Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ҮНДЭСНИЙ БИЧГИЙН МЭДЛЭГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААГ ЭНЭ ОНЫ 4 ДҮГЭЭР САРД УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА

 

Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан.

Хуулийн хэрэгжилтийг хангахаар Монгол Улсын Засгийн газар 2020 оны 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг баталсан.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2024)-ний 3.4 дэх хэсэгт заасны дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран Төрийн албан хаагчдын Үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг 2021 онд анх удаа авч, төрийн 149.100 албан хаагчийг хамруулан, үр дүнг нэгтгэсэн. Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.6 хувь нь Албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн гэсэн бол, 46.4 хувь нь бэлэн бус (сургалтад хамрагдах шаардлагатай) гэсэн дүн гарсан. Улсын дундаж болон бусад аймагтай харьцуулахад Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын 74.7 хувь нь үндэсний бичигт шилжихэд “бэлэн” гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон.

Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын хэрэгжилтийг үнэлж, дүгнэх, цаашид үндэсний бичгийн талаар төрөөс авч, хэрэгжүүлэх бодлого, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулахад шаардлагатай тоо, мэдээллийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн ахицын үнэлгээг нарийвчлан тогтоох зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл хамтран “Төрийн албан хаагчийн Үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа-II”-ыг энэ оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн улс орон даяар зохион байгуулж, судалгааны дүнг 4 сарын 29-нд нэгтгэн, 5 дугаар сард “Үндэсний бичиг үсгийн баяр”-аар нийтэд мэдээлнэ.  

Иймд төрийн албан хаагчид өөрийн ажиллаж байгаа удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу судалгаанд идэвхтэй оролцоно уу.

 

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top