Гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага стандартын хэрэгжилтийг хангах, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Талууд Монгол хэлний тухай, Хаягжуулалтын тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага MNS 5283:2022 стандартын хэрэгжилтийг хангах чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь бодлогын түвшинд чиглэл, зөвлөмж өгч ажиллах бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хамтын ажиллагааны хүрээнд гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаягийн тэмдэгт болон олон нийтэд зориулсан зар, ил задгай байрлуулсан сурталчилгааны самбарын мэдээлэл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хаяг, шошго нь Монгол хэлний тухай хууль, тогтоомж болон холбогдох стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж, хэрэгжилтийг хангуулж байгууллага иргэдэд зөвлөмж, чиглэл өгч ажиллах юм.