Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Б.Энхдалай: Монгол бичгийг кодлох зарчмын хувьд Өвөр монголтой санал нийлж байгаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний монгол бичгийн юникод стандартыг нэг мөр болгон цэгцлэхэд дүрсээр эсвэл авиан зүйн зарчмаар кодлох гэсэн хоёр асуудалтай тулгарч буй билээ. Энэ асуудлаар Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын монгол бичгийн юникод боловсруулах ажлын багийн гишүүн Б.Энхдалайтай ярилцлаа.

-2019 онд Монгол Улсад болсон Юникодын хорооны олон улсын хурлаас хойш бүтэн жил өнгөрлөө. Энэ хугацаанд ажлын баг ямар ямар ажил амжуулав?

-Юникодын Монголын хэсгийн олон улсын уулзалт зөвлөгөөн өнгөрсөн онд болсон. Тус уулзалтыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулсан гэж Юникод байгууллагынхан үнэлсэн. Манайхан ч мөн тэгж үзсэн.

Өнгөрсөн оны 6 дугаар сард АНУ-д Олон улсын ISO/IEC  стандартын  байгууллагын JTC1/SC2 ба WG2 хурал болсон.  Тус хуралд Монгол улсаас миний бие болон БНХАУ-аас  ӨМӨЗО-ын Их сургуулийн багш Насан-Урт, БНХАУ-ын Стандартын хорооны мэргэжилтэн хоёр хүн мөн оролцсон. Хурлаар өмнө нь монгол бичгийн юникод стандартын бүрдэл хэсгүүд үсгийн код пойнт /үсгийн тэмдэгтийн байрлал оноосон хүснэгт/, үсгийн хувирлын тайлбар хүснэгт /монгол бичгийн үсэг нь үгийн эхэн, дунд, сүүлд гээд хувирна/ гэсэн хоёр хэсэг нь хоёулаа олон улсын ISO/IEC стандартын байгууллагын мэдэлд байсан тул ямар нэгэн жижиг өөрчлөлт, засвар хийхэд хүндрэлтэй байсан.

Монгол Улсад өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон Олон улсын Юникодын хурлаар үсгийн код пойнт буюу үсгийн тэмдэгтийн байршил оноосон хүснэгтийг ISO/IEC байгууллагад үлдээгээд харин үсгийн хувирлын тайлбар хүснэгтийн хэсгийг Юникод байгууллага хариуцахаар ялгаж салгах тухай санал гарсан. Түүнийг зургаадугаар сард АНУ-д болсон хурлаар хэлэлцээд зөвшөөрсөн. Ингэснээр одоо монгол бичгийн стандарт үсгийн код пойнт нь Монгол Улсын ISO/IEC  стандарт дотор, бусад тайлбар хэсэг нь Юникодын хорооны олгосон Юникод стандартын байгууллагад хуваагдсан. Олон жилийн турш үсгийн тайлбар хүснэгтийг өөрчлөх сайжруулах талаар ярьж ирсэн ч яг хийгдсэн зүйлгүй байдаг байсан.  Харин одоо Юникодын ажлын баг хуралдан, бүгд санал нийлбэл үсгийн хувирлын тайлбар хүснэгтийг хурдан өөрчлөх боломжтой болсон гэж ойлгож болно.

ӨМӨЗО-ны ажлын баг өнгөрсөн оны 11 дүгээр сард уулзалт зохион байгуулахад нь би оролцсон юм. Тэд өөрсдийн хийсэн, үсгийн тиг зохиогч бүх хувь хүн, компанид нэгтгэж нэг болгосон үсгийн тигийн дүрмийг тайлбарлаж, энэ хувилбараар Юникодын стандартад оруулна гэдгээ танилцуулсан. Өөрийн санал нийлэхгүй асуудлыг газар дээр нь хэлээд ирсэн. Энд ирээд ажлын багт ӨМӨЗО-ны хувилбаруудыг танилцуулан, манай улсад мөрдөгдөхгүй зүйлийг тайлбарласан. Жишээ нь, “и” үсэг эгшиг үсгийн дараа орвол хоёр шилбэтэй болно гэдэг дүрмийг ӨМӨЗО-ны тал баримталж, үсгийн тигт оруулсан байна. Түүнийгээ бас Олон улсын Юникод стандартад оруулна гэж байгаа юм. Энэ бол манай улсын монгол бичгийн дүрэм, бидний мөрдөж буй стандарт, хэрэглэж буй тигт ч байхгүй “дүрэм” болно. Үүнийг оруулбал нэлээн хүндрэл үүсэх учир зөвшөөрөхгүй гэдгээ Өвөр монголд болсон уулзалтын үеэр танилцуулсан. Үүнийг Монголд ирээд ажлын багт танилцуулсан. Миний бодлоор “и” үсэг хоёр шилбэтэй бичнэ гэдгийг хоёр орны хэлбичгийн эрдэмтэн, мэргэд хэлэлцэж аль болох хурдан хугацаанд нэгдсэн шийдэл гаргавал сайн байх.
Ажлын баг есдүгээр сард болох хуралд оруулах саналын хувилбарыг боловсруулж байгаа. Түүнийгээ нэгтгэн Монголд энэ талаар ажилладаг хувь хүн, компани, бусад газарт танилцуулан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Өвөр монголын талтай зөвшилцөх бодолтой байна. Ингэхийн тулд цахим хурал зохион байгуулах талаар ажлын баг ярилцаж байна.

-Юникодын хорооны дараагийн хурал хэзээ болох вэ?

-Дараагийн хурлыг энэ оны дөрөвдүгээр сард АНУ-д зохион байгуулахаар товлосон байсан боловч корона вирусний нөхцөл байдал ямар байхаас шалтгаалан хэвийн байвал ирэх есдүгээр сард зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөсөн.

-Монгол бичгийн юникод боловсруулах ажлын баг одоо хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй, хэрхэн ажиллаж байна вэ?

-Тушаалаар байгуулагдсан 8, 9 хүнтэй ажиллаж байна.

-Ажлын хэсэг үр дүнтэй ажиллахын нэг үндэс нь мэдээж цалин хөлсний асуудал. 2020 онд танай байгууллагын төсөвт хөрөнгө мөнгө олгогдсон уу?

-Ажлын багт цалин мөнгө гэж байхгүй дээ. Энэ талаар мэдэх зүйл алга байна.

-Үндэсний монгол бичгийг кодчилохдоо дүрсээр кодлох, авиан зүйн зарчмаар кодлох гэсэн хоёр үзэл баримтлал явсан. Одоо эцэслэн шийдэгдсэн үү?

-Монгол Улсад 2019 онд болсон Юникодын олон улсын хурлаар авиа зүйн зарчмыг гол суурь болгон баримтална гэж Өвөр монгол, Юникод, манай тал ч хэлсэн. Дүрсийн гэдгийг зарим хувь хүмүүс баримталж байгаа. Тэр нь манай авиа зүйн хамааралгүйгээр хажууд нь параллель маягаар явах боломжтой. Хоорондоо хамаарахгүй гэсэн үг. Гэхдээ манай ажлын баг болон Өмөр монголын тал дүрсээр гэдгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

-Монгол бичгээ төрийн албанд хослуулан хэрэглэх хуулийг хэрэгжүүлэхэд монгол бичгийн юникод стандарт,  кодчиллын асуудал чухал болж таарна. Нэг  мөр болж цэгцрэх яагаа ч үгүй гэсэн үзэл бодолтой хүмүүс байдаг юм билээ?

-Олон улсын стандарт нь нэг мөр болоод батлагдвал шууд хэрэглэхэд ямар нэгэн асуудалгүй болох ба дотоодын стандартад зохих шинэчлэлийг хийгээд түүний дагуу мөрдөөд явбал асуудалгүй гэсэн үг. Есдүгээр сард Юникодын хурлаар сайн шийдвэл болно. Одоогоор Юникодод монгол бичгийн дүрс хувирлын тайлбар хүснэгт нь Юникодын мэдэлд ирсэн учир хэрвээ бид ярилцаад өөрчлөлт оруулна гээд бүх тал зөвшөөрвөл тэр дороо батлагдах боломжтой. Өмнө нь хуралдаад зарим нь зөвшөөрөхгүй, зарим нь зөвшөөрнө гээд өөрчлөлт оруулна гэхэд олон улсын ISO/IEC стандартын байгууллагаар шийддэг. Түүнийг бүх гишүүн орон санал өгч байж баталдаг учир бараг өөрчлөх боломжгүй байсан. Харин одоо есдүгээр сард болох хуралд оролцсон гишүүд санал нийлж баталсан бол Юникод тухайн санал, өөрчлөлтийг цаг алдахгүйгээр стандартад оруулах боломжтой юм. Саналаа сайн нэгтгэх юм бол шийдэгдэхгүй асуудал гэж байхгүй.

-Ер нь Өвөр монголын талтай та бүхэн хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ?

-Өвөр монголд ноднин хоёр удаа очиж уулзсан. Ер нь хоёр талын санал нийлж байгаа, манай талын зөвшөөрөхгүй зүйл ч бий. Ялангуяа дээр дурдсан “и” үсэг эгшиг үсгийн дараа орвол хоёр шилбэтэй болно гэдгийг зөвшөөрөхгүй байгаа. Ер нь Өвөр монгол, манай улс хоёулаа санал нийлж байж стандарт сайжирна. Тэр талд л ажиллана даа.

-Үүрэн холбооны компаниуд хэзээ монгол бичгээрээ мессеж бичих боломжийг хэрэглэгчдэд буй болгох бол?

-Компани гэхээсээ илүүтэй гар утасны үйлдлийн систем, хэрэглээний программуудаас шалтгаална. Гар утасны үйлдлийн систем бол андройд систем дээр монгол бичгийг дэмждэг болсон. Андройд системд бол монгол үсгийн өөрийн гэсэн тиг байгаа. Монгол бичгээр бичдэг өвөр монголчуудын хийсэн гар утасны аппликейшн программууд байдаг. Ерөнхийдөө үйлдлийн систем, хэрэглээний апплейкшнээс шалтгаална. 

 

Эх сурвалж: https://www.montsame.mn/

Top