Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нэрт монгол судлаач эрдэмтэн Лидия Скородумова насан эцэслэжээ

Монгол судлалын дэлхийн нэрт эрдэмтэн, Ванчинбалын Инжинаш судлаач, Алтан гадас одонт Скородумова Лидия Григорьевна Москва хотноо хүнд өвчний улмаас 73 насандаа насан эцэслэжээ. 

Тэрээр монгол түмний хайртай эрдэмтдийн нэгэн, монгол утга зохиол, соёл, урлаг, хөгжмийн тухай судлагч, судлаач нэрт эрдэмтэн байлаа.

Скородумова Лидия Григорьевна, 1947 онд Северодвинск хотод (Оросын хойт нутаг, Цагаан далайн эрэгт байдаг хот) төрсөн. 1964 онд анагаах ухааны дунд сургуулийг сувилагчийн мэргэжлээр, 1972 онд Ленинградын их сургуулийг монгол судлаач мэргэжлээр тус тус төгсгөсөн. 1972-1980 онд Комсомолын дээд сургуульд монгол хэлний орчуулагч, 1980-1985 онд ЭЗХТЗ-ийн монгол хэлний орчуулагч, 1985-1994 онд Дипломатын академийн монгол хэлний багш, 1994-2005 онд ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яаманд хоёр удаа томилогдож ажилласан монгол хэл утга зохиолын  багш, хэл бичгийн ухааны доктор нэрт бичгийн хүн байв.

Скородумова Лидия Григорьевна нь 30 гаруй жил орчуулагч судлагчийн ажил хийгээд арав орчим ном хэвлүүлжээ. Түүний судалгаа шинжилгээний гол сэдэв нь монгол хэл, утга зохиол байв. Мөн В.Инжинашийн аж байдлын хоёр роман, Л.Түдэвийн «Бүгд найрамдах улсын анхдугаар он», Д.Маамын «Гишгэх газаргүй хөл» роман, С.Эрдэнэ, Д.Гармаа, Ж.Гал, Д.Урианхай, Д.Батбаяр, Л.Дашням зэрэг орчин үеийн зохиолчдын бүтээлээс орчуулан хүртээл болгожээ. Эрдмийн зэрэг горилсон эхний сэдэв «В.Инжинаашийн уран бүтээл», докторынх нь «Монгол романы онолын асуудал» байв. Мөн монгол хэлний үгсийн санг судалж «Монгол хэлний тийн ялгал ба усны махбодь», «Сүнсний тухай эртний төсөөлөл монгол хэлний үг хэллэгт», «Монголчуудын орон зайн сэтгэлгээ монгол ардын аман зохиолд» номоо хэвлүүлжээ. 

Монгол хэлэнд хайртай, монгол хэл гайхамшигтай яруу сайхан хэл гэж боддог. Монгол хэлний энэ онцлогийг ажиглаад, үлгэрийн орон шиг Монгол орны  сайхан байгалийг өөрийн эрхгүй гайхаж биширсэндээ монгол хэлээр нэг шүлэг тэрлэсэн хэмээн ярьсан удаатай. Түүний бичсэн шүлгийг хүргэж байна.

Цэнхэрлэн харагдана

Ариун хоосон огторгуй

Амьд хорвоогийн агаар

Алтан дэлхийн амьсгаа

Ашид орчлонгийн гэрэл

Цэнхэрлэн харагдана

Тэнгэрийн алсын хаяа
Даваатай уулсын бараа
Дэлгээстэй зөөлөн униар
Тэртээ гялбалзсан гэгээ
Цэнхэрлэн харагдана
Оюу номин давалгаа
Одод наадах гол горхи
Уудам орныг тольдсон
Өргөн мандалт нуур
Цэнхэрлэн харагдана
Хөшигний саа торготой хөндий
Хорвоо сансарт нэвтэлсэн манан
Хөхрөх агаар салхины дууны
Хөг аялгуу эгшиг уянга
Цэнхэрлэн харагдана
Гэнэт санасан нутгийнхаа
Гоморхсон үдшийн бүрэнхий
Гээсэн гэрэл өгүүлсэн
Гуниг царайтай огторгуй
Цэнхэрлэн харагдана гэх үгүй ч
Цэнхэрлэн харагдмаар билээ.

Эх сурвалж: peak.mn

Top