө устгаж хумьж байна гэдгээ зарим хүмүүс ойлгохгүй байна. Ялангуяа гадаадад явж, магистр, доктор хамгаалж ирчихээд түүнийгээ шүтээд эх хэлнийхээ хэрэглээ, үнэ цэнийг дорд үздэг тийм сэтгэлгээ байж болохгүй.

Монгол ажилд авахдаа ч гэсэн англи хэлтэй юу гэдэг шалгуурыг тэргүүнд тавиад байна шүү дээ.

Монголд үйл ажиллагаа явуулдаг л бол, хамгийн наад зах нь монгол хэлээр зөв бичих, найруулах чадвар байна уу, үгүй юу гэдгийг сайн шалгах ёстой. Энэ бол монгол мэргэжилтэн хүний том  шалгуур байх ёстой.


Харин монгол хэлний тухай хууль гарснаас хойш төрийн албанд орж байгаа хүмүүсээс монгол хэлний шалгалт авч эхэлж байна. Түүнийг чанаржуулах хэрэгтэй. Энэ бол үндэстний дархлааг дэмжиж байгаа үйл болохоос,туйлширч байгаа зүйл биш юм. Монгол хэлээ мэдэхгүй Монголд үйл ажиллагаа явуулна гэдэг бол хэцүү шүү дээ.

-Хоёулаа монгол хэлний тухай ярьсных, монгол хэл ер нь  хэр баян бэ гэдэгт хариулт өгье. Б.Ринчен гуай, "Зуун түмэн үгтэй хэлд зуд нүүрлэлээ" гэж бичиж байсан?

-Тийм ээ, энэ бол маш чухал асуулт. Монгол хэл бол баян, монгол хэл шиг ийм баян хэл дэлхийд байхгүй гэдэг л дээ. Энэ бол туйлшрал. Энэ хэл бол баян, энэ хэл бол ядуу гэж хэлэх явдал бол хэл шинжлэлийн хувьд бүдүүлэг юм.

Монгол хэл бол монголчуудынхаа хувьд монгол хүний сэтгэлгээний хувьд  үндэсний дархлааг авч явдаг хүрээндээ бол агуу баялаг хэл. Түрүүн хэлсэн дээ, шинжлэх ухааны нэр томьёог монголоор орчуулж болж байна уу гэдэг бол монгол хэлнийхээ баялаг руугаа орж байна уу гэдэгтэй л холбоотой. Шинжлэх ухааны олон улсын нэр томьёог монголоор орчуулж болдоггүй тохиолдол байна. Түүнийг үгүйсгэх аргагүй. Шинжлэх ухааны нэр томьёонд гадаад үг хэллэг байна.

Дэлхийн аль ч хэлний хувьд  үгсийн санг тоолж болдоггүй, тоо тогтоосон юм байхгүй. Ямар ч ухагдахууныг илэрхийлж чадаж байгаа бол баян гэж үзнэ. Гэхдээ монгол хэлэнд баян юмнууд байна л даа.

Жишээлбэл, нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоотой хэллэгээр монгол хэл баян. Таван хошуу малтай холбогдолтой нэршлээр бол монгол хэл нэн баян. Түүнчлэн хүндэтгэлийн юм уу, тийм нэр томьёо, цээр нэр, этгээд үг хэллэгийн хувьд бол үнэхээр баян.

Би хоёр япон хүнд хичээл зааж байгаад “үхэх” гэдэг үгийг монголчууд 200 янзаар хэлдэг гэж хэлэхэд, нөгөө хоёр маань манай япон хэл ч бас тэгэх байлгүй дээ гэлээ. Ингээд би нөгөө хоёрт үхэх гэдэг үгийг японоор хэдэн янзаар хэлж байна олоод ир гэсэн юм. Би өөрөө бас 200 хүрдгийг мэдүүлэх санаатай 180-аад үг олсон. Нас барах, тэнгэрт халих гээд...  

-Тэгээд япончууд үхэх гэдэг үгийг хэдэн янзаар хэлдэг гэж байх юм?

-Долоо хоногийн дараа нөгөө хоёроосоо асуулаа. Тэр хоёр 40 гаруй, 50-иад үг олсон байсан. Би бол 180-аад үг олсон, 200 арай ч хүргээгүй. Тэгчихээд би монгол хэл баян байгаа биз дээ гэж асуусан л даа. Тэгсэн чинь тэр хоёр, монгол хэл баяндаа биш байх аа, монголчууд их үхдэг байх, харин манайд бол загасыг төрөл зүйл, хэлбэрээр нь өчнөөн олон янзаар хэлнэ шүү дээ гэж байгаа юм. Тэгэхээр хаана байдаг, ямар аж ахуй эрхэлдэг, ямар ёс заншилтай, ямар хүмүүс вэ гэдгээрээ ялгаатай байна. Цас бороо их ордог газрын эскимосууд бол цас бороог 20, 30 янзаар хэлдэг гэж байгаа.

- “Үхэх” гэдэг үгийг орос хэлээс шүүрдэхэд 10-ын дотор л эргэлдэж байна гэж манай нэртэй сэтгүүлч ярьж байсан. Тэгэхээр манай хэл маш баян шүү дээ гэж энэ үгээр их эш татдаг л даа. Ер нь энэ үгийг монгол хэлээр ийм олон янзаар хэлдэг нь монголчуудын ямар сэтгэхүйтэй холбоотой вэ?

- Үхэх гэдэг үгийг олон янзаар хэлдгийн учир бол, дээд, доод, дунд найруулга, тэгээд бас монголчуудын цээрлэх ёс, хүндэтгэлийн аястай холбоотой монгол сэтгэлгээний онцлог юм. Ер нь голдуу хүндэтгэлийн аястай  байдаг. Үүнтэй адил монгол хэлээр таван хошуу мал адууны зүс хэчнээн олон янз бий. Бараг л 200,300-гаад зүс байна шүү дээ. Монгол хэлэнд 40,50 дан үгээр нэрлэсэн адууны зүс байдаг. Ер нь бол адуугүй газрууд бол нээх олон төрлөөр хэлэхгүй шүү дээ.

- Хагас сар тутамд нэг хэл устаж байна гэсэн мэдээлэл их явах юм. Ер нь ямар хэл устдаг юм. Хэлэлцэж байгаа хүн ам нь хэт цөөрсөнтэй л холбоотой юу?

- Олон шалтгаан байна. Нэгдүгээрт, хэрэглэгч цөөрвөл, хэрэглэгчгүй болбол устана. Энэ бол гол шалтгаан.

 “Монголын үрс маш олон болох болтугай” гээд  их зохиолч Д.Нацагдоржийн хэлээд байдаг чинь тэр шүү дээ. Монгол хэлээрээ ярьдаг Монголын үрс маш олон болох болтугай гэсэн ерөөл. Монголчууд бол цөөхөн тоотой мөртлөө гадаадад олон байдаг. 1990-ээд оноос хойш харьд очсон гэр бүлийн үр хүүхдүүд үндсэндээ монгол хэлгүй болж байна шүү дээ.

Хоёрдугаарт, бичгийн хэлгүй болбол хэл амархан мөхдөг.

Бичгийн хэл гэдэг бол тухайн хэлний дархлааг хадгалж байдаг бас нэг хүчин зүйл. Бичгийн хэлгүй, хэрэглэгч зөвхөн аман ярианы хэлтэй хэл бол мөхөх аюулд их ойрхон. Ярианы хэл бол бичгийн хэлээсээ хурдан хөгждөг. Бичгийн хэл бол хэв хэмжээндээ баригдаад  удаан хөгждөг. Тийм учраас аль болохоор бичгийн хэлтэй байх хэрэгтэй.

Гуравдугаарт, утга зохиолын хэл нь маш баялаг байх хэрэгтэй. Уран зохиол их унших тусмаа үгийн баялаг, эх хэлний дархлаагаа хүн өөртөө суулгаж байдаг.

Дөрөвдүгээрт, олон хэл аялгууны өнгө төрхтэй байвал хэл мөхөх аюулаас хол байдаг.

Сүүлийн үед манайд буриад, ойрдоор ярьж байгаагаа гадуурхаад халхаар ярих хэрэгтэй гээд байдаг. Олон аялгууны өнгө төрхтэй байвал тухайн хэл найрал хөгжим шиг л байна. Олон хөгжим нэг зэрэг найрахаар ямар аялгуу гаргадаг билээ, ганц хөгжим дуугарах ямар байдаг билээ, тэрэнтэй л адил.

Өөр нэг чухал зүйл бол хэл гэдэг бол тухайн үндэстний сэтгэлгээг хадгалж байдаг. Монгол сэтгэлгээ, монгол ёс заншил, монгол бүх юмны дархлаа хэлээрээ дархлаажиж байдаг. Харин ардын аман зохиолоороо монголчууд маш их баялаг.

-Нүүдэлчин ахуйн онцлог байх, тийм үү?

- Тийм. Нүүдэлчин ахуй гэдэг өөрөө тийм юм. Дээрх шалтгаануудаас хэл мөхнө. Ямар орчинд байгаагаасаа бас шалгаална. Жишээлбэл, одоо маш том үндэстний дотор байгаа, Хятадад байгаа монгол аялгуу ч гэдэг юм уу, өөрснөө л хамгаалахгүй бол тэр том үндэстэн чинь өөрийнхөө л хэл соёлоор л түрнэ шүү дээ. Тийм учраас өөрснөө хамгаалах гэж зүтгэж байна. Олон зуун жилийн турш харийн харьяалалд байгаа монголчуудын хэл аялгуугаа хамгаалах сэтгэл дотор бидний сэтгэл яг л адилхан явж байгаа. ОХУ-д байгаа халимаг, буриад бол бас л хэл соёлоо алдаж байгаа, мөхөх аюулд ойрхон байна.

Тийм учраас Монгол Улс бол өөрийнхөө хэл соёлыг бүхний өмнө тавьж, хамгаалах хэрэгтэй гэж би боддог.

-Тэгвэл манай ямар бичиг монгол хэлний дархлааг илүүтэй тээж байна вэ?

-Монгол үндэсний дархлааг авчирсан монгол бичиг, кирилл монгол бичгээ нэгийнх нь дээр тавьж, нэг нь босоо нөгөө нь хэвтээ, нэг нь тэнгэрийн, нөгөө нь газрын бичиг гэж ялгахад би дургүй. Яаж авсан юм бэ гэдэг улс төрийн шалтгаан байсан эсэх нь өөр хэрэг. Хэрэглээд монголчуудын оюуны соёлд ямар үнэ цэнэ авчирсан юм бэ гэдэг талаар яривал кирилл бичгийг дорд үзэх үндэслэл ерөөс байхгүй. Монгол бичиг үнэхээр монголчуудын оюуны соёлыг олон зуун жилээр тээж ирсэн, монгол хүний сэтгэлгээний онцлог шингэсэн, үндэстний бичиг болтлоо дархлаажсан.

Гэхдээ кирилл бичиг, монгол бичиг чинь уг нь нэг гаралтай, эртний финикээс үүсэлтэй. Нэг нь Грекээр дамжаад, нөгөө нь согд уйгараар дамжаад ороод ирсэн. Бүх үсэгний нь зурлага адилхан гээд бичсэн юм байгаа шүү дээ. Тийм учраас энэ хоёр бичгийг хоёуланг нь сурах хэрэгтэй, хэрэглэх хэрэгтэй. Төр засаг үүнд санаа тавих шаардлагатай. 

2025 оноос монгол кирилл хос бичигтэй болно гэсэн. Ганцхан одоо миний эмзэглэж явдаг зүйл гэвэл, 2025 он гэхэд монгол бичгийн хэрэглээ, орчин бүрдэж чадахгүй бол орж чадахгүй. Дунд сургуульд заалгачихлаа, гараад унших юм байхгүй. Орчин бүрдэхгүй байна. Ядаж л одоо албан захидал, өргөдлөө монгол бичгээр бич гээд байх юм бол сурна шүү дээ.

- Хэл ер нь хөгждөг юм уу, баяждаг юм уу. Монгол хэл маань хөгжөөд байна гэж хэлэхэд хэцүү ч юм шиг. Долоон зууны өмнө бичигдсэн "Монголын нууц товчоон"-ы үг хэл, найруулга ямар сайхан байдаг билээ. Гэтэл өнөөгийн бидний ярьж бичиж байгаа түүнтэй харьцуулахад их дорд түвшинд байгаа биш үү. Ер нь, хэл хөгжинө гэдгийг хэрхэн ойлговол зохих вэ?

-Хэл бол хөгжинө, баяжина. Хөгжинө гэдэг нь юу вэ гэхээр жишээлбэл, монгол хэл бол залгамал хэл гээд  залгамал хэв шинжийг хадгалж явсаар байгаад залгамал биш задлаг байгуулалтай хэв шинжтэй болох ч юмуу, олон тийн ялгалтай байж байгаад цөөн тийн ялгалтай болдог ч юм уу дотоод бүтцийн хувьд бол хөгжил гэж ярьдаг. Үгийн сангийн хувьд бол баяжина гэж ярьдаг.

Хэл гэдэг өөрөө хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт бүтээл учраас  өөрийн дотоод зүй тогтолтой. Тэр дотоод хууль зүй тогтол, бүтэц байгуулал нь хэрэглээний явцад хувьсана шүү дээ. Ярианы хэл дотор хэлний хувьсал хөгжлийг харж болдог. "Явжийна" гэж яриад "явж байна" гэж бичнэ гэдэг чинь нөгөө хэлний хөгжлийг хазаарлаж байгаа байхгүй юу. Хэл аман яриаг дагаад л хэт хурдан хөгжих юм бол бичгийн хэл маш хурдан устах аюултай.

Эх сурвалж: montsame.mn

Top