Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоол, Гадаад харилцааны сайдын 2021 оны А/51 дүгээр тушаалаар баталсан “Дэлхийн монголчууд-II” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гадаад харилцааны яам, ХБҮЗ-ийн гадаад дахь салбар зөвлөл хамтран 2022 оны 03 дугаар сараас 2023 оны 7 дугаар сарыг хүртэл нийт 26 удаа Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил, арга зүйн цуврал сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, Гадаад дахь монгол хэлний багш нарын сургалт -д 70 гаруй багш тогтмол хамрагдаж байна.
Тус сургалтад хамрагдаж буй багш нараас музей болон номын сангийн боловсролын хөтөлбөртэй танилцах хүсэлт ирүүлсэн учраас 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гадаад харилцааны яам Улаанбаатар хотын Музей, номын сангийн боловсролын ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтад ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Д.Булган, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Л.Дашням, ХБҮЗ-ийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл болон нийт 12 музей, номын сангийн төлөөлөл оролцлоо.
Уулзалтыг нээж ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Д.Булган, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Л.Дашням нар үг хэлэхдээ, гадаад дахь монголчуудын эх хэл, соёлын боловсрол нь Монгол Улсад амьдарч буй монголчуудаас ялгаагүй чухлыг онцлоод, гадаад дахь монголчууддаа эх хэл, соёлын боловсрол олгоход музей, номын сангуудыг дэмжиж ажиллахыг уриаллаа.
Уулзалтын үеэр номын сан, музейн боловсролын ажилтнууд өөрсдийн байгууллагын боловсролын хөтөлбөрийн онцлогийг гадаад дахь монголчуудад хэрхэн таниулан хэрэгжүүлж болох талаар саналаа хэлж, гадаад дахь монгол хүүхдүүдэд эх хэл соёл, түүх, өв уламжлалын талаар мэдлэг боловсрол олгох, таниулах ажлыг дэмжин, сургалтад хамтрагдаж буй багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдлэг мэдээллээ хуваалцаж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
ХБҮЗ-ийн Ажлын алба