Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“MNS 6395:2022, МОНГОЛ БИЧГЭЭР ҮЙЛДЭХ БАРИМТ БИЧГИЙН ХЭВЛЭМЭЛ ХУУДАС, ТҮҮНИЙ БҮРДЭЛД ТАВИХ ҮНДСЭН ШААРДЛАГА” СТАНДАРТ БАТЛАГДЛАА

 

Архивын ерөнхий газрын даргын 2021 оны А/31 дүгээр тушаалаар “Монгол бичгээр үйлдэх зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт боловсруулах” ажлын хэсэг байгуулсан.

Уг ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын зорилт болон “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III”-ийн хүрээнд холбогдох хууль журам, MNS 5140-1,2,3:2021 стандартад нийцүүлэн “MNS 6395:2022 Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандартыг боловсрууллаа.

Уг стандартаар монгол бичгээр үйлдэх захирамжлалын баримт бичиг буюу зарлиг, тогтоол, захирамж, тушаал, шийдвэр, албан даалгавар, албан шаардлага; зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичиг буюу албан бичиг, улсын байцаагчийн акт, дүгнэлт, хурлын тэмдэглэл, тодорхойлолт зэрэг 12 нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байх бүрдлийг тодорхойлж, тэдгээрийг байрлуулах зай хэмжээ, байрлал, баримт бичгийн хэлбэр (хөндлөн) болон монгол бичгийн үсгийн фонт, хэмжээ, бичвэрийн мөр хоорондын зай зэрэг баримт бичиг зохион бүрдүүлэхэд тавих шаардлагыг тогтоосон.

Уг стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Баримт бичгийн стандартчиллын техникийн хороо хэлэлцэж Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн С/13 тоот тушаалаар баталсан. Энэ стандарт батлагдсанаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах нөхцөл бүрдэнэ. 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Төрийн байгууллагууд туршиж эхэлнэ.

 

Top