Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил, арга зүйн сургалтад хамрагдан, амжилттай суралцсан багш нарт Батламж гардууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт, Гадаад улсад монгол судлал, түүний дотор монгол хэл бичгийн судлалыг хөгжүүлж, сурталчлан таниулах, тэнд амьдарч байгаа Монголчуудад зориулсан монгол хэлний сургалтыг дэмжиж ажиллахаар заасан.

Энэ хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ХБҮЗ-ийн Гадаад дахь салбар зөвлөл, Гадаад харилцааны яам хамтран гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил, арга зүйн сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл нийт 28 удаа цахим хэлбэрээр зохион байгуулж, хилийн чанад дахь монгол сургууль, цэцэрлэг, соёлын төвд багшилдаг багш нар, монголдоо гадаадын иргэн, гадаад хүүхэд, гадаадад амьдарч байгаад ирсэн монгол хүүхдүүдэд монгол хэл заадаг багш нар, нийт 110 багшийг хамруулан сургалаа.

Монгол хэл заах арга зүй, мэдээлэл өгөх, мэдлэг тэлэх сургалтад идэвхтэй оролцож, амжилттай суралцсан 44 багшид Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гадаад харилцааны яам хамтран Батламж олголоо. Гадаад харилцааны яам, гадаад дахь Элчин сайдын яамдаар уламжлуулан хилийн чанадаас сургалтад хамрагдсан 36 багшийн Батламжийг олгосон бол өнөөдөр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Л.Дашням Улаанбаатар хотоос сургалтад идэвхтэй хамрагдсан 8 багшийн Батламжийг гардууллаа.

Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил, арга зүйн сургалт-2 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн бөгөөд энэ удаагийн сургалтаар музей болон номын сангийн боловсролын үйл ажиллагааг танилцуулах, уг боловсролын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдэд хэл соёл, түүх, өв уламжлалын талаар мэдлэг боловсрол олгох, заах арга зүйн талаар зөвлөгөө өгөх, мэдлэг мэдээллээ хуваалцах зорилгоор зохион байгуулж байна. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлд монгол хэл, бичиг уламжлалт зан заншил, түүх соёлын мэдлэг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор цаашид уг сургалтыг цуврал хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

 

Эх сурвалж: ХБҮЗ-ийн Ажлын алба

Top