Олон Улсын Эх хэлний өдөрт зориулсан Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Гантогтохын “МОНГОЛОЙ НЮУСА ТОБШООН” номын нээлт өнөөдөр БСШУСЯ-ны хурлын танхимд боллоо.
ЮНЕСКО буюу Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагаас 2 дугаар сарын 21-ний өдрийг Олон Улсын эх хэлний өдөр хэмээн тунхагласан билээ. Олон Улсын Эх хэлний өдрийг бид 19 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр бол эх хэлийг хамгаалах, дэмжин сурталчлах өдөр юм.
1952 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Албан ёсны цорын ганц хэлээр урду хэлийг сонгосон Пакистаны эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн, Зүүн Бенгаал буюу өнөөгийн Бангладешийн Дакагийн их сургуулийн оюутан залуусын хийсэн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараах гэж Пакистаны цагдаа нар галт зэвсэг хэрэглэснээс олон сайхан оюутан залуу эх хэл, бичгийнхээ төлөө амь насаа алдсан юм. Өдгөө тэр газар тэдний дурсгалд зориулан хөшөө босгосон байдаг.
Ийм ч учраас ЮНЕСКО эх хэл, эх бичгийнхээ төлөө тэмцээд амь насаа алдсан Бенгаал залуусын дурсгалд зориулан 2 дугаар сарын 21-ний өдрийг сонгож, хүн төрөлхтний биет бус өвийн энэ чухал бүрэлдэхүүн хэсгийг хадгалж, бэхжүүлэхийн төлөө хэлний олон төрөл, олон хэлний боловсролыг хөхиүлэн дэмжих чиглэлээр олон жилийн туршид идэвхтэй үйл ажиллагаа явуулж иржээ.
ЮНЕСКО нь эх хэл болон нутгийн уугуул хэлийг хөхиүлэн дэмжиж, тэр дундаа олон хэлтэй орнуудын хэлний бодлогыг дэмждэг юм.
Энэ жилийн Олон Улсын Эх хэлний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл санаачлан, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын дэмжлэгээр, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн сектор хамтран Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Гончигийн Гантогтохын олон жилийн бүтээл болох Монголын нууц товчооны галиг, эх бичгүүдийг харьцуулан шинжилж, буриад монгол аялгуунаа нийцэт утгаар нь хөрвүүлсэн “Монголой нюуса тобшоон” номыг эрхлэн хэвлүүлж, Нууц товчоо судлаач, уншигч олны хүртээл болгож байна. Энэ бүтээл нь буриад монголчуудыг хэл, соёлоо улам гүйнзгийрүүлэн судлахад чухал гарын авлага болох юм.
Номын зохиогч хэлэхдээ “Монголын нууц товчоог монгол хэлний аман аялгуугаар хөрвүүлж тольдох нь Монголын нууц товчооны үг хэллэг, утгыг улам тодруулахад чухал баримт болох тул буриад монгол аялгуугаар хөрвүүлэн уншигч та бүхэнд толилуулан барьж байна.
Энэ бүтээлийг буриад орчуулга биш буриад хөрвүүлэг гэсний учир нь монгол хэл олон аман аялгуутай нэгдмэл нэг хэл тул орчуулах бус буриад аялгуугаар хөрвүүлж байгаа хэрэг гэж үзэв. Харин буриад аялгууг тусдаа хэл гэж үзвэл орчуулах гэж хэлж болох боловч уг чанартаа буриад хэлний үгсийн сангийн бүрдэл, өгүүлэхүйн чанар нь монгол хэл байгаа тул орчуулах гэх нь зохисгүй юм.” гэж доктор, профессор Г.Гантогтох номынхоо оршилд дурджээ.
Тэрээр Монгол ном бичгийн хэл, аман утга зохиолын хэлийг хослуулан бичиж хятад үсгээр галигласан эх бичгээс нь иж бүрэн бүтэн орчуулж, орчин цагийн монгол бичгийн хэлээр 1917 онд хөрвүүлсэн Цэнд гүнгийн орчуулга, орчин цагийн монгол утга зохиолын хэлээр найруулан орчуулсан Ц.Дамдинсүрэн багшийн уран сайхны орчуулга тэргүүтнийг сайтар шинжиж, ном зүйд дурдсан олон галиг эхүүдийг харьцуулан, Ш.Чоймаа, Д.Цэрэнсодном, Д.Пүрэвдорж, Ж.Лувсандорж нарын тайлбартай хөрвүүлэг, сонгомол эх, Өвөр монголын эрдэмтдийн судалгаа шинжилгээний бүтээл туурвилуудад үндэслэн Монголын нууц товчооныг буриад аялгуугаар хөрвүүлжээ.
ХБҮЗ-ийн Ажлын алба