Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Бүхнийг үндэсний монгол бичгээрээ” аяныг зарлаж хаяг бүтээгдэхүүнийхээ нэр, шошгыг монгол бичгээр гаргахыг уриалжээ.
Аян 4 дүгээр сарын 10-наас, 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Завхан аймгийн БШУГ, аймгийн Соёл урлагийн газар, МҮХАҮТ-ын Завхан салбар хамтран зохион байгуулж байна.
Аяны зорилго нь орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Хэлний бодлогын салбар зөвлөлөөс хаяг, бүтээгдэхүүний нэр, шошгыг монгол бичгээр бичихэд нь зөвлөн туслах юм. Аянд байгууллага, аж ахуйн нэгж, хамт олноороо оролцох хүсэлтэй хүмүүсийг бүртгэж, сургалт явуулах юм.
Ташрамд, Завхан аймгийн аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд барилга байгууламж, өрөө тасалгааны хаягаа бүрэн хос бичгээр бичиж эхлэхийг өнгөрсөн жил Хэлний бодлогын салбар зөвлөлөөс уриалж аян өрнүүлж байсан.
Аяны үр дүнд нийт байгууллагын 66 хувь нь гаднах хаягаа монгол болон кирилл үсгээр хаягжуулсан байна. Мөн 1692 өрөө, тасалгааны 773 өрөөг хос бичгээр хаягжуулсан байна.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/341174