Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

МОНГОЛ ХЭЛНИЙ НУТГИЙН АЯЛГУУНЫ СУДАЛГАА ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал 9 дүгээр сарын 15-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхимд боллоо.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд хамтран зохион байгуулагчаар оролцсон бөгөөд хурлыг нээж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Л.Дашням, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал Г.Агиймаа нар үг хэлж, хуралд оролцогчдод амжилт хүслээ.

Хурлын нээлтийн үеэр монгол хэлний үг зүй, үгийн сан, монгол ардын аман зохиол, монгол хэлний нутгийн аялгуу, монгол-япон хэлний харьцуулсан судалгаа хийж монгол хэл судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Японы Осака их сургуулийн профессор Шиотани Шигэки, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвөд судлалын хүрээлэнгийн Хэл бичгийн тасгийн эрхлэгч Сундуева Екатерина, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвөд судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Цыренов Бабасан Доржиевич, Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн багш, профессор Л.Сэцэнбаатар нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал болох “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнасныг хурал зохион байгуулагчид гардуулж өглөө.

“Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Япон, Орос, Хятад, Унгар, Монгол улсын нийт 30-аад эрдэмтэн илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр олон улсын монголч эрдэмтэд болон монгол улсын судлаач эрдэмтэд Монгол хэлний нутгийн аялгуу, салбар аман аялгууны талаарх өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулж, Монгол хэлний нутгийн аялгуу судлалын ололт амжилт, цаашдын зорилтын талаар хэлэлцлээ.

Мөн хурлын үеэр Ж.Төмөрцэрэн “Бүтээлийн чуулган” I, II, III боть номын нээлт болж, Ж.Төмөрцэрэн агсны охин Т.Туул, Үзэмчин судлалыг дэмжих сангийн удирдах зөвлөлийн гишүүн А.Пунсаг, ШУА-ийн ХЗХ-гийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Д.Боролзой нар үг хэлж, “Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэт зочид, монголч эрдэмтэд, хуралд оролцогчдод номын дээжээс өргөн барилаа.

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top