Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Монгол бичгийн сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа

 

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүмүүн бичиг сонин, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Монгол бичгийн сургалт, зөвлөгөөнийг 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгууллаа.  

Энэхүү сургалт, зөвлөгөөнд Сүхбаатар аймгийн бүх сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, ЕБС, цэцэрлэг, соёлын төвийн захирал, эрхлэгч, Монгол хэл бичгийн багш, сурагчид гээд 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Нээлтийн үеэр Хүмүүн бичиг сонины эрхлэгч Б.Элбэгзаяа хэлсэн үгэндээ “Аймаг орон нутагтаа үндэсний бичиг үсгээ сурталчлах, түүний хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр төр захиргааны зүгээс тусгайлан анхаарч, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэн энэхүү сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаад бид баяртай байна. Хамгийн гол нь зөвлөгөөнийг хийснээр хөдөө орон нутгийн иргэдэд маш том хөрөнгө оруулалт болж үлдэх юм. Яагаад гэвэл Улаанбаатар хотод болж буй сургалт зөвлөгөөнд тэр бүр ийм олон хүн хамруулах боломжгүй байдаг. Тиймээс бид Монгол хэлний тухай хууль болон холбогдох бусад мэдээ мэдээлэл, монгол бичгийн цахим хэрэглээ, бийрийн бичлэгийн сургалт явуулах болно” хэмээлээ.

Монгол Улсын гавьяат багш Ш.Чулуунбор хэлэхдээ “Монгол бичгийн сургалт, зөвлөгөөнийг тусгайлан ингэж зохион  байгуулж байгаа нь Монгол бичгийн талаар Сүхбаатар аймаг анхаарч, багш сурагчдадаа шинэ соргог мэдээлэл өгөх гэж зорьж байгаагийн нэг илрэл юм. Сүхбаатар аймгийн Монгол бичгийн багш нар үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэхийн тулд өөрсдийн хэмжээнд амжилттай ажиллаж байгаа гэж би боддог. Гэхдээ монгол бичгийн заах аргыг сайжруулахын тулд бас анхаарал тавих ёстой. Хүүхдүүдийг сургаж байсан хуучин аргыг өнөө цагт тэр чигээр нь хэрэглэхэд боломж муутай байгаа. Нөгөө талаар сургалтын материаллаг бааз, орчин нөхцөл их өөрчлөгдсөн. Тиймээс нийгмийн энэ цаг үетэй монгол бичгийн сургалтыг тохируулах нь тун чухал” гэлээ. Түүний хувьд ахмад багш бөгөөд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудад өвлүүлэн үлдээхийн тулд өнөө хэр нь зүтгэсээр байгаа гавьяатан юм.

Энэ үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Монгол хэлний тухай хууль болон Зөвлөлийн 2016 онд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сүүлийн гурван жилд үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр багагүй ажил хийж ирсэн. Багш сурагчдын ур чадвар ч жилээс жилд дээшилж байгааг албаны хүмүүс нээлтийн үеэр онцолж байсан юм.

Тодруулбал, 2017 онд Монголын сайхан бичигтэн уралдааны тэргүүн байрыг Сүхбаатар аймгийн Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн сурагч эзэлсэн, Зүүн бүсийн Монгол бичгийн олимпиадад мөн тус сургуулийн багш сурагчид тэргүүлсэн зэрэг амжилтуудыг дурдаж болно. Цаашид аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс ч монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ард иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэхийн тулд тусгайлан анхаарч ажиллана гэдгийг хэлж байлаа.

Монгол бичгийн сургалт, зөвлөгөөнд оролцсон багш сурагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Сургалт, зөвлөгөөний дараа Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны төлөөлөгчид нутгийн удирдлага, аймгийн ЗДТГ-ын төлөөлөлтэй уулзаж, Сүхбаатар аймаг дахь Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа болон монгол хэлний хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа. 

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top