Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5-р сарын эхний 7 хоногийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд 20 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Монгол бичигтэн-2025” үзэсгэлэнг 2023 оны 5 дугаар сарын 2-3-ны өдөр Чингис хаан үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар хамтран “Монгол бичигтэн-2025” үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг бодитоор дэглэн үзүүлснээрээ онцлогтой боллоо.
Үзэсгэлэнгийн нээлт 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 11:40 цагт болж, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, МУ-ийн Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир зэрэг албаны хүмүүс, мөн Шинжлэх ухаан, соёл, урлаг, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, багш нар оролцлоо.
Үзэсгэлэнд Монголчууд үндэсний бичгээ сэргээн хэрэглэж ирсэн тухай түүхэн товчоон, төрөөс монгол хэл, бичгийн талаар баримталж буй бодлого үйл ажиллагаа, түүний хэрэгжилт, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд батлагдсан стандарт, түүний хэрэгжилт, Хэнтий, Говь-Алтай аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн сурагчдын уран бичлэгийн үзэсгэлэн, Монгол хэл, бичгийн эрдэмтдийн хөрөг зургийн үзэсгэлэн зэрэг 300 гаруй үзмэр дэлгэн толилууллаа.
ХБҮЗ-ийн Ажлын алба