“Монгол үсгийн дүрмийн толь” Ц.Дамдинсүрэн, Б.Осор, Уб., 1983 он
Монголчууд кирил бичгийг тун хурдан сурсан гэх бөгөөд ердөө 3-4 жилийн дараа хүн амын 90 орчим хувь нь кирил үсгийн дүрмээ сурч бичих болсон гэсэн дүн гарч байж.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн хурлаар 1941 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монгол хэлний шинэ үсгийг хэрэглэх тогтоол батлагдаж, даруй 1946 онд бүх нийтээр, албан ёсоор кирил бичгийг хэрэглэж эхлэв.
Кирил бичигт шилжсэн даруйд бүх нийтийг төрөл бүрийн гарын авлага болон Шагж, Я.Цэвэл, С.Мөөмөө зэрэг эрдэмтний бусад үсгийн дүрмийн толиор мэдлэг олгож байсан бөгөөд 1983 онд сая Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын албан ёсны монгол үсгийн дүрмийн толийг хэвлүүлэн олон нийтэд түгээжээ.
Тухайн үед “Монгол үсгийн дүрмийн толь” ном 100,000 хувь хэвлэгдэж 6 төгрөгөөр зарагдаж байв.
НЭГ. КИРИЛ ҮСГИЙН ДҮРЭМ ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ?
"...1990 он гараад л үгийг өөрчилсөн юм шиг яриад байгаа юм. Гэтэл энэ эргэлзээтэй үгсийг 1983 онд Ц.Дамдинсүрэн гуай энүүгээр нь явъя гэж тогтоосон байдаг.
Бүр Ю.Цэдэнбал даргыг буугаагүй байх үеийн юм шүү дээ. Дэгдээхий, эрвээхий зэрэг одоо хүмүүсийн маргаан болоод байгаа үгсийг бүр тэгэхэд л шийдсэн юм шүү дээ.
Тэгэхээр тэгж ярьж буй ахмадуудын хувьд 1983 оноос өмнө боловсрол авсан хүмүүс л байгаа байх" гэж Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ энэ ярилцлагынхаа үеэр ярьж байжээ.
Гэвч янз бүрээр бичээд сурчихсан, бичсэн үг нь өөр хэн нэгний бичсэнтэй таарч тохирохгүй тохиолдолд дүрэм өөрчлөгдсөн тухай маргаан байсаар л байна.
Гэхдээ бид өнөөдрийг хүртэл 70 жилийн турш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрэм”-ийг өөрчилж байгаагүй.
Иймд үсгийн дүрмийг өөрчлөгдсөн гэж хэл ам гаргаж суухын оронд бид бүх нийтээр юуны түрүүнд эргэлзэж байгаа үгээ бичихдээ толь хэрэглэж занших нь чухал юм.
Аль 1983 онд гарч, нийтэд түгсэн толийг одоо болтол олж хараагүй эрдэмтэн, судлаач, багш нар бас байх.
Энэ талаар Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны тольд хавсаргасан үсгийн дүрмийг үргэлжлүүлэн мөрдөх тухай Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоолыг 2016 оны 11 дүгээр сард олон нийтэд мэдээлсэн.
Өмнө нь ч үсгийн дүрэмд өөрчлөлт орж байгаагүй. Дүрмийг боловсруулсан зохиогчид цаг үеийн шаардлагаар сайжруулан, толийн ард оруулсан байдаг" гэв.
Дахин хэлье! Бид өнөөдрийг хүртэл Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол хэлний үсгийн дүрмийг мөрдсөөр ирсэн.
ХОЁР. ЖУРАМЛАСАН 700 ҮГИЙН УЧИР
Эргэлзээтэй бичигддэг 622 үгийг 2011 оны 01 дүгээр тогтоолын дагуу нэг мөр болгон журамласан байдаг. Үүнээс 192 нь монгол үг юм.
Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны “Монгол үсгийн дүрэм” толь бичигт өнөөдөр эргэлзээтэй бичигдээд байгаа үгийг нэг мөр болгон заасан байдаг.
"Энэ үгийг ингэж бичдэг, тэр үгийг тэгж бичдэг, анхнаасаа бид ингэж заалгасан" гэж өөр өөрийн зүгээс дүгнэж, марган эх хэлнийхээ дүрмийг голж гоочилж, эрдэмтдээ шүүмжилдэг.
Энэ замбараагүй байдал үүсэж буй гол шалтгаан нь, бид нэг удаа ч болов толь бичиг нээж хараагүй, сөхөж үзээгүйтэй шууд холбоотой.
2016 оны арван нэгдүгээр сар, Кирил бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилсан журамласан толийг дахин гаргах талаар Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас мэдээлэл хийв.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Хэл бичгийн ухааны доктор, профессор М.Баярсайхан “Жишээлбэл, “бүжин” гэх үгийг “бөжин” гэж бичдэг болсон тухай их ярих болж.
Хүмүүсийн дунд хэд хэдэн янзаар бичигдэж ирсэн үгсийг нэг мөр болгож жигдэлсэн. Гэтэл бичлэгийг нь солилоо гэж ойлгоод байна.
Өөрөөр хэлбэл, 1983 онд гарсан Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толь бичигт “бүжин” бус “бөжин” гэж бичихээр тодорхой заасан бий.
Энэ нь үгийн үндсийг харж байж зөвөөр тогтоосон бичлэг” хэмээн тайлбарлаж байсан.
Тэгэхээр бид өөрсдийнхөөрөө дүгнэж, цэгнэхээсээ өмнө юун түрүүнд тунгаан бодож, ялангуяа хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбар, боловсролын байгууллагынхан олон нийтэд зөв мэдээлэл түгээх нь чухал билээ.
“Монгол үсгийн дүрмийн толь” Ц.Дамдинсүрэн, Б.Осор, Уб., 1983 он 46-р тал
ГУРАВ. БИД ХЭЗЭЭ ШИНЭ ТОЛЬТОЙ БОЛОХ ВЭ?
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2016 оны есдүгээр сард Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд зохиосон Монгол үсгийн дүрмийн тольд хавсаргасан Монгол үсгийн дүрмийг дагаж мөрдөхөөр шийдвэрлэж тогтоол гаргасан.
Зөвлөл тус тогтоолын дагуу Монгол хэлний зөв бичих дүрэмд нийцүүлэн журамласан "толь бичиг"-ийг нэмж дэлгэрүүлэн шинээр гаргахаар Ажлын хэсгүүдийг байгуулсан талаар бид мэдээлсэн билээ.
Учир нь 1983 онд хэвлэгдсэн толиос хойш зөв бичгийн журамласан толийг улсаас гаргаж байгаагүй бөгөөд 1983 оны Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толь нь 10,000 гаруй үгийн сантай аж.
Иймээс 1983 оноос хойш монгол хэлний үгийн сан баяжин хөгжиж байгаа тул уг толь нь иргэдийн шаардлагыг бүрэн гүйцэт хангаж чадахгүй байгаа юм.
Энэ ажлын талаар Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлээс тодруулахад “Ажлын хэсгүүд байгуулагдаж, үсгийн дүрмийн журамласан толийг хийж байгаа.
Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл
Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны Монгол үсгийн дүрмийг баримталж байна. Бидний толь хэвлэмэл номоос гадна орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн гар утасны аппликэйшн, цахим толийн сонголттойгоор нийтийн хүртээл болно.
Одоогийн байдлаар толгой үгийн сангаа бүрэн бүрдүүлж дууссан. Ажлын явц 70 хувьтай байна. Бид энэ намар үсгийн дүрмийн журамласан тольтой болно" гэв.
Гол нь бид толь хэрэглэж сурах хэрэгтэй. Толь хэрэглэхгүй, хэн нэгнээс асууж таамгаар бичдэг нь үг буруу бичих шалтгаан болж байгаа гэдгийг тэрбээр онцолж байв.
Г.ЦЭНД-АЮУШ, IKON.MN