Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Ардын уран зохиолч Т.Галсангийн 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болов

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсангийн 90 насны ойд зориулсан, эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатарын их сургууль зохион байгууллаа.

"Өөрсдөө даалимба хөдөс өмсдөг

Үр ачаа нэхийд өлгийддөг

Номыг харин торгоор баринтагладаг

Монгол түмний минь заншил гайхамшиг" хэмээн шүлэглэсэн тэрбээр 1932 онд Цэцэрлэг мандлын аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадынд мэндэлжээ.

Өдгөө тохиож буй 90 насных нь ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр түүний монгол хэлний үгийн сан болон хэлцийг баяжуулах, нэмэн тайлбарлахад үнэтэй хувь нэмэр оруулсныг судлаачид тодотгож байлаа.

Монголын Үндэсний номын сангийн архивд түүний бичсэн бие даасан ном 51, ариутган шүүсэн 29 бүтээл, тогтмол хэвлэлд нийтэлсэн 61, ном товхимолд нийтэлсэн 47 зохиол бүтээл байдаг бөгөөд "Монголын уран зохиолын дээжис” 108 ботид 129 яруу найраг, гурван дурсамж найруулал нь оржээ.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл тус хурлын үеэр хэлэлцүүлсэн “Өв соёл, хэл бичиг юүгээн өмөглөн хамгаалагч” сэдэвт илтгэлдээ, “Тэрбээр 2000 онд “Мэдэхгүй хангал үг Мэдүүштэй монгол үг” гэдэг бүтээл гаргасан. Энэхүү бүтээлд монгол хэлний үгийн сангийн утгын тайлбарыг баяжуулсан нь багш, судлаач эцэг эхчүүдэд нэн чухал сургалтын хэрэглэгдэхүүн болжээ" гэж дүгнээд жишээлбэл, “Хамгийн энгийн юм шиг атлаа хүний сууж байгаа намба төрх нь эзнийхээ сайн муу, ил далд, эрүүл өвчтэй олон шинжийг бусдад “үнэгүй” хэлж өгдөг аж. Ахмад нь завилах, дүүмэд нь цомцойх, гэм зэмтэн нь мөргөн сөгдөх, зүдүү турхруу нь юм налан суух гэх мэтчилэн өөрийн нас сүүдэр, зэрэг дэв, ах захын ёс, аргагүй гачаалд нийцүүлэн таацуулан суухыг зөв суух гэнэ” гээд энэ төрлийн 26  нэршлийг тайлбарласан”-ыг дурдав.

Эрдэм шинжилгээний хуралд монгол хэл, үндэсний бичиг, хэл шинжлэл, утга зохиол, түүх, угсаатны зүй, тууль, яруу найраг судлаач сонирхогчид оролцсон юм.

 

Эх сурвалж: montsame.mn

Top