Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XII ИХ ХУРАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал Төрийн ордонд нээлтээ хийлээ.

Тус хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ анх 1959 онд зохион байгуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурлаас үүдэлтэй энэхүү их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал зэрэг түүх нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар өнөөдөр XII их хурлаа хийж байгаа болохыг онцоллоо. Түүнчлэн энэ удаагийн Монголч эрдэмтний их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач оролцож, монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг, утга зохиол, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан хэлэлцүүлэхээр хуран чуулж байна. Монгол судлал дэлхий дахинаа эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай үнэн бодит мэдлэг мэдээлэл хүн төрөлхтний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл улам бүр өсөн бэхжиж байна гэлээ.

Ерөнхийлөгч цааш хэлэхдээ өнгөрсөн жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиосон бөгөөд энэ хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, “Чингис хаан”-ы музей ашиглалтад орсон. Тус хурлын оролцогчид Монгол Улсын төрийн тэргүүний санаачилгыг дэмжин, Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулсан нь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалд чухал алхам болсон гээд нэгэн цагт Монголын эзэнт гүрний алтан аргамж болсон элч нар хүлэг морины хурдаар дэлхий дахинд Монголын их амар амгаланг зарлан тунхаглаж байсан бол энэ цаг үед эрдэмтэн мэргэд Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулах эрдэм судлалын элч болж байгааг тэмдэглээд энэ удаагийн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв. 

Үүний дараа Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Монгол бол монгол туургатны гал голомтыг сахин суугаа бахархам түүх, баялаг өв соёлтой улс. Тийм ч учраас өнөөгийн даяаршлын эрин үед Монгол Улс нийт монгол туургатан төдийгүй хүн төрөлхтний өмнө өөрийн түүх, хэл, соёлын өвөрмөц өнгө төрх, давтагдашгүй хэв маягаа хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах үүрэг хүлээсэн юм. Таван жил тутам зохион байгуулагддаг Олон улсын монголч эрдэмтний их хурал нь дэлхийн монгол судлаач эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ үр дүнг эрдэмтэн мэргэддээ тайлагнаж, номын садан нөхөдтэйгөө учран золгодог их хуралдай билээ. Монгол Улсыг, монголчуудыг судлагдахуунаа болгосон монгол судлал нь Монгол Улс, монгол үндэстний оршихуйтай шууд холбоотой амин чухал салбар ухаан учраас Монголын төрийн анхаарлын төвд байх учиртай. Тиймээс нэгэнт уламжлал болон тогтсон монголч эрдэмтний их хурлыг амжилттай зохион байгуулахад Монголын төр засаг онцгой анхаарч, хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлсээр ирсэн юм.

Зөвхөн их хурал ч бус, Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг бүхий л салбарын судалгааг явуулах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд Монголын төрөөс тодорхой бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлж ирсэн. Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг баталж, Монгол судлалыг дэмжих сан, Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулж, Монгол судлалыг нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Дээрх хүчин чармайлтын үр дүнд Монгол судлалын бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагаа нэгдмэл зохион байгуулалттай болж, тус салбар өргөжин хөгжих суурь тавигдсан. Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, Төв ази, Евроази, Дотоод ази зэрэг судлагдахууны хүрээнд хавсарга судалгааны эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар үйл ажиллагаа эрхэлж байна. 2022 оны 7 дугаар сард ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр миний бие “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” олон боть бүтээлийг олон орны эрдэмтэн түүхчид хамтран туурвих талаар санал бодлоо солилцсон бөгөөд энэ талаар мөн Францын Парис хотод зохион байгуулагдсан олон улсын хуралд тус хөтөлбөрийн үзэл баримтлалыг танилцуулсан энэ бүх хүчин чармайлтаар ЮНЕСКО-гоос тус төсөл хөтөлбөрийн талаар нааштай хариу ирүүлснийг та бүхэнд сонордуулахад таатай байна.

Цаашид монголч эрдэмтдийг гадагш алдах урсгал буюу “brain drain”-ыг сааруулж, “brain gain” болгон хувиргах, гадаадад буй эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг буй болгох болно. Гадаад улсын түүхийн сурах бичиг дэх Монголын түүх, соёлын талаарх өрөөсгөл үзэл ойлголт, алдаж ташаарсан хэсгийг засаж залруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буй агаад энэ үйл хэрэгт идэвх зүтгэл гарган хамтран ажиллахыг гадаадын түүхч эрдэмтэн та бүхэнд хандан уриалж байна. Монголч эрдэмтний их хурал зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс олон улсын залуу монгол судлаачдын зуны сургуулийг зохион байгуулж, тус сургуульд гадаадын 30 шахам судлаач оролцож байгаа явдал бол дэлхийн Монгол судлалын ирээдүй гэрэлтэй, залгамж халаа нь бэлтгэгдэж байгааг тод харуулж байгаа хэрэг юм. Цаашид ч Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүждэг залуу монгол судлаачдад зориулсан сургалт, ахисан төвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг буй болгож, олон улс дамнасан залуу судлаачдын сүлжээ, хамтын нийгэмлэгийг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна” гэв.

“Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болж буй энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж буй. Тус хурал нь "Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд", "Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе", "Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз", "Монголын гадаад ертөнц ба харилцаа", "Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл" зэрэг салбар хуралдаанаас бүрдэнэ. Мөн АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцар, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны эрдэмтдийн илтгэлийг хэлэлцэх юм. Түүнчлэн энэ удаагийн их хурлаар монгол судлалын залуу үеийг дэмжихэд чиглэсэн ажлыг зохион байгуулна. Энэ хүрээндээ "Залуу монгол судлаач" дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, судлаачдад илтгэлээ хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлжээ. 

Их хурал энэ сарын 9-14-ний өдрүүдэд үргэлжилнэ.

 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/324523

Top