Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Эх хэлний дархлааг цахим орчинд сайжруулъя” аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлиг ёсоор жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласантай холбогдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу цахим орчин дахь эх хэлний боловсролыг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн Эх хэлний зөвлөл 8 дугаар сарын 30-ны өдөр Аймгийн засаг даргын албан тоотыг сумын засаг дарга нарт хүргүүлж, “Эх хэлний боловсролыг цахим орчинд сайжруулъя” 21 хоногийн аян зарлан ажиллаж байна.  

Аяны хугацаанд Хэнтий аймгийн Эх хэлний зөвлөлөөс “ХЭНТИЙ Эх хэлний боловсролыг цахим орчинд сайжруулъя” групп ажиллуулж, түгээмэл алддаг үгсийн судалгаа гарган өдөр бүр 1 үг-1 дүрмийн ухагдахууныг тайлбарлаж байна. Өнөөдрийн байдлаар группэд 18 сум, 4 тосгоны нийт 422 хүн нэгдлээ.

Мөн Хэрлэн-1 дүгээр сургуулийн сурагч Б.Лувсандорж өөрийн санаачилгаар эргэлзээтэй үгсийн зөв хувилбарыг “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-оос түгээн ажиллаж байна. 

 

Энэхүү группийн зорилго нь нийтийн эх хэлний боловсролыг сайжруулах үйлсэд иргэд, олон нийт эерэг хандлагаар хамтран ажиллахад оршино.

Монгол хүн бүрийн зөв хандлага, зөв үйлдэл эх хэлний боловсролд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

 

Эх хэлний зөв хэрэглээ батжин дэлгэрэх болтугай.

Хэнтий аймгийн Эх хэлний зөвлөл

Top