2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр
Өнөөдөр ЮНЕСКО нь олон улсын Эх хэлний өдрийг 19 дэх удаагаа тэмдэглэж байна. Хэлийг хамгаалах, дэмжин сурталчлах үүрэг, амлалтаа эргэн санах өдөр.
Хэл нь зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл төдийгүй, хүн төрөлхтний оршин тогтнохын үндсэн нөхцөл юм. Бидний үнэт зүйлс, бидний итгэл үнэмшил, бидний хэн болохыг тодорхойлдог зүйлс бүгд хэлэнд шингэсэн байдаг. Бид өөрсдийн туршлага, өв соёл, мэдлэгээ хэлээр дамжуулдаг. Хэлний олон янз байдал нь бидний уран сэтгэмж, төсөөлөл, амьдралын хэв маягийн баялгийг гарцаагүй тусгадаг.
ЮНЕСКО нь хүн төрөлхтний биет бус өвийн энэ чухал бүрэлдэхүүн хэсгийг хадгалж, бэхжүүлэхийн төлөө хэлний олон төрөл, олон хэлний боловсролыг хөхиүлэн дэмжих чиглэлээр олон жилийн туршид идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн.
Бидний явуулж буй үйл ажиллагаа сая сая залуусын оюун ухааныг төлөвшүүлэгч эх хэлийг онцгойлон анхаардаг бөгөөд эдгээр залуус эхлээд орон нутгийн түвшинд, дараа нь дэлхийн хэмжээнд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй билээ.
Тиймээс ЮНЕСКО нь эх хэл болон нутгийн уугуул хэлийг хөхиүлэн дэмжиж, тэр дундаа олон хэлтэй орнуудын хэлний бодлогыг дэмждэг. Мөн хүүхдүүд эх хэлээрээ суралцахдаа хамгийн сайн сурдаг учраас хэлийг сургуулийн анхан болон бага ангиас нь эхлэн заахыг зөвлөдөг. Түүнчлэн, олон нийтийн газар болон олон нийтийн цахим сүлжээнд төрөлх эх хэлээ ашиглахыг зөвлөж байна. Хэн ч өөрийн төрөлх хэлээс үл хамааран цахим ертөнцөд буй сурвалжид нэвтрэх, санал бодлоо хуваалцах тавцан буй болгох боломжтой байх ёстой. Өнөөдрийн хэлний эл асуудал нь тогтвортой хөгжлийн сорилтуудын нэг бөгөөд Нэгдсэн үндэстний байгууллагын 2030 хөтөлбөрийн цөм юм.
Хоёр долоо хоног тутам дэлхий дээр нэг хэл устаж байна, хэлтэй хамт бидний түүхийн нэгээхэн хэсэг, соёлын өв мөн устаж байна. Олон хэлийг дэмжих нь түүх, өв соёлоо хадгалан үлдэхэд чухал үүрэгтэй.
Нельсон Мандела гайхамшигтай үг хэлсэн байдаг. Тэрээр “Хэрэв хүнтэй түүний ойлгодог хэлээр ярилцвал, хэлсэн үгс тань түүний оюун ухаанд буудаг, харин түүний төрөлх хэлээр ярилцвал, үгс тань түүний зүрхэнд шууд хүрнэ” гэсэн байна. Олон улсын Эх хэлний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО гишүүн орнуудыг боловсролын болон соёлын санал, санаачилгаар дамжуулан бидний баялгийг бүрдүүлж буй олон хэл, түүний олон янзын аялгууг судлан тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.