-“Дэлхийн улс орны хэлний бодлого” сэдэвт хэлэлцүүлэг боллоо-
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Дэлхийн улс орны хэлний бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Дулам удирдан явууллаа.
Дэлхийн улс орны хэлний бодлогын талаар харьцуулан судлах, туршлага солилцох, хамтран ажиллах, тухайн улс оронд хэлний бодлогыг тодорхойлдог байгууллагын үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл авах, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх Хэлний бодлогын баримт бичигт олон улсын туршлагыг тусгахад өнөөдрийн хэлэлцүүлэг ач холбогдолтой аж.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Дуламаас дараах тодруулгыг авлаа.
-Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго юу вэ?
-Бид Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барих хэлний бодлогын баримт бичгийг хийж байгаа юм. Энэхүү баримт бичгийг хийхийн тулд дунд сургуулийн багш нараас эхлээд Монгол хэл бичгийн мэргэжилтнүүдийн саналыг авч тусгаж хэлний бодлогын гишүүд үүн дээр ажиллаж байна.
Мөн дэлхийн улс орнууд өөрийн эх хэлний бодлогыг хэрхэн авч явдаг талаарх туршлагыг судлах шаардлагатай байна. Тиймээс бид манай улсад суугаа элчин сайдуудад хүсэлт тавьж тэдний соёл хариуцсан бие төлөөлөгчид өнөөдөр хүрэлцэн ирж өөр өөрсдийн хэлний туршлагыг хуваалцлаа. Ази, Европийн олон оронд хэлний бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэг нь бидэнд сонин байна. Харилцан туршлагаа солилцон, улмаар тэдний үнэ цэнэтэй туршлагыг өөрийн бодлогодоо тусгахыг зорьж байна.
-Тэгэхээр Монгол хэлний бодлогод шинэчлэлт хийж байгаа гэсэн үг үү?
-Энэ маань Монгол улсын төрөөс хэлний талаар баримтлах бодлогын бичиг гэсэн үг. Урьд өмнө нь ийм зүйл байгаагүй. Тэгэхээр шинээр боловсруулан гаргаж ерөнхийлөгчид өргөн барина гэсэн үг. Үүндээ бид гадаадын орнуудын бичгийн болон ярианы хэл, түүнтэй холбоотой бүхий л туршлагыг судална. Тухайн улс орны онцлогоос хамаараад өөр өөр бодлого явуулдаг байж болох ч бидэнд аль нь ач холбогдолтой байгааг сонирхож байна.
-Монгол бичгийн хэл нь Орос хэлний кирилл үсгүүдийг ашигладаг шүү дээ.
-Монгол хэлний хуульд манай улс 2025 оноос эхлэн хос бичигтэн болно гэж заасныг гол чиглэл болгон ажиллана. Монгол бичиг болон кирилл үсгүүдийг хамтад нь хэрэглэнэ гэсэн үг.
-Хэлний бодлогын хүрээнд хүүхэд гадаад хэлийг хэдэн наснаасаа эхэлж сурах ёстой гэж тусгасан байх вэ? Хүүхдэд хэт эрт гадаад хэл заах нь буруу хэмээн зарим нь шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар?
-Бид Монгол хэлний тухай хуульд заасан зохицуулалтаараа л явна. Хувь хүмүүс өөрийнхөө хүүхдэд ямар хэлийг хэзээнээс заах бол энд хамаарахгүй, харин төрийн бодлогын зохицуулалт гэдгийг дурдмаар байна. Гэхдээ би энд нэг зүйлийг онцолмоор байна. Монгол хүнийг бүтээнэ л гэдэг. Эхлээд хүүхдийг бага сургуульд байх цагт нь монгол хүн болгож бүтээгээд дараа нь дэлхийн хүн болгоно гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй юм.
-Монгол хэлний 700 үгний өөрчлөлтийн талаар?
-Түүнийг Монгол хэлний журамласан толь бичгээр аль эрт зохицуулчихсан. Нэг үгээр уг толь бичиг дээрх үгнүүд л зөв нь гэж ойлгож болно. Одоо энгийн хүн, эрдэмтэн судлаачид хэн ч бай Монгол хэлний журамласан тольд заасан үгсийн дагуу л бичнэ, тэр дагуу ч явж байна.
"ЦӨӨН ХҮН АМТАЙ АЛИВАА УЛС ҮНДЭСТНИЙ ДАРХЛААНЫ ХАМГИЙН ЧУХАЛ ХЭСЭГ НЬ ХЭЛ ЮМ"
Өнөөдрийн хэлэлцүүлэгт, ОХУ, БНХАУ, БНФУ, АНЭУ, БНСУ, БНЭУ болон Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын төлөөллүүд болон хэл бичгийн ухааны доктор, профессорууд оролцлоо.
Дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг хэлний тоонд Англи, Хятад, Испани, Энэтхэг, Араб, Португаль, Орос, Япон, Герман, Франц, Солонгос, Итали гэх мэт хэл тус тус ордог аж.
Хэлэлцүүлэгт манай улсад суугаа долоон Элчин сайдын яамны бие төлөөлөгчид оролцож, илтгэл тавьсан бөгөөд хамгийн эхэнд БНСУ-ын Элчин Сайдын Яамны Зөвлөх Чой Ёнг Ги “Солонгосын хэлний бодлого өнөө ба ирээдүй” сэдвээр илтгэл тавилаа. Солонгос хэл хэрэглээгээрээ дэлхийд 13-рт ордог бөгөөд дэлхий дээр нийт 100 сая гаруй хүн хэрэглэдэг байна.
Мөн 2007 оноос авч эхэлсэн солонгос хэлний түвшин тогтоох TOPIK шалгалтыг өнгөрсөн жил 300 мянган хүн өгсөн нь 108 дахин өссөн гэлээ.
Мөн Солонгос улсад ажил эрхлэхээр хүсэгчид ESP-TOPIK шалгалтыг өгдөг бөгөөд Монгол улсын 9000 хүн уг шалгалтыг өгөх хүсэлт тавьсан ч Солонгос улсын Засгийн газраас 2500 монгол хүний квотыг өгчээ. Түүнээс гадна тус улсад англи хэлийг гурав дугаар ангиас нь эхлээд бага, дунд сургуульд үзэж нэмэлт өөр хэлийг ахлах сургуульд нь заадаг байна. Харин манайд Монгол хэлний тухай хуульд заасны дагуу ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тав дугаар ангиас эхлэн зааж болно гэсэн байдаг.
Түүнчлэн БНЭУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга О.П.Мийна илтгэл тавьсан юм. Энэтхэг улсад 780 хэл байдгаас сүүлийн 10 жилийн дотор 50 нь мөхсөн гэлээ. Цөөн хүн амтай аливаа улс үндэстний дархлааны хамгийн чухал хэсэг нь хэл байдаг хэмээн тэрээр дурдлаа.
Сонирхуулахад, Монгол хэлний хуульд 2025 оноос эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан байдаг.
Эх сурвалж: gogo.mn