“Үндэсний бичиг үсгийн баярын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МонЦаМэ агентлаг, МҮОНТелевиз, Дорноговь аймгийн телевиз хамтран “Монгол хэл, бичгийн бүсийн анхдугаар зөвлөгөөн”-ийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймагт зохион байгууллаа.


.jpg)
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг Монгол хэл, бичгийн бүсийн анхдугаар зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, монгол хэлний хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүн, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, зөвлөлдсөнөөр хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албан хэрэгт монгол хэлний хэм хэмжээг мөрдөх, Салбар зөвлөлүүд сайн туршлагаа солилцоход чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэлээ.
Энэ үеэр монгол хэл, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, хамгаалах, хойч үедээ өвлүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, зарим монгол хэл, бичгийн багш, албан хаагчийг “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдэг, Боловсролын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшуулав.




Бүсийн анхдугаар зөвлөгөөнд Говийн бүсийн аймаг, сумдын Хэлний бодлогын салбар зөвлөлийн төлөөлөл 350 орчим албан хаагч оролцож, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор (Ph.D) Н.Нарангэрэл “Монгол хэлний хөгжлийн чиг хандлага, төрөөс баримталж буй бодлого”, Дорноговь аймгийн Боловсролын газрын дарга М.Энхболд “Дорноговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн үйл ажиллагааны танилцуулга”, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар “Дундговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн үйл ажиллагаа”, Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын дарга А.Зургаанжин “Говьсүмбэр аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн ажлын танилцуулга”, Өмнөговь аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, зөвлөх багш Л.Цэцэгмаа “Өмнөговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн ажлын тайлан туршлага, үр дүн”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын ЭШАА, доктор (Sc.D), дэд профессор Г.Батзаяа “Хэл бичиг - үндэсний үнэт зүйл: Зөв бичих соёл”, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Ганболд “Монгол хэлний зөв найруулж хэрэглэх соёл”, Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ - үнэлгээний газрын дарга Б.Туул “Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, хос бичгийн хэрэглээний өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол хэл, бичгийн бүсийн анхдугаар зөвлөгөөний үр дүнд хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг тусгасан зөвлөмж гарна.










Бүсийн зөвлөгөөний үеэр Соёлын тэргүүний ажилтан, уран бичээч Ц.Бямбажавын “Үлэмжийн чанар” уран бичлэгийн үзэсгэлэн болон “Үндэсний бичиг төрийн албанд” тусгай үзэсгэлэнг дэлгэн, нийтийн хүртээл болголоо.





Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн
Ажлын алба