Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Дэлгэрхаан суманд байдаг Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү тос, сүү цацаж сүйтгэсэн тухай урьд нь бид мэдээлсэн. Түүх соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалтын асуудлыг хөндөн Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийг авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаагаас тодрууллаа.
-Түүх соёлын үнэт өвд халдаж, тос, сүү цацаж сүйтгэсэн талаарх мэдээлэл та бүхэнд хэзээ ирсэн бэ?
-Төв аймгийн музейн хамт олноос манайд мэдээлсэн. Тэд аймгийнхаа нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх дурсгалуудын солбицол, байршлыг тогтоох ажлаар явж байхдаа буюу долоо хоногийн өмнө “Дуут хад” дээр очиход ийм үйл явдал болсон байжээ. Харин албан бичиг нь өчигдөр ирсэн.
-Энэ дурсгалыг ямар байгууллага хариуцаж, хамгаалдаг вэ?
-“Дуутын хар” чулуу нь Төв аймгийн Дэлгэрхангай сумын нутагт буюу Улаанбаатар хотоос 300 гаруй км-ийн зайд оршдог. Манай улсын хувьд, Түүх соёлын үл хөдлөх дурсгал, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зүйл заалтын хүрээнд хадгалж хамгаалах ажлыг явуулдаг. Тус хуулийн хүрээнд, нэгдүгээрт тухайн дурсгал оршиж байгаа газрыг харьяалсан засаг захиргааны нэгж аймаг, сумын Засаг дарга нар хуулиар үүрэг хүлээнэ. Мөн энэ дурсгал улсын хамгаалалтад байдаг. Тиймээс мэргэжлийн болон судалгааны байгууллага, яам бүгд хуулиараа үүрэг хүлээж байгаа.
-Тусгай харуул хамгаалалт байдаг уу?
-Өнөөдрийн байдлаар, тухайн газарт гэрээт болон тусгай харуул байхгүй байх. Манай байгууллагаас хамгийн сүүлд Австрийн судалгааны багтай хоёр жилийн өмнө очсон. Гэрээт харуул тавих ажлыг тухайн орон нутгаас нь шийдвэрлэдэг.
-Олон улсад түүхийн үл хөдлөх дурсгалыг хамгаалдаг ямар жишиг байдаг юм бол?
-Олон улсад хамгийн түгээмэл хэрэглэдэг конвенц бол Байгаль соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц юм. Дээр дурдсанчлан, манай улсын хувьд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг 2014 онд шинэчлэн найруулсан. Гэхдээ манай улсын түүхийн дурсгалууд өөрийн гэсэн онцлогтой. Учир нь манай улс нүүдлийн иргэншилтэй, ихэнх дурсгалууд хөдөө хээр, төв орон нутгаас зайдуу оршдог. Түүнээс гадна газар нутгийн хувьд өргөн уудам, хүн ам цөөн гэсэн бодит шалтгаантай. Түүх соёлын үл хөдлөх байгалийн дурсгалыг аль болох унаган, эх төрхөөр нь хадгалах зарчимтай. Тэгэхээр үнэхээр янз бүрийн сөрөг нөлөө бүхий хүчин зүйлийн эрсдэлд орвол хашаалах, харуул хамгаалалт тавих зэрэг бодит нөхцөл тулгардаг. Түүхийн дурсгалуудыг байгальд байгаа байдал, эх төрхөөр нь байлгавал илүү үнэ цэнтэй юм. Тийм ч учраас уг дурсгалыг хамгаалахаар хашаа хороо барьж, бүтээн байгуулалт хийсэн зүйлгүй байна.
-XVII зууны яруу найргийн сонгодог бүтээл гэж нэрлэгддэг Цогтын хадны бичээс өөр ямар ямар онцлог шинжээрээ үнэ цэнтэй вэ?
-“Дуутын хар” чулуу нь тогшихоор дуу гардаг юм билээ. Тиймээс “Дуутын хар” чулуу гэж нэрлэсэн гэдэг. Энэхүү хаданд XVI-XVII үеийн монгол бичгийн дурсгал бий. Цогт хунтайж эгчийгээ ихэд санагалзан үгүйлсэн агуулгатай, түүхэн үйл явдалтай холбогддог, монгол бичгээр бичсэн байдаг. Энэ нь XVI-XVII зууны үеийн манай монгол хэл, бичиг соёлын үнэтэй дурсгалуудын нэг. Яагаад үнэтэй вэ гэвэл, тэр үеийн ийм дурсгалын бичээс маш ховор байдаг. Бичгийн агуулгад Монголын тухайн үеийн түүхэн үйл явдлуудыг бодитоор тусгасан дурсгал учраас улсын хамгаалалтад авсан.
-Улсын хэмжээнд монголчуудын хэрэглэж байсан үсэг бичгээрх хэчнээн дурсгал байдаг вэ?
-2015 онд үзлэг тооллого явуулсан. Манай улсын хэмжээнд тухайн үеийн монгол бичгийн дурсгал түгээмэл биш гэж ойлгож болно.
-Энэ удаагийн тохиолдол нь, түүх соёлын хосгүй үнэт өвүүдийн хадгалалт хамгаалалт сул байгаагаас Дуут хадны бичиг ноцтой хэмжээнд сүйтгэгдсэн гэж ойлгогдохоор байна?
-2011 онд манай төвийн Сэргээн засварлах газрынхан уг дурсгалын хуулбарыг хийж авсан. Гол бичээстэй хадны хуулбаруудыг улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд хадгалсан байдаг. Тэгэхээр устаад алга болсон ч хуулбар нь энд байгаа.
Технологи талаасаа хадан дээр сийлээд биччихсэн. Харин хадгалж, хамгаалах талаасаа гэрээт харуул байгуулах, хашаа барих, бэхжүүлэх, тухайн нутаг орны иргэд, дотоод, гадаадын аялагч, жуулчдын соёлын өвийн боловсрол, ухамсрыг дээшлүүлэх шаардлагатай байна.
-Одоо Цогт хунтайжийн хадны бичээсийг хэрхэн сэргээн засварлах вэ?
-Манай Соёлын өвийн үндэсний төв нь дотроо дөрөв, таван газартай. Миний хувьд Авран хамгаалах газрын албаных. Хадны бичээсийг сэргээн засварлах, хадгалалт, хамгаалалт, цэвэрлэгээг нь манай төвийн Сэргээн засварлах газрынхан хийдэг. Өнөө маргаашгүй Дэлгэрхаан сумын дуут хадны дурсгал руу манай сэргээн засварлах газрын сэргээн засварлагч А.Мөнгөнцоож ахлагчтай баг явах гэж байна.
Одоогоор, улс даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учраас гадаад, дотоод бүх зардлыг хаасан хэдий ч манай удирдлагууд зардлыг шийднэ. Тодорхой хэмжээний багаж, бодис шаардагддаг, багаар ажиллах шаардлагатай учир нэлээн зардал гардаг юм л даа.
-Ер нь түүх соёлын дурсгалт өвд тулгуурлан аялал жуулчлал хөгжүүлэх нь сайн, муу хоёр талтай байх шиг байдаг. Яг энэ дурсгалын хувьд ямар бодлого барьж байгаа вэ?
-Миний бодлоор, түүхийн дурсгалуудад тулгуурласан аялал жуулчлалын чиглэлээр бүтээгдэхүүн бий болгох ажлыг нэлээн дээр үеэс янз бүрийн байдлаар хийж байгаа. Гэхдээ сайн бодож, тооцоолж хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Хэрэв тэгэхгүй сурталчлаад байхад үр дагавар нь ингэж гарч байна. Гэхдээ энэ нь аялал жуулчлалд оруулж болохгүй гэсэн үг бас биш. Тэгэхээр орон нутаг, сум, аймаг нь юуг хариуцах ёстой, хэн ямар үүрэгтэй вэ гэдгийг тодорхой болгосны дараа аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүрдэнэ.
“Дуут” хадны бичээсийн дурсгалт газар аялагчид их очдог. “Цогт тайж” уран сайхны кинонд гардаг, алдартай дурсгал шүү дээ. Бусад улс орнууд түүх, соёлынхоо дурсгалд тулгуурлаж аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Тэгэхээр аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ нэг ирсэн хүн дахин ирэх сэдэл төрүүлэх, мөн дэд бүтэц, аялагч, жуулчдын тав тухыг хангах хэрэгтэй. Гэтэл энэхүү дурсгалын газрын дэргэд нийтийн бие засах газар ч байдаггүй. Мөн Цагаан суварга гээд байгалийн үзэсгэлэнт газар руу хүн болгон очсоор байгаад одоо явахын аргагүй муухай болгосон. Тэгэхээр энэ бүгдийг тооцох хэрэгтэй.
-Түүхийн дурсгалт соёлын өвийг гэмтээсэн иргэнд ямар хариуцлага тооцдог вэ?
-Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар арга хэмжээ авч хариуцлага хүлээлгэнэ. Цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж эхэлсэн гэсэн. Энэ бол нэг удаагийн жишээ. Тиймээс цаашдаа бид хөдөө хээр, ил задгай дурсгалуудаа яаж хадгалж, хамгаалах вэ гэдгээ ярих цаг нь болсон.
Эх сурвалж: montsame.mn